Дорноговь аймаг Японы Шизүока муж хамтран ажиллах гэрээ байгуулаад гурван жил болжээ. Гэрээний хүрээнд “Дорноговь аймгийн хүүхдүүд Японд” сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлдэг аж. Энэ дагуу 1000 сурагч Японд аялна. Өнөөдрийн байдлаар 103 сурагч, зургаан багш аялаад ирсэн. Өчигдөр 50 сурагч, таван багш долоо хоног аялахаар явлаа. Энэ талаар тус аймгийн ЗДТГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга С.Сайнзаяагаас тодруулахад “Сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдах сурагчийг сонгон шалгаруулах журам гэж бий. Энэ дагуу сургуулиуд шилдэг хүүхдүүдийнхээ тодорхойлолтыг аймгийн Боловсролын газарт ирүүлдэг. Тэндээс хүүхдүүдийг сонгон шалгаруулдаг. Мэдээж, олон улс болон улс, нийслэл, аймгийн олимпиадад амжилт гаргасан болон авьяас, сурлага, спорт гээд бүх төрлийн чадварыг нь харгалздаг. Сүүлийн хоёр жил Шизүока, Монголын найрамдлын нийгэмлэг манай хүүхдүүдэд япон хэл зааж, 130 гаруй хүүхэд анхан шатны мэдлэгтэй болсон. Мөн энэ жилээс V сургуульд япон хэлний гүнзгийрүүлсэн сургалттай анги нээсэн” гэв.