Жил бүрийн энэ өдрийг “Дэлхийн нугасны ивэрхий, тархины усжилт”-ын өдөр болгон тэмдэглэдэг билээ. Эл өдрийг Монгол улс хоёр дахь жилээ тэмдэглэн өнгөрөөж байна. Энэ жил Монголын нугасны ивэрхийн “Марал-Элч” сангаас нугасны ивэрхийтэй хүүхдүүд оролцсон "Бид хөгжилдөх дуртай" өдөрлөгийг зохиосон юм. Уг өдөрлөгт хүүхдийн эрхийн байгууллагууд, ивээн тэтгэгчид хандивлагчид, эцэг эхчүүд болон хүүхдүүд оролцсон байна.
Нугасны ивэрхий нь үр хөврөлийн үед мэдрэлийн гуурс гүйцэд хөгжөөгүйтэй холбоотой үүсдэг нугалам, ясны төрөлхийн дутуу хөгжил юм. Үүний улмаас төв мэдрэлийн тогтолцооны төрөлхийн гаж хөгжлийн эмгэг үүсдэг байна.
Манай улсад 1000 амьд төрөлтөд 0,01 хувь тохиолддог бөгөөд 50 хувь нь хүндэрдэг ажээ. Түүнчлэн 90 хувь нь амьдралын эхний жилд нас бардаг гэнэ. Насны ангилалаар авч үзвэл 0-10 насанд 84,6 хувь, 11-20 насанд 15,4 хувь тохиолдож байгаа юм байна.
Үүний гол эмчилгээ нь мэс заслын эмчилгээ байдаг бөгөөд ховор эмгэг боловч эрт оношлогдсон тохиолдолд эмчилгээний үр дүн сайтай нийгмийн олон салбарын хамтын ажиллагаа шаардсан эмгэг юм.