“Бид дэлхийн иргэдийг бэлтгэнэ” уриатай “Глобал удирдагч-6” реалити шоу нэвтрүүлгийг Глобаль удирдагч дээд сургууль, UBS телевизтэй хамтран зургаа дахь жилдээ зохион байгуулах гэж байгаа талаар өнөөдөр “Монгол ньюс” компанийн мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийв.
Монголын оюутан залуучуудыг дэлхийн өндөр хөгжилтэй оронд 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцах боломж олгодог тус шоу нэвтрүүлэг нь энэ удаа Тайванийн их дээд сургуулиудад суралцах эрхийн төлөө 800 гаруй хүүхдүүд өрсөлдөж англи, хятад хэлний мэдлэг, илтгэх урлаг, манлайлах чадвар гэсэн үзүүлэлтээр сонгон шалгаруулна. Эцсийн шатанд 10 хүүхэд тунаж үлдэн 100 хувийн тэтгэлэгтэй суралцах эрхийг авах юм. Тус шоу нэвтрүүлэг нь таван үе шатаар шалгаруулалтыг явуулж дүгнэнэ. Уралдааны бүртгэл ирэх сарын 3-наас 2015 оны нэгдүгээр сарын 3-ныг хүртэл Глобал удирдагч дээд сургуулийн хичээлийн байранд бүртгэх юм.