Дэлхийн II дайн дууссан үйл явдалд зориулсан ёслолын жагсаал Хятад улсын түүхэнд анх удаа өнөөдөр Бээжин хотод болно. Тэнхлэгийн орнуудыг ялахад Хятад чухал үүрэг гүйцэтгэснийг үүгээр сануулна гэж Бээжин үзэж буй. Гэтэл Хятадын холбоотон байсан зарим орны удирдагч урилгатай хэрнээ Бээжинд ирэхгүй гэх сураг дуулдаж байлаа. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун энд ирэхээс татгалзан “империалист цөөврүүдтэй” нийлж, санаанд оромгүй юм болов.Ёслолын жагсаал нь Дэлхийн II дайн дууссанд зориулсан арга хэмжээний оргил нь бөгөөд бууж өгөх тухай гэрээнд Япон 1945 оны есдүгээр сарын 2-нд гарын үсэг зурсан ч Хятадын уламжлалыг даган 3-ныг ялалтын өдөр хэмээн үзэх болжээ. Дэлхийн II дайны жилүүдэд Хятад улс Гитлерийн эсрэг эвсэлд байсныг дэлхий дахинд хийгээд өөрийн ард түмэнд сануулах нь тус улсын удирдлагын хувьд ихээхэн чухал юм. Түүнчлэн улс орноо ялагчдын гол холбоотны нэг байсан гэж харуулахыг Хятадын удирдагчид өнөөдөр эрмэлзэж байна. Японы түрэмгийллийн эсрэг гол тэргүүлэгч хүч нь коммунистууд байсан тэр өдрүүдийг хүмүүст эргэн сануулах нь ХКН-ын хувьд дотоод улс төрийн харилцаанд нь маш ашигтай байх нь мэдээж. Ёслолын жагсаалын үед хүндэтгэлийн индэр дээр гадаадын өндөр дээд зочин аль болох олон харагдаж байх нь Хятадад өөрт нь чухал байх нь аргагүй. Тиймээс ч Хятадын дипломатчид үүнд онцгойлон хүчин чармайлт гаргасан юм.Өрнөдийн ихэнх орны удирдагчид одоо Хятадад тийм ч найрсаг бусаар хандаж, Бээжинд ирж чадахгүйгээ мэдэгдсэн. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ирэхгүй. Гэхдээ энэ нь америкчууд, түүний холбоотнууд Бээжинд тэмдэглэж буй баярыг хайхрахгүй байгааг харуулж буй юм биш. Эдгээр улсыг Бээжинд хоёрдугаар эгнээний ажилтан, улстөрчид төлөөлөх юм. Европын холбооны орнуудаас Чехийн Ерөнхийлөгч Милош Земан л Бээжинд очоод байна. Тэрбээр тавдугаар сарын 9-нд Москвад Улаан талбай дээр ч байж байсан. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинээс гадна хуучин Зөвлөлтийн зарим БНУ-ын, тухайлбал Белорусс, Казахстан, Киргиз, Тажик, Узбекийн Ерөнхийлөгчид ирсэн байгаа. ЗХУ-ын бүрэлдэхүүнд нэгэн цагт байсан ч өнөөдөр Европын холбоо болон АНУ-ыг чиг баримжаагаа болгоод буй улсын удирдагчид Бээжин рүү зүглээгүй. Хятадтай худалдаа хийх, түүний хөрөнгө оруулалтыг сонирхож буй хөгжиж байгаа орнуудын тэргүүн нар хүндэтгэлийн индэрт морилно. Хятадтай түүхийн болон үзэл суртлын уламжлалт хэлхээ холбоотой явж ирсэн Венесуэл, Пакистан, Монгол, Вьетнам, Лаос улсуудаас өндөр дээд хэмжээний зочид ирсэн байгаа.Хятадтай хөрш Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нар улс, орнуудын удирдагчдын дунд байхгүй байгаа нь шууд л нүдэнд тусна. Тэгвэл Өмнөд Солонгосыг Ерөнхийлөгч хатагтай Пак Гын Хе нь энд төлөөлж буй.Шинзо Абэ алга байгаа нь гайхал төрүүлэхгүй. Учир нь сүүлийн хэдэн жилд Хятад, Японы харилцаа тун эгзэгтэй байх болсон нь үндсэндээ Сенкаку арлуудын эргэн тойрон дахь нутаг дэвсгэрийн маргаанаас үүдэлтэй юм. Солонгосын хойгийн хоёр орны хувьд хачирхалтай байдал бий болчихоод байна. Баярт оролцож буй Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хегийн эцэг нь Дэлхийн II дайны үед Японы эзэн хааны армийн эгнээнд офицер байжээ. Тэгвэл Бээжинд ирэхээс татгалзсан Умард Солонгосын удирдагчийн өвөө нь партизануудыг командалж явсан байдаг. Тэгэхдээ ялалтын баярт зориулсан ёслол нь улс төрийн арга хэмжээ болохоор өнгөрсөн явдал гэхээсээ илүү өнөөгийн улс төрийн бодлого нь жин дарна.Түүнээс гадна Ким Жөн Уныг эрх мэдэлтэй болсноос хойш Хятад, Умард Солонгосын хооронд байдал нэлээд эвгүйцээд буй юм. Умард Солонгосын цөмийн зэвсгийн асуудлаарх бодлогод Бээжин сэтгэл дундуур байдаг. Умардад хийж буй өөрчлөлтийг хэт алгуур байна гэж Хятадын удирдлага бухимддаг. Умард Солонгос нь бас Хятадад итгэдэггүй учраас өөр хань хайдаг. Умард Солонгосын дэд бүтцийн салбарт оруулах хөрөнгөө Бээжин мэдэгдэхүйц хорогдуулсан.Ким Жөн Ун дээд хэмжээний аливаа уулзалтад оролцохдоо дургүй. Засгийн эрхийг гартаа аваад гурван жил гаруй болоход гадаад улсын ганц ч удирдагчтай уулзаагүй, ялалтын 70 жилийн ойгоор Москвад ч очоогүй билээ.