Өвөрхангай аймгийн Уянга суманд тарваган тахлын өсгөвөр илэрчээ.
Тус аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс хийсэн хяналтын шинжилгээгээр Уянга сумын Бадрал багийн Ар могой гэх газраас олзворлосон тарваганы зэмнээс тахал илэрсэн байна. Үүнтэй холбогдуулан аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Байгаль орчны газар, Зоонозын өвчин судлалын төв хамтран, тарваган тахлын голомтот Уянга сумын Майнт, Армогой, Чандагатай , Жаргалант баг, Батширээ, Бөмбөхий, Шурангийн ам, Хайрхандулаан сумын Муруй, Мөст, Асгат, Дархант, Цагаанчулуут, Хужирт, Нарийнтээл сумын гуанз, Арцат, Тарагт сумын Шанд, Хараацай, Сэрвэн, Агьтын ам зэрэг газраар тарваганы арьс, мах худалдаж байгаа иргэдийг илрүүлэн, хариуцлага тооцжээ. Тарваганаас тахлын өсгөвөр илэрсэн нь мэрэгч амьтдын дунд энэ өвчний вирус идэвхтэй байгааг харуулж буй аж. Энэ нь хүнд тахал халдах магадлал өндөр гэсэн үг.