“Дэлхийн хүнсний өдөр”-ийг тохиолдуулан ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Бүтээгдэхүүн судлал, хяналт үнэлгээний тэнхимээс “Хүнсний хорогдол, хаягдлыг багасгах нь” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурал болон бүтээгдэхүүний үзэсгэлэн зохион байгууллаа. Тус арга хэмжээг дэмжиж НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар болон “Хүнсний хорогдол хаягдлыг багасгах нь” аяны хамт олон хамтран оролцсон юм. Бага хуралд ХААИС-ийн бүрэлдэхүүн таван сургуулийн 18 оюутан “Монгол Улсын хүнсний хаягдлын өнөөгийн байдал”, “Хаягдал ургамлын тосноос биодизель гарган авах нь”, “Шийгуаны хальсаар чанамал хийх боломжийг судалсан нь” зэрэг сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүллээ. Бүтээгдэхүүний үзэсгэлэнд ХААИС-ийн хүнсний чиглэлээр сургалт явуулдаг тэнхимүүд оролцож, өрхийн болоод үйлдвэрлэлийн түвшинд хүнс үйлдвэрлэхэд гарч байгаа хаягдал болон дайвар бүтээгдэхүүнийг хэрхэн боловсруулах технологийн аргачлалыг заахын зэрэгцээ оюутнууд өөрсдийн хийсэн хүнсний бүтээгдэхүүнээ танилцуулав. Тухайлбал, шар сүүгээр хийсэн төрөл бүрийн бүтээгдэхүүнүүд, тарвасны хальсаар хийсэн чанамал, шингэн сүүний бяслагаар уурагжуулсан хайлмаг зэрэг бүтээгдэхүүн байсан юм.
ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Бүтээгдэхүүн судлал, хяналт үнэлгээний тэнхимийн эрхлэгч, доктор М.Нарангэрэл “Маш хурдацтай өсөн нэмэгдэж байгаа хүн амыг аюулгүй, чанартай хүнсээр хангах асуудал дэлхий нийтийн өмнө тулгамдаж байна. Үүнтэй холбогдон хүнсний нөөцийн асуудал хурцаар тавигдаж байна. Өнөөдрийн энэ арга хэмжээ маань судлаач, оюутнуудад хүнсний нөөц гэдэг маш чухал юм байна гэдгийг ойлгох, ингэснээр хүнсний хорогдол, хаягдлыг багасгах, энэ чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийх сэдэл төрүүлэх зорилготойгоороо чухал ач холбогдолтой юм” гэлээ.