Багануур дүүргийн ЗДТГ эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах бодлогынхоо хүрээнд Эрүүл мэндийн нэгдэлдээ шинэ үйлчилгээ нэвтрүүлжээ. Энэ нь өвчтөн өрөөнд байрлуулсан хонхыг дарж, сувилагч дуудан эрүүл мэндийн тусламж авах үйлчилгээ аж. Нэгдлийн Дотор, мэдрэлийн тасгийг хонхтой болгожээ. Өдөр, шөнийн ээлжийн хоёр сувилагч 58 өвчтөнд тусламж, үйлчилгээ үзүүлдэг нь ачаалалтай үед өвчтөн бүрт хүрч үйлчлэх боломж хомс болдог тул уг тасагт ийм үйлчилгээ нэвтрүүлсэн байна. Сувилагч дуудах хонхыг тасаг бүрт болон ариун цэврийн өрөөнөөс эхлээд шаардлагатай бүх газарт байрлуулжээ. Аль өрөөнөөс дуудлага ирж байгаа нь сувилагчийн постын өмнөх дэлгэцэнд харагдах аж.
Дуудлагын хонхны үйлчилгээг улсын хэмжээнд гурав дахь шатлалын томоохон эмнэлэгүүд нэвтрүүлсэн байдаг. Дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн тусламж, үйлчилгээг сайжруулах зорилготой уг ажлыг хэрэгжүүлэхэд дүүргийн Засаг дарга нөөц хөрөнгөөсөө туслалцаа үзүүлсэн байна.