Нийслэлийн Өмчийн харилцааны газрын үйл ажиллагааг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар шалгажээ. Уг шалгалтыг түүврийн аргаар явуулсан ч багагүй зөрчил илэрсэн байна. Нийслэлд хамгийн их маргаан дагуулдаг асуудлын нэг нь газар олголт. Жирийн иргэнд бус томоохон аж ахуйн нэгж, эрх бүхий хүмүүст зориулалтын бус газрыг хууль бусаар олгосноос тэнд нь барьж буй барилга, байгууламжид хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдан, осол гарсан нь цөөнгүй. Шалгалтаар Өмчийн харилцааны газрын дотоод хяналт тааруу, хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар газар олгож хэвшээгүй, гэрчилгээний хугацаа сунгах, бусдад шилжүүлэх хүсэлт гаргасан хүний материалыг бүрэн аваагүй, хүсэлтийг хугацаанд нь шийдвэрлэдэггүй байжээ. Үүнээс гадна үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар газар авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулж, гэрчилгээ олгохдоо байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн, эсэхийг харгалзахгүй, газрын мэдээллийн санд ямар хүн, ямар захирамж тушаал, захирамжийн дагуу бүртгэсэн нь тодорхойгүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна. Эдгээрийг арилгуулахаар нийслэлийн Өмчийн харилцааны газар болон Сонгинохайрхан, Сүхбаатар, Багануур, Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд албан шаардлага өгчээ.