Залууст тулгамдаж буй асуудлыг олон нийтэд түгээх зорилгоор “Залуучууд судлал” эрдэм шинжилгээний бага хурлыг энэ сарын 10-нд ХАХНХЯ, Монголын залуучуудын холбоо зохион байгуулах болжээ. Залуучууд судлалын асуудлыг тодорхойлон гаргаж ирэх нь тэдний өмнө тулгамдаж буй олон асуудлын гарцыг олоход тусална гэж зохион байгуулагчид үзэж байна.Төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, судалгаа шинжилгээний байгууллагын судлаачид, их, дээд сургуулийн багш, оюутан залуус, мөн залуу эрдэмтдийн төлөөлөл зэрэг нийгмийн бүх салбарыг хамруулсан өргөн цар хүрээтэй хурал болох юм байна. Уг эрдэм шинжилгээний бага хуралд оролцогчид эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, залуучуудын улс төрийн оролцоо, залуучуудын сэтгэлзүй ба гэр бүл төлөвлөлт зэрэг залуучууд судлалыг хөгжүүлэхэд нөлөөлөх гол асуудлаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэн шилдгүүдээ шалгаруулах гэнэ.
Өнгөрсөн оны байдлаар Монгол Улсын нийт хүн амын 33.3 хувийг 18-35 насны 957.300 залуус эзэлж байна гэсэн судалгаа бий. Иймээс тэдний дуу хоолойг сонсох, санал санаачлагыг дэмжих, оролцоог идэвхжүүлэх, тэдний байр суурийг бататгах, нөлөөллийг бий болгох шаардлага өнөөгийн нийгэмд бий болоод байна. Тиймээс уг эрдэм шинжилгээний бага хуралд оролцогчдын шинэлэг санал санаачлага, бодит үр дүнг илтгэсэн илтгэлүүдийг эмхтгэл болгон хэвлүүлж, олон нийтэд хүргэх залуучуудын бодлогын бичиг баримтад тусгах аж. Ингэснээр залуучууд судлалын олон талт мэдээллийг нэг дороос, цогц байдлаар хүлээн авах боломж бүрдэх гэнэ. Эрдэмтэн, багш, судлаачид, оюутан залуус уг эрдэм шинжилгээний бага хуралд оролцсоноор Залуучууд судлалд өөрийн хувь нэмрийг оруулах, өөрийн судалгааны ажлыг олон нийтэд таниулах, залуучуудын өмнө тулгамдаж буй олон асуудлыг нийгмийн өмнө гаргаж ирэх давуу талууд ч бий болж байна. Эрдэм шинжилгээний бага хуралд оролцогчдын илтгэлийг энэ сарын 8 хүртэл хүлээн авч бүртгэх аж.