Цагдаагийн ерөнхий газраас зөвшөөрөлгүйгээр загас барьсан хэргийн талаар мэдээлжээ. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн харьяат 43 настай эрэгтэй О нарын гурван иргэн төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрт цулцуурт, булуу цагаан гэх хоёр төрлийн 40 гаруй загасыг зохих зөвшөөрөлгүйгээр барьсан байсныг Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсээс илрүүлэн шалгаж байгаа аж. Тэд загас барихдаа тор татан хийлдэг завь ашиглажээ. Зөвшөөрөлгүйгээр ан агнуур хийж, загас барьсан тохиолдолд Монгол улсын Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэдэг аж. Мөн түүнчлэн уг хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан, нэн ховор ан амьтан агнасан, барьсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй тохиолдолд Ан агнуурын тухай хуулиар хариуцлага хүлээлгэн шийдвэрлэх юм байна.