Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар нь Цахим засаг үндэсний хөтөлбөр, Шинэчлэлийн Засгийн газрын Төрийн түгжрэлгүй үйлчилгээ зорилтыг хэрэгжүүлэхээр БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны Койка байгууллагын буцалтгүй тусламжаар Э-иммигрэйшн төслийн хүрээнд цахим гарц буюу автомат шалган нэвтрүүлэх төхөөрөмжийг үйлчилгээндээ нэвтрүүллээ.
Энэхүү цахим гарц ашиглалтад орсноор хилийн боомтоор нэвтэрч буй зорчигчийн бүртгэл хяналтын үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, шалган нэвтрүүлэх ажиллагааг хялбарчлах замаар иргэдэд төрийн үйлчилгээг илүү шуурхай хүргэх боломж бүрдэж байна.
Цахим гарцаар Монгол Улсад орох, гарах эрхийн хүчин төгөлдөр баримт бичиг бүхий Монгол Улсын болон гадаад улсын иргэнийг биеийн давхцахгүй өгөгдөл (хурууны хээ, нүүрний зураг)-ийн тоон мэдээллийг ашиглан улсын хил нэвтрүүлэх юм. Зорчигч нь өөрийн хурууны хээ, цээж зураг, гадаад паспорт, иргэний үнэмлэх эсвэл оршин суух үнэмлэхний мэдээллийг урьдчилан бүртгүүлж уг гарцаар үйлчлүүлэх эрхтэй болно.
Бүртгэлд хамрагдаж цахим гарцаар үйлчлүүлэх эрхтэй болсон зорчигч нь Монгол Улсын хилээр нэвтрэх үедээ дунджаар 14-18 секундыг хилийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагаанд зарцуулах бөгөөд Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал дахь Буянт-Ухаа боомтын гарах, орох чиглэлд тус бүр хоёр цахим гарцын төхөөрөмж сууриллуулсан байна.
Хурууны хээний тоон хэлбэрт шилжсэн мэдээллийг өөр зориулалтаар ашиглах боломжгүй бөгөөд мэдээллийн санд тухайн зорчигчийн хурууны хээний зурган мэдээлэл хадгалагддаггүй тул аюулгүй байдал бүрэн хангагдсан.