УИХ дахь эмэгтэй гишүүд Хүчирхийллийн эсрэг төвд байрлаж буй хохирогч эмэгтэйчүүдтэй Төрийн ордноо уулзав. Тэд бол 5-17 жилийн туршид нөхрийнхөө байнгын дарамтанд амьдарч, сэтгэл санааны болон бие махбодийн хувьд хохирол амссан хүмүүс. Хохирогч эмэгтэйчүүд хүүхдүүдээ дагуулан ирсэн юм. Тэдний дунд хүчирхийлэлд өртсөн 13 настай охин ч байв. Тэд шүүхээр гэр бүлээ цуцлуулсны дараа тус төвөөс гараад очих газаргүй, санхүүгийн боломжгүй, хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд хамруулах бололцоогүйн зэрэгцээ байнгын зодуураас болж ясны хугаралттай, чихний хэнгэрэг цоорхой, хамар, нүдний яс цууралттай гэсэн оноштой байгаа тухайгаа хэлж байлаа. Эмэгтэй гишүүд ирэх долоо хоногт Хууль зүйн яам болон Цагдаагийн ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хамгаалах байрны удирдлагуудтай уулзаж, энэ мэт хүндрэлтэй асуудлыг цаашид хэрхэн шийдвэрлэх талаар ярилцахаар тогтлоо.