Зангиатай оюутан зурагтаар шүлсээ үсчүүлэн ярилцлага өгч байна аа. Оюутны холбооных гэнэ. Ганц биедээ хэд хэдэн сэтэртэйн нэг нь ямар ч гэнэв ерөнхийлөгч. Хорь орчим настай тэр “Социализмын үед улсын хөрөнгөөр үнэ төлбөргүй сурсан хүмүүс одоогийн оюутнуудаас ичих хэрэгтэй. Бид маш их мөнгөөр дээд боловсрол олж байна” гэхчилэн хагас цаг ам хуурайгүй агсамнав.
Бэлэн цэцэн урсгах боловч ярьж байгаа сэдэв, татаж байгаа жишээ, тавьж байгаа шийдэл нь тун ядмаг юм, хөөрхий зайлуул. Түүнийг хүүхдээрээ шахам гээд өхөөрдөх хэцүү, үглээ чалчаагийн өвчин туссаных нь төлөө өрөвдөх хэцүү, эрдэм ном биш, хэнхдэгээ дэлдсэн хэрүүл хийж сурсанд нь эгдүүцэх бас нэг хэцүү санагдав.
Ирээдүйд эзэмших мэргэжлээрээ суралцаж буй дөрвөн жил гэр, сургууль, номын сан гэсэн маршрут дунд өнгөрдөг. Юун зангиа зүүж зарга хийх. Гэвч Монголын орчин цагийн оюутан-дарга нар хэвлэлийн бага хурал хийнэ, жагсаж цуглана л гэж байна. Аливаа нийгэмд оюутнууд гэдэг шинэ цагийн түүчээ болдгийг хүлээн зөвшөөрөх ёстой.
Оюутнууд нийтийн сайн сайхны төлөө нэгдвэл тэмцэл хөдөлгөөн нь нийгэмд шуурга дэгдээх ч хүчтэй. 1960 онд БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн будилааныг эсэргүүцсэн солонгос оюутнууд жагсав, 1990 онд БНХАУ-ын оюутнууд Тянь Ан Миний талбайд ардчиллын төлөө жагссан. Харин 2014 онд Монголын оюутнууд төрөөс олгодог 70 мянган төгрөгийн тэтгэлгийг муу сурсан ч хамаагүй нийтээрээ олж авахыг хүсэж, жагсаж тэмцэхээ мэдэгдэв.
Энэ удаа нийтийн тээврээр үнэгүй явахын төлөө суулт зарлалаа. Оюутнууд өдөрт хоёр удаа автобусаар үнэгүй зорчихоо бага хэмээн чамлаад сүйд. Монголын оюутнуудын хүсэл зориг нэг иймэрхүү. Тэд 140 мянгуулаа. Эдэн дунд оюутан шиг оюутан олон гэдэгт итгэлтэй байна. Сурч боловсрох үүргээ биелүүлдэггүй мөртлөө бусдаас хариуцлага шаардан томордог зангиатай дарга-оюутнууд больё оо.
Тэд хүмүүсийг ичээч энэ тэр гэж загнахын оронд 200 төгрөгөөр зорчиж яваа дунд сургуулийн сурагчдаас ичээрэй. Сургалтын төлбөрийг чинь төлөхийн тулд унд хоолоо хүртэл өөрөөсөө харамлаж яваа ээж, ааваасаа уучлалт гуйгаарай.
Увайгүй загнаж яваагаа юун их юманд боднов. Улстөрчид чамайг өөгшүүлж байгаад л хаяна. Чи их санахад л цүнх бариачаас ахихгүй. Их, дээд сургууль төгсөөд ажлын байранд тэнцэх хэмжээний сайн сурахаа л бод, дүү нар минь.
Б.ЭНХЦЭЦЭГ