Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийнхан ийлдэс судлалын аргуудыг баталгаажуулах, оношилгооны чанараа сайжруулах зорилгоор Бруцеллёзын лавлагаа лаборатори байгуулав. Ингэснээр манай улс хүн амын эрүүл мэнд, мал сүргийн үржил, ашиг шимд сөргөөр нөлөөлж буй бруцеллёзыг олон улсын түвшинд оношлох боломж бүрдлээ. Үүнээс гадна аймгуудын мал эмнэлгийн лабораториудын оношийг тогтмол үнэлж, мэргэжил арга зүйгээр ханган, мэргэжилтнүүдийнхээ ур чадварыг дээшлүүлэх, сургах таатай нөхцөл бүрдсэн байна.
Швейцарийн хөгжлийн агентлагийн “Малын эрүүл мэнд” төслийнхөн 2012 оноос Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторитой хамтран ажиллаж, Бруцеллёзын лавлагаа лаборатори байгуулахад нь дэмжлэг үзүүлжээ. Үүний хүрээнд бруцеллёзын ийлдсийн сан байгуулж, олон улсын мэргэжилтнүүдийг урьж ажиллуулсан бөгөөд шаардлагатай багаж, тоног төхөөрөмж, урвалж нийлүүлэх зэрэгт нийт 200 гаруй сая төгрөгөөр тусалсан аж.