Элстэй чулуурхаг нүцгэн уулс, толгод, Алтайн бүс, Өмнөговь, Алтайн өвөр говь, Хөвсгөл аймгийн нутгаар нутагладаг нэн ховор амьтан бол аргаль юм.
Тархацын хувьд Монгол орны 15 аймгийн 110 сумын нутгийг хамран амьдардаг. Аргалийг устах аюул нүүрлэсэн амьтдын тоонд оруулдаг бөгөөд агнахыг хориглосон дархан цаазтай амьтан билээ. Биеийн жин нь ойролцоогоор 200 килограмм, өндөр нь цээжин биеэрээ 120 см аж. Мөн аргаль нь маш соргог, хараа хурц, үнэр сайн мэдэрдэгийн улмаас их дайжимтгай. Нэг л удаа үргэвэл 40-60 километр зогсолтгүй явж нуруунаас нуруунд гарч байж тогтдог бөгөөд зарим тохиолдолд 200-300 километр хүртэл дайждаг аж. Мөн аргаль нар үздэггүй амьтан бөгөөд өглөө нар тусангуут сүүдэр дагж идээшлэх юм уу нар тусахгүй ангал жалганд хэвтдэг байна.
Аргаль ихэвчлэн нэг хурга гаргах ба зарим тохиолдолд ихэрлэнэ. Үр төлөө араатнаас хамгаалахын тулд эх аргаль байнга сонор сэрэмжтэй байж өдөржин манаанд гарч, нуугдах аргыг үр төлдөө зааж, аюул ойртоод ирвэл өөрөө аюулыг сөрөн явдаг аж.
Увс нуурын ай савын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаанаас Цагаан шувуут уулын дархан цаазат газар, Цагаан гол орчмын газар, Мандахын аараг, Хүрмийн нуруу зэрэг газруудад аргалийн тооллого хийсэн байна. Энэ газруудад нийт 1541 аргаль тоологджээ. Энэ нь аргаль хонины өссөн үзүүлэлт юм. Тус нутагт өнгөрөгч 2012 онд 1046 аргаль тоологдож байжээ.