“Эбола” вирус тархаж эхэлснээс хойш долоо сарын дараах байдлаар, өвчтөнүүдийг хэвтүүлж эмчлэх эмнэлэг дутагдалтай байгаагийн улмаас Баруун Африк хямралын байдалтай байна.
Энэ оны гуравдугаар сард “Эбола”-гийн халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш Гвиней, Сьерра-Леон болон Либерид уг өвчнөөр нас барагсдын тоо 4500 давлаа.
Сьерра-Леоны зүүн хилээс баруун нутаг хүртэл нийслэл Фритаун хот орчимд “Эбола” тархсан ажээ. Өдөрт 20 гаруй хүн “Эбола”-гаар нас барж байна.
Цогцсыг устгаж, булах ажил саатаж байгаагийн улмаас энэ өвчний тархалт улам газар авч болзошгүй гэсэн айдас нэмэгдэж байна.
Тариаланчид “Эбола”-гаар нас барж, хүмүүсийн хөл хөдөлгөөнийг хязгаарлаж байгаагийн улмаас газар тариалангийн бүс нутаг эзгүйрсээр байгаа аж. Энэ нь хүнсний нөөцөд ноцтой сөргөөр нөлөөлж байгаа юм.
Дэлхийн хүнсний хөтөлбөр Баруун Африкийн энэ гурван улсын нэг сая гаруй хүнд тусламж үзүүлэхээр төлөвлөж байгаа ч тус байгууллагад хангалттай санхүүжилт байхгүй байгаа ажээ.