Монголын залуучуудын холбоо нийслэлийн Багахангай дүүргийг жишиг дүүрэг болгох, залуучуудыг нь хөгжүүлэх, идэвхижүүлэх, оролцоотой болгох олон ажлыг долоо хоног бүр зохион байгуулж буй аж. Одоогоор уг дүүрэгт таван долоо хоног ажиллан, 600 гаруй залуучуудыг нэгтгэж чадсан төдийгүй дүүргийн залуучуудын идэвхи санаачилга тэр хэрээрээ нэмэгдэж, цаашид хийх олон ажлынхаа төлөвлөгөөг гаргаад байгаа аж. Энэ сарын 24-нд Багахангай дүүргийн соёлын ордонд Төрийн албан хаагчид, хувийн хэвшилд ажилладаг хүмүүс мөн багш нарт зориулсан “Цагийн менежмент” сургалт зохион байгуулсан байна. Мөн “Хангай” цогцолбор сургуулийн ахлах ангийхантай хамтран аяллын клуб байгуулан, зөвлөгөө лекц уншсан юм. Дүүргийн залуучууд тус холбооноос зохион байгуулж буй ажилд идэвхитэй оролцож, цаашид хүрээгээ тэлж, дүүргээрээ нэгдэхийг уриалж, цаашид дахин сургалт явуулах хүсэлтээ илэрхийлжээ. Энэ удаагийн сургалтын сургагч багшаар Монголын залуучуудын холбооны дэргэдэх “Полиси” төвийн лектор багш Н.Ангарагбаяр ажиллажээ. Ирэх сарын 1-нд Монголын залуучуудын холбоо “Спортлог Багахангай” дүүрэг өдөрлөг зохион байгуулж, арваннэгдүгээр сарыг “16 настнуудын сар” болгон зарласан үйл ажиллагааны нээлтээ тус дүүрэгт хийх болсон байна.