Орон даяар мөнгөн хонхны дуу жингэнэхтэй зэрэгцээд цахим ертөнцөд өөр нэгэн мэдээлэл олны нүд, чихийг баясгаад амжжээ. Фэйсбүүк дэх “Монгол хүн Монголын баялаг” пэйжид нэгэн хэрэглэгчийн бичсэн “Вагонд эх орны маань нэгэн шинэ иргэн мэндэлжээ. Эх, хүүхдийг галт тэрэгнээс буунгуут түргэн тусламжийн тэрэг авч явсан байна. Шинэ иргэнийг 18 нас хүртэл нь төмөр замаар үнэгүй зорчуулах эрхээр шагнах тухай яриад эхэлжээ” гэсэн постыг маш олон хүн үзэж, 6000 орчим хүн сэтгэгдлийг нь дэмжин, баяр хүргэж, сайн сайхныг хүссэн байна. Уг мэдээллийн мөрөөр “Улаанбаатар төмөр зам” ХХК-ийн Зорчигч тээврийн албаны суудлын зохицуулагч Г.Отганжаргалаас болсон явдлыг тодруулав.
-Ямар чиглэлийн галт тэргэнд, хэдэн настай, хаашаа зорчиж явсан хүн амаржсан юм бол. Эх, хүүхдийн бие сайн уу?
-Эх, хүүхдийн бие сайн. Тэднийг гал тэрэгнээс буунгуут орон нутгийнх нь түргэн тусламжийн эмч нар аваад явсан. Есдүгээр сарын 1-нд Улаанбаатараас Сайншанд руу зорчиж явсан 286 дугаар галт тэргэнд ийм явдал болсон. Дорноговь аймгийн харьяат, 35 настай, Батцэцэг гэх эмэгтэй Цомог өртөөнөөс суусан юм билээ. Төрөх хугацаа нь болчихоод Сайншанд руу явж байсан нь тэр. Гэсэн ч тэрбээр аймгийн төв бараадаж амжилгүй төмөр замын 30 дугаар зөрлөг буюу Алтганы голд төрж, хүүтэй болсон.
-Хэн эх барьж авсан юм бэ?
-Тэр эмэгтэй их азтай. Зорчигчид дунд дөрвөн эмч явж таарсан. Тэд галт тэрэгний 17 дугаар купенд Батцэцэгийг оруулж, эх, хүүхдийг эсэн мэнд амаржуулсан юм билээ. Тухайн үе галт тэрэгний дарга Дашнямын Болдбаатар хамт байлцаж, манайхаас шалтгаалах яаралтай тусламжийг давхар үзүүлсэн.
-Галт тэргэнд төрсөн хүүхдийг 18 нас хүртэл нь үнэгүй зорчуулах тухай яриа тархсан байна лээ.
-Галт тэргэнд төрсөн хүүхдүүдэд “Улаанбаатар төмөр зам”-ын даргын тушаалаар “Ган зам” үнэмлэх олгож, 16 нас хүртэл нь суудлын галт тэргэнд үнэгүй зорчих эрх олгодог хуучны журам хэвээр үйлчилж байгаа. Тэгэхээр өчигдөр (уржигдар) төрсөн хүү ч энэ эрхийг эдэлнэ.