Бээжин хотод өчигдөр болсон ёслолын жагсаалд 12 улсын 12 мянган цэрэг, байлдааны төрөл бүрийн 500 техник, 200 гаруй онгоц оролцжээ. Мөн уг жагсаалыг 50 орчим улсын Төрийн тэргүүн, төлөөлөгчид, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун үзэж сонирхсон байна.
Тэгвэл энэ оны тавдугаар сарын 9-нд Москвад болсон жагсаалд байлдааны 200 орчим техник, 16 мянган цэргийн алба хаагч оролцсоны 700 гаруй нь гадаадынхан байжээ. Гадаад орнуудын төр, засгийн 30 шахам тэргүүн, ОУ-ын байгууллагын удирдагчид морилон ирсэн байв.
Ёслолын жагсаалд Орос, Белорус, Кыргыз, Мексик, Монгол, Куба, Египет, Казахстан, Пакистан, Тажикстан, Камбож, Лаос, Фижи, Венесуэль, Вануату, Сербийн 1000 шахам цэргийн алба хаагч оролцжээ. Энд сонирхуулахад, зэвсэглэлийн 80 гаруй хувийг анх удаа олон түмэнд харуулна гэж Бээжин урьд нь мэдэгдэж байсан юм.
Энэ жагсаал 1949 онд БНХАУ-ыг байгуулснаас хойш 14 дэх, аравдугаар сарын 1-нд тэмдэглэдэг улс тунхагласан өдрөөсөө өөр өдөр хийсэн анхны арга хэмжээ болсон байна. Цэргийн ёслолын жагсаалыг 10 жилд нэг удаа хийж байхаар 1960 онд Хятадын эрх баригчид тогтоосон бөгөөд сүүлчийн ийм жагсаал 2009 онд болсон аж.
70 удаа их буугаар буудсаны дараа жагсаал эхэллээ. Бээжинд болсон ёслолын жагсаал нэг цаг гаруй үргэлжилсэн байна. Хятадын байлдааны техникүүдээс Өрнөдөд нисэх онгоц тээгчдийн “алуурчин” нэр аваад байгаа пуужин онцгой анхаарал татаж байв.
Хятадын армийг 2.3 сая хүнтэй гэж үздэг. Хятадын удирдагч Си Зиньпин армиа 300 мянган хүнээр цомхотгохоо өчигдөр зарлахад тэнд байсан хүмүүс алга нижигнүүлэн ташиж хүлээн авчээ.
Р.ЖАРГАЛАНТ