Туул голын сав газрын хэмжээнд анх удаа алтны шороон ордуудын усны эх үүсвэрүүдийг тоолууржуулж эхэлжээ. Усны тухай хуулийн холбогдох заалт, 2013 онд тухайн үеийн БОНХ-ийн сайдын тушаалаар баталсан Ус ашиглалт, хэрэглээг тоолууржуулах журмыг хэрэгжүүлж, ус зохистой хэрэглүүлж хэвшүүлэхээр уг ажлыг зохион байгуулж буй аж.
Тус байгууллага сав газрынхаа хэмжээнд ус ашиглагч аж ахуйн нэгж, байгууллагуудад зөвшөөрөл олгож, гэрээ байгуулдаг байна. Энэ сарын 1-ний байдлаар алтны шороон ордын 19, дулааны цахилгаан станцын хоёр, газрын доорх ус шавхалтын нэг, шинэ нисэх буудлын нэг, төвлөрсөн сүлжээний хоёр, нийт 25 зөвшөөрөл олгож, 23 гэрээ байгуулаад буй аж.
Тус байгууллагынхан тоолууржуулах ажлаа өнгөрсөн зургадугаар сараас эхэлж, одоогоор 13 компанийн усны эх үүсвэрт тоолуур тавиад байгаа гэнэ. Өдгөө Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт, Туул гол дагуу үйл ажиллагаа явуулж буй “Алтан дорнод Монгол”, “Монполимет” компанийн алтны шороон ордын талбайд газар доорх усны дотоод хяналтын хоёр цэг байгуулж буй юм байна.
Дашрамд дурдахад, өнгөрсөн онд Төв аймгийн Заамар сумын нутаг дахь “Монполимет” компанийн Тосонгийн дэнжийн алтны шороон ордод автомат түвшин хэмжигч суурилуулжээ.
Ч.МӨНХ