Энэ жилээс эхлэн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд анх удаа багшлах гэж байгаа болон гурван жил мэргэжлээрээ ажиллаагүй хүмүүсээс багшлах эрхийн шалгалтыг жилд хоёр удаа авахаар болсон. Тус шалгалтад тэнцээгүй хүн багшлах эрхгүй. Шалгалтыг наймдугаар сарын 10, 20-нд авсан. Эхний шалгалтыг 3984 хүн өгснөөс дөнгөж 442 нь тэнцсэн бол хоёр дахь шалгалтад 4117 хүн хамрагдсанаас 1425 нь босго давжээ. Хоёр дахь шалгалтыг өгсөн хүмүүсийн 3300 нь эхний шалгалтад орсон байсан юм. Тэгвэл ирэх сарын 3-нд багшлах эрхийн шалгалтыг дахин авах гэж байна. Энэ талаар Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн Цахим сургалтын албаны дарга П.Зохихсүрэнгээс тодруулахад “Багшлах эрхийн хоёр удаагийн шалгалтыг наймдугаар сард зохион байгуулсан. Хичээлийн шинэ жил эхлээгүй байсан болохоор мэдээллээс хоцорсон, шалгалтад орж амжаагүй гэсэн хүн олон байгаа учраас дахин шалгалт авах хүсэлт манайд тавьсан. Иймээс шалгалтыг дахин авахаар боллоо. Бүртгэл энэ сарын 25 хүртэл үргэлжилнэ. Одоогийн байдлаар 20 орчим хүн бүртгүүлээд байна” гэв.