Үхлийн аюултай эбола вирус ганцхан Баруун Африкийн орнуудын асуудал биш болж, халдвар авсан, тус вирусын улмаас амиа алдсан тохиолдлууд Европ, Америкт бүртгэгдээд байна. Энэ өвчин Ази тивийн орнуудад ч орж ирэхийг үгүйсгэхгүй байгаа аж. Дэлхий нийтийг айдаст автуулж буй уг өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд Сингапурын Чанги олон улсын нисэх онгоцны буудал аравдугаар сарын 14-нөөс буюу өчигдрөөс эхлэн үйлчүүлэгч, зорчигчиддоо эбола вирусын үзлэг хийхээр болсныг мэдээллээ.
Онгоцны буудалд зорчигчдын эрүүл мэндийг хянах төхөөрөмж байрлуулсан байна. Гвиней, Конго, Либери зэрэг Баруун Африкийн орнуудаас ирсэн зорчигчдыг хамгийн түрүүнд эрүүл мэндийн үзлэг хийх тусгай лаборатори руу илгээх аж. Үүнээс гадна зорчигчид Сингапурт байх хугацаандаа оршин суух хаяг, холбоо барих утсаа үлдээх шаардлагатай юм байна.
Сингапурын Чанги онгоцны буудал нь Зүүн Өмнөд Азийн хамгийн том онгоцны буудлуудын нэг юм. Үүнтэй адил арга хэмжээг АНУ, Их Британийн онгоцны буудлууд бас авч байгаа юм. Тухайлбал, Лондоны Хитроу нисэх буудал өчигдрөөс эхлэн эбола тахалд хяналт болсон. Африкийн эрсдэлтэй орноос ирж буй зорчигчдын халууныг шалгаж, анкет бөглүүлэх ажээ. Гатвик нисэх буудал болон Евростар галт тэрэг ирдэг Сент-Панкрас буудалд мөн ийм хяналт тавих юм. Хэд хоногийн өмнөөс АНУ-ын таван том нисэх буудалд эбола вирусын хяналт тавьж эхэлсэн билээ.