Шизофрени нь ихэвчлэн өсвөр үе болон залуу хүмүүсийг хамардаг бөгөөд дэлхийн хэмжээнд одоогийн байдлаар 26 сая хүн өвчлөөд байгаа юм байна. Харин энэхүү эмгэг нь оношлогдохоосоо өмнө урьдал үеийн шинж тэмдэг хэдэн жилийн турш илэрсэн байдаг байна. Эрдэмтэд сүүлийн жилүүдэд шезофрени эмгэгийн урьдал үе дээр анхаарлаа хандуулж эхэлсэн байна. Тус эмгэгийн урьдал үед оношлон эмчилвэл удаан хугацааны сайжирлын байдал өндөр хувьтай байдаг юм. Өнөө үед дэлхийн олон оронд шизофрен өвчний урьдал үеийн шинж тэмдэг илэрч буй хүмүүсийг эрт оношлож, эмчилгээнд хамруулж байгааг Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд онцолж байлаа.
Уг өвчний эхлэл үед шинж тэмдэг нь тогтвортой бус илэрдэг байна. Тэдний гэр бүлийн хүмүүс ихэнхдээ зан төрхийн өөрчлөлтийг анзаардаг ба эдгээр нь уг өвчний эхлэл үеийн шинж тэмдэг байдаг байна.
Илрэх шинж тэмдэг:
-Нийгмийн харилцаанаас зайлсхийх (найз нөхөд, гэр бүлийхэнтэйгээ уулзахаас зайлсхийх, хийх дуртай зүйлсээсээ татгалзах)
-Ажил болон сургууль дээрээ асуудалд өртөх, аливааг сэтгэн бодох, төвлөрөх чадвар буурах
-Идэвхи сонирхол буурах
-Нойрны хямрал (хэт их нойрмог болох нойргүйдэх)
-Нийгмийн эсрэг, хэвийн бус зан авир гаргах
-Утгын авцалдаагүй үг хэллэг хэрэглэх
-Энгийн бус бодол санаа, зан төрхийн өөрчлөлт илрэх
-Хий зүйлс сонсох, харах, бодит бус хэн нэгэнтэй ярих, шалтгаангүй инээх
-Гэнэт ямар нэгэн шашинг бишрэн шүтэх, бэлгийн хэт идэвхтэй амьдралтай болох
-Согтууруулах ундаа, хар тамхи хэрэглэх
-Өөртөө арчаагүй болох зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.
Хэрвээ ийм шинж тэмдгүүд илэрвэл яг одоо эмчид хандах шаардлагатай юм байна. Ийм эмгэгтэй хүмүүсийг урьдал үед нь эмчилгээнд хамруулах нь чухал аж.
Энэхүү өвчин нь сэтгэцийн эмгэг бөгөөд эмчлэгдэх боломжтой юм. Эмийн эмчилгээ бол уг өвчний гол суурь юм. Сүүлийн үед гарсан эмнүүд өмнөх үеийнхийг бодвол гаж нөлөө багатай байдаг байна. Тиймээс уг өвчнийг эрт оношлон эмчилвэл эдгэрэх болмжтойг холбогдох мэргэжилтнүүд хэллээ.
М.Болор