Мэргэжлийн хяналтын ерөнхий газар “Алтангадас трейд” компанийн БНСУ-аас импортолсон, “Эссэ” тамхины сав, баглаа боодол, шошгыг шалгажээ. Шалгалтаар тус компани нь манай улсын хууль тогтоомж, ДЭМБ-аас гаргасан Тамхины хяналтын суурь конвенцийн зарим заалтыг зөрчсөн нь тогтоогдсон байна. “ЕSSE Lights”, “ЕSSE Change” тамхины хайрцган дээр “Капсулыг чимхвэл зөөлөн амт нь гаатай сэнгэнэсэн амтаар солигдоно”, “Хоёр төрлийн амтыг өөрийн хүссэнээр” гэж бичсэн нь Тамхины хяналтын суурь конвенцийн 11.1.а заалтыг зөрчсөн байна. Мөн “ESSE Soun” тамхин дээрх эрүүл мэндийн хор нөлөөний зурган анхааруулга нь хайрцагны талбайн 50 хувьд хүрэхгүй байгаа нь хууль зөрчиж буй. Иймээс “Алтангадас трейд” компанийн агуулахад байсан 3150 хайрцаг “ESSE Lights”, 723 хайрцаг “ESSE Change”, 293 хайрцаг “ESSE Soun”, нийт 4166 хайрцаг тамхийг битүүмжилжээ.