Улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон Л.Гансүх нарыг шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч хойшиллоо. Хэргийн гэрч болох Үндэсний аудитын газрын шинжээч Ш.Ичинхорлоо, “Багануур” хувьцаат компанийн захирал М.Отгонбаяр нар ирээгүй учир энэ сарын 10-ны 10.00 цагт шүүх хурлыг дахин товлов. Энэ хугацаанд Л.Гансүх, Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, гомдол гаргах эрхгүйгээр, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид албадан саатуулахаар боллоо.
Гэрч нарыг дуудан ирүүлэх нь Шүүх байгууллагын үүрэг бөгөөд үүнийг биелүүлж чадаагүйнхээ төлөө хэрэгт шалгагдаж буй хүмүүсийг хорьж, эрүүдэн шүүж байгаад харамсаж буйгаа шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасандорж мэдэгдэв. Тэрбээр “Шүүхэд ашиг сонирхлын зөрчил байна гэж харж байгаа. Шүүх бүрэлдэхүүн цагдан хорих болсон шалтгаанаа ч тайлбарлаагүй. Мөн шүүх хурлыг шүүх танхимд л хийх ёстой. Цагдан хорих 461 дүгээр ангид шүүх хурал хийнэ гэсэн заалт байхгүй. Шүүх хурлыг тэнд хийвэл хэвлэл мэдээллийн хэрэгслийг оролцуулахгүй болов уу. Ингэснээр Авлигатай тэмцэх газар мөрдөн байцаалтын явцад хэрхэн хууль зөрчсөн, нотлох баримтыг яаж хуурамчаар бүрдүүлсэн, зохион байгуулалттайгаар зохиомол хэрэг үүсгэсэн гэдгийг нуун дарагдуулахыг хүсэж байна. Гарын үсэг зурж хэргийг баталгаажуулсан гэрч нар шүүх хуралд яагаад ирэхгүй байгааг ч ойлгохгүй юм. Ш.Ичинхорлоо нь АТГ-ын урьдчилан гаргасан дүгнэлтэд, М.Отгонбаяр нь гэрээн дээр гарын үсэг зурсан. Эдгээр хүмүүс шүүх хуралд ирвэл АТГ-ын дарамтанд ажилласан нь ил болох учраас ирүүлэхгүй байна гэж ойлголоо. Энэ бүхнээс шалтгаалан бид уг шүүхээс татгалзах болно” гэв.
Энэ хэрэгт гэрчээр дуудагдсан Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг шүүх хуралд оролцохоор ирсэн. Тэрбээр “Энэ зохиомол хэргийг үүсгэсэн гол гэрч нар нь ирээгүй гэнэ. Тэд ирээгүйн төлөө гурван хүнийг хорьж байгаа нь Монгол шоронжсон нийгэмтэй улс гэж харахад хүргэлээ. Мөн энэ хэрэг улс төрийн зорилготой болох нь харагдаж байна. Намайг тойрсон хүмүүсийг ийнхүү хилс хэрэгт гүтгэж байна. Монгол Улсын өнөөгийн нийгэмд ажил хийсэн хүн хэрэгтэн болдог гэдгийн тод жишээ энэ байлаа. Дараагийн шүүх хуралд ч би өөрийн баримтуудаа авч ирэн, оролцох болно” гэж ярив.
Х.Азжаргал