Азийн байгалийн болон органик бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг өнгөрсөн долоо хоногт Хонконгийн Конвенц болон үзэсгэлэнгийн төвийн арга хэмжээний танхимд зохион байгууллаа.
Жил бүр гардаг уг арга хэмжээнд 25 орны 250 гаруй байгууллага, хувь хүн оролцож, хэдэн мянга гаруй бараа, бүтээгдэхүүнийг олон нийтэд танилцуулсаны нэг нь арьс арчилгааны монгол бүтээгдэхүүн Lhamour юм.
Д.Хулан гэх эмэгтэй эх орныхоо байгалийн баялгаас арьс арчилгааны органик бүтээгдэхүүнийг гаргаж авсан бөгөөд дэлхийн гоо сайхны компаниуд ихэд сонирхсон аж.
Тэрбээр чацаргана, сарлагийн сүү, тусгай чулуун давс зэрэг орц найрлагатай саван, ванны хөөс, лаа гэх мэт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд түүний ашигласан өөр нэг гайхалтай түүхий эд бол хонины сүүлний өөхөн тос юм.
Үзэсгэлэн худалдааны үеэр Д.Хулан “Хонины сүүлний өөхөн тосыг монголчууд үрэвсэл намдаах эмчилгээний зориулалтаар ашиглахын хажуугаар хүнсэндээ хэрэглэдэг. Уг тос нь арьсанд тэжээл өгч, чийгшүүлдэг. Үүнээс гадна Монголын харшлын эмнэлгүүд өөхөн тосноос гаргаж авсан саванг экзем болон хайрст үлд зэрэг өвчтэй хүмүүст хэрэглэж эхэлсэн” хэмээн Хятадын үндэсний сонинд ярилцлага өгчээ.