Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар улсын хэмжээнд хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй, солонгос эзэнтэй, “Грийн хоум” нийгэмлэгийн эмнэлгийн үйл ажиллагааг өнгөрсөн наймдугаар сарын 24-26-нд шалгаснаа өнөөдөр олон нийтэд мэдээлэв. Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байрлах тус эмнэлэг нь эдгэрэх боломжгүй, хүнд өвчтэй хүмүүст хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ үзүүлдэг аж. БНСУ-ын хүмүүнлэгийн байгууллагуудын тусламжаар санхүүждэг энэ эмнэлэгт хэрэглэж буй эм, тариа нь лабораторийн шинжилгээгүй, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгээгүй, хэрэглэх заавар нь тодорхойгүй, сав, баглаа, боодол нь стандартын шаардлага хангахгүй байжээ. Ийм эм, тариагаа өвчтөнд олгож, хэрэглэж байсныг нь НМХГ шалгалтаар илрүүлсэн байна. Түүнчлэн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эмийн нэр, цуврал, ямар өвчинд хэрэглэснийгээ өвчтөний түүхэнд бичээгүй, эмнэлгийн ажлын байр нь орон сууц, гэр хорооллоос дотогш 100 метрт байрласан, агааржуулалтын механик системгүй, гэрэлтүүлэг хангалтгүй, тарианы өрөөгүй, ариутгал, угаалга, гал тогоо, эмийн сан, хүлээн авах хэсгүүдийн урсгал чиглэл буруу, өрөөний тоо, талбай зэрэг нь стандартын шаардлага огт хангахгүй байгаа аж. Түүгээр ч барахгүй мэргэшсэн их эмч, ариутгагч, эрүүл ахуйч, халдвар судлагчгүй үйл ажиллагаа явуулж байж.
Унд, ахуйн ус, эмчилгээний хоол, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хэрэглэх материал, хэрэгслийн чанар, стандарт, халдварын үед авах арга хэмжээний бэлэн байдал зэрэг нь бүгд “0” заасан тул тус эмнэлгийн үйл ажиллагааг улсын байцаагчийн 02-03-66/280 дугаар актаар түр зогсоож, холбогдох хуулийн дагуу 1.9 сая төгрөгөөр торгож, 28 нэрийн 24.656 ширхэг эмийг хурааж, устгалын комисст хүлээлгэн өгчээ. Түүнчлэн тус эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг ЭМСЯ-нд хүргүүлээд байгаагаа НМХГ-ынхан хэлэв. Иймд хандив, тусламж, хүмүүнлэгийн үйлчилгээ үзүүлэх нэрийн дор тарааж буй чанарын баталгаагүй, янз бүрийн эм хэрэглэхгүй байхыг тэд иргэдэд анхаарууллаа.