Ирэх жилд нийслэлийн гудамж талбайн гэрэлтүүлгийг сайжруулж амгалан тайван байдлыг хангахад гол анхаарлаа хандуулахаар болсон байна.
Өчигдөр болсон НИТХ-ын ээлжит 21 дүгээр хуралдаан нийслэлийн эдийн засаг, 2014 оны зорилтын хэрэгжилт, ирэх оны зорилтыг батлах, Нийслэлийн өмчөөс 2015 онд хувьчлагдах хуулийн этгээдэд хөрөнгийн жагсаалт батлах, Нийслэлийн өмчийн концесийн зүйлийн жагсаалт батлах, Нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах талаар хэлэлцсэн байна. Улмаар ирэх онд гэр хорооллын 5-6 гудамж тутамд олон нийтийн цагдаатай болж, хэсгийн байцаагчийн тоог нэмэгдүүлэх аж. Түүнчлэн эрүүл мэндийн үйлчилгээний салбарт томоохон өөрчлөлт орох бөгөөд өрхийн эрүүл мэндийн төвүүдэд анхан шатны оношлогоо хийх боломж бүрдүүлэх юм байна. 2015 онд нийслэлийн хэмжээнд 54 км авто зам өргөтгөхөөс гадна шинээр 27 км зам тавих аж. Мөн 58 метр урт гүүр тавихаас гадна 22 метр тунел шинээр ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ. Түүнчлэн ирэх онд Чингэлтэй дүүрэгт байрлах "Өргөө" зочид буудал, Булган аймагт байрлах үртэс шахмалын түлшний үйлдвэр, Баянзүрх дүүрэгт байрлах Уламжлалт эм, эмийн ургамал компанийн барилга, Сүхбаатар дүүрэг III хороо "Цамхаг 24" СӨХ-ын байр, Төв аймгийн Баян сумын мал баазын цогцолборыг хувьчлах юм байна.