Найр наадмын цагаар УИХ-ын дарга ээлжит бус чуулган зарлаж, МАН хэмээх сөрөг хүчнийхээ дуу хоолойг сонсолгүйгээр хэд хэдэн хууль баталлаа. “Чоно борооноор, муу хүн чөлөөнөөр” гэгчээр олон нийтийн анхаарал сарнисан үед УИХ-ын гишүүд хулгайч аятай сэмхэн нийлж, хэдхэн хүний эрх ашигт нийцсэн хууль баталсны дотор Өршөөл үзүүлэх болон Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль багтав.
Өршөөл үзүүлэх хуулийг өчигдрөөс хэрэгжүүлж эхэлж байна. Төр энэрэнгүй байх зарчмынхаа үүднээс амьдралдаа алдсан хүмүүсийг нэг удаа өршөөж болох. Гэтэл “тоон дотор үсэг цохиж явна” гэгчээр улс, нийгэм, иргэдэд олон сая, живаа төгрөгийн хохирол учруулсан албан тушаалтнууд, зальхай этгээдүүдийг өршөөхөөр хуульд тусгасныг иргэд олон нийт илт эсэргүүцэж байгаа.
Тиймдээ ч Ерөнхийлөгч Өршөөл үзүүлэх тухай хуульд хэсэгчилсэн хориг тавьчихаад байна. Одоо УИХ-ын гишүүд чуулж байж хоригийг хүлээн авах, эсэхийг хэлэлцэнэ.
ХОРИГИЙГ ГИШҮҮД ХҮЛЭЭН АВАХ УУ
Нийгмийн хэрэгцээ, шаардлага бол хоригийг УИХ-ын гишүүд хүлээн авах хэрэгтэй гэдэгт дийлэнх олонхийн санал тогтож буй. Харин гишүүд хүлээж авах эсэх нь эргэлзээтэй. Учир нь УИХ-ын цөөнгүй гишүүн АТГ-ын үүдээр “эргэлдэх” нөхцөл байдал үүссэн.
Прокурорын байгууллагын эх сурвалжийн мэдээлснээр УИХ-ын 2-3 гишүүнд холбогдох эрүүгийн хэргийг түдгэлзүүлсэн байгаа аж. Мэдээж энэ нь тэдний бүрэн эрх хэмээх халхавчтай холбоотой. Эх сурвалжийн өгсөн мэдээллээр УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярт холбогдох хэргийг хамгийн түрүүнд дурдаж болно. Түүнд бусдаас хээл хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 268.2, 273.2-д зааснаар хэрэг үүсгээд өдгөө түдгэлзүүлчихээд байгаа юм билээ.
Түүнд холбогдох хэргийг 2012 оны сонгуулийн өмнө бүх л хэвлэл мэдээллийн хэрэгсэл бичсэн. Хээл хахууль авсан үйлдэл нь л гэхэд БНХАУ-ын ZTE компаниас яамныхаа газрын дарга Э.Долгион (Одоогийн “Засгийн газрын мэдээ” сонины эрхлэгч)-оор дамжуулж мөнгө авсан хэмээн АТГ шалгаж байсан.
Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй байх магадлалтай, Өршөөлийн хуулийг олноороо түрэн, сиймхий тааруулж баталсан гишүүдийн олонх нь АН-ынхан. Өдгөө ч хоригийг хүлээн авахгүй байх шалтгаан нь тус намын хэд хэдэн гишүүнтэй холбоотой гэх мэдээлэл байна.
Тухайлбал, Хэнтий аймгаас сонгогдож, өдгөө тус аймгийнхны нүүрийг ч харах эрхгүй шахам байгаа УИХ-ын гишүүн, “Мон роуд” компанийн захирал асан Б.Гарамгайбаатарт мөн л АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэсэн ч гишүүний бүрэн эрх хэмээх “бамбай”-наас нь болоод түдгэлзүүлчихээд байгаа юм билээ. Түүнийг эрх мэдэл албан тушаалаа урвуулсан хэмээн буруутгах үндэслэл байгаа гэсэн.
Мөн Н.Батбаярыг Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхад Төрийн нарийн бичгийн даргын алба хашиж байсан Шинэбаатар тагнаж чагнасан тухай дуулиан шуугиантай хэвлэлийн хурал хийлгэж байв.
АТГ-аас түүнийг “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг зөрчин 2.7 тэрбум төгрөгийн хохирол улсад учруулсан” гэсэн үндэслэлээр шалгаж эхэлсэн аж.
Түүнээс гадна Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Л.Болдод ч албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан, эд хөрөнгө завшсан гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэсэн ч түдгэлзүүлсэн гэх мэдээллийг прокурорын байгууллагынхан бидэнд хэлэв.
Түүнээс гадна Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хамаарал бүхий этгээдүүд болох ахлах зөвлөх Л.Гансүх нарын учруулсан байж болзошгүй 3.6 тэрбум, хүргэн дүү, ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнг 4.8 тэрбум төгрөгийг улсад төлөхөөс “аврах”-ын тулд АН-ын фракцууд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахгүй байх магадлалтай аж.
Түүнчлэн Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг дараагийн сонгуульд нэр дэвших боломж олгохын тулд тус намын төлөөлөл хүлээн авахгүй байхаар нэгдэх нь дамжиггүй. Н.Энхбаярыг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгаж байгаад АТГ-д шилжүүлээд буй.
ХОРИГИЙГ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ БОЛ ОЛОН ИХ НАЯД ТӨГРӨГИЙН
ХОХИРОЛ УЛС ХҮЛЭЭНЭ
2012 оны сонгуулийн дараа төрийн албаны бүхий л шатанд амин хувийнхаа эрх ашгийг бодсон, төсвийн хөрөнгийг хувийнх гэж “андуурсан” нөхөд албан тушаалд суусан. Бүгд л суусан эрх мэдлээ ашиглан мөнгө атгахаар улайрсан. Үүний бодит жишээ бол Хэнтий аймгийн Батноров сумын ИТХ-ын дарга Н.Энхтайван.
Түүнийг эрх мэдлээ хэтрүүлэн орон нутгийн төсөвт 1.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн яллах дүгнэлт үйлдэж байгаа юм билээ. Сумын ИТХ-ын дарга улсад ийм их хэмжээний буюу 100 хүүхэд хүлээн авах чадалтай нэг цэцэрлэг барих мөнгө “идчихэж” байхад түүнээс өндөр албан тушаалтнууд улам л илүүг “халаасалж” чадах биз.
Багадаа л хэдэн зуун саяар нь “тоншиж” суугаа. Прокурорын байгууллагын мэдээлснээр Завхан аймгийн Засаг дарга Ж.Жамъянтивд үүсгэсэн хэргийг Нийслэлийн прокурорын газар, АТГ-ын хооронд хэд хэдэн удаа шидэлцэж, гэм буруутай гэж үзэн яллах дүгнэлт үйлдүүлж байгаа гэх юм билээ. Цэцэрлэгт хүрээлэн барих хөрөнгөөс үлдсэн 60 сая төгрөгийг хувийн компанид шилжүүлэн авч ашигласан хэмээн түүнийг буруутгаж байгаа аж.
Эндээс харахад ямар нэг албан тушаалд л очсон бол эрх мэдлээ ашиглаж төсвийн хөрөнгөнд гараа дүрэх явдал гэм биш зан болжээ. Тэгэхээр төсвийн хөрөнгийг шамшигдуулсан, эрх мэдэл албан тушаалаа урвуулсан, бусдын эд хөрөнгийг залилсан хэрэгт холбогдсон хүмүүсийг өршөөхгүй байх Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй л бол олон их наяд төгрөгөөр улс хохироод, эдийн засаг улам доройтон навс унана гэхэд хилсдэхгүй л болов уу.
Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэн хэчнээн төгрөгийн хохиролтой хэрэг өршөөгдөх талаар тооцоо судалгаа хийж байгаа ч эцсийн дүнгээ нэгтгээгүй бололтой. Хуулийн төсөл өргөн барьсан үед АТГ-т шалгаж буй 32 тэрбум төгрөгийн хохиролтой 45 хэрэг өршөөлд хамрагдана гэсэн тооцоо байсан. Гэтэл сиймхий тааруулж Өршөөлийн хууль баталсан гишүүд АТГ-ын харьяаллын бүх л хэргийг өршөөхөөр болчихсон.
Тэгэхээр тус газарт шалгаж байгаа 120 гаруй хэрэг бүгд хуулийн үйлчлэлд хамрагдана. 45 хэрэг 32 тэрбум төгрөгийн хохиролтой гэж тооцогдож байгаа бол 120 нь олон их наяд шахах нь ойлгомжтой. Дээр нь цагдаагийн байгууллагад шалгаж байгаа залилан, эд хөрөнгө шамшигдуулсан гэх хэргийн хохирлыг нэмбэл лав их наяд гэдэг тоонд хүрэх биз.
Тухайлбал, халамжийн хөрөнгө завшсан хэрэгт холбогдоод байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамжийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтнууд их хэмжээний хохирол улсад учруулсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон. Түүнээс гадна “Жаст” группийн захирал Ш.Батхүү хэдэн зуун сая ам.доллар залилан мэхэлсэн нь тогтоогдоод буй.
Бас татвараас зайлсхийсэн нэлээд олон компанид холбогдох хэрэг ч бий. Энэ мэтээр хэргүүдийн хохирол өснө. Олон улсад татварынх нь хүү, торгууль, алдангийг нь өршөөж, үндсэн татвараа төлүүлдэг зарчим л мөрдөгддөг. Гэтэл манайд бүгдийг нь өршөөж байгаа. Уг нь хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй. Гэтэл татвараас зайлсхийсэн нь өршөөгдөж, татвараа шударгаар төлдөг нь хохироод үлдэнэ гээд уншигч та бодоод үзээрэй.
Хэрэв тэгш эрхийн зарчим мөрдөгддөг бол би ч гэсэн улсад төлөх нийгмийн болон эрүүл мэндийн даатгалаа нэг удаа төлмөөргүй, цалингаа бүтнээр нь авч үзмээр л байна шүү дээ. Тэгээд өршөөлд хамрагдмаар байна.
ТӨРД УЧИРСАН ХОХИРЛЫГ НЭХЭМЖЛЭХ ХҮН ХЭН БАЙХ ВЭ
Өршөөл үзүүлэх тухай хууль сүүлийн 25 жилийн дотор таван удаа батлагдав. Тэр болгонд улс нийгэмд учруулсан хохирлыг нь төлүүлдэггүй, санаатай, санамсаргүйг бүү мэд, умартдаг байсан гэхэд хилсдэхгүй. Харин энэ удаад Өршөөл үзүүлэх тухай хуулийн наймдугаар зүйлд ял эдлэх асуудлыг л өршөөснөөс бус, бусдад учирсан хохирлыг төлүүлэх утгатай заалт орсон нь сайшаалтай.
Учирсан хохирлоо олж авахын тулд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу хөөцөлдөхөөр улсын тэмдэгтийн хураамж гэж төлнө. Олон тэрбум төгрөгийн хохирол нэхэмжлэх байгууллага, хувь хүн, төрийн албаныхан улсын тэмдэгтийн хураамжийн мөнгийг хаанаас гаргах нь тодорхойгүй. Түүнээс гадна төрд учирсан хохирлыг хэн нэхэмжилж, өмнөөс нь гомдол гаргаж, шүүхэд хандах нь мэдэгдэхгүй.
Ийм л хууль баталж. Өөрийгөө гэм буруугүй хэмээн үзэн маргалдаж байгаа бол шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсний дараа өршөөлд хамруулахаар заасан. Гэм буруугийн талаар маргалдаж байгаа эрүүгийн хэргийн сэжигтэн, яллагдагч цөөнгүй бий гэдгийг прокурорын байгууллагынхан хэлэв. Тиймдээ ч зарим хүнд холбогдох хэргийг мөрдөн байцаах байгууллагаас татан прокурор хянаж байгаа юм билээ.
Эх сурвалжийн мэдээлснээр Сэлэнгэ аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, тус аймаг дахь модны “Шинэ Бадрах” захын эзэн Д.Бадрах ойд хууль бусаар мод бэлтгэсэн, ашигт малтмал олборлон их хэмжээний хохирол экологид учруулсан үндэслэлээр шалгуулсан ч гэм буруугийн асуудлаар маргаж байгаа гэсэн. Тиймээс хэргийг нь шүүх эцэслэн шийдэхээр болж.
Түүнээс гадна Нийгмийн халамжийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Д.Баярсайхан ч мөн адил гэм буруугүй хэмээн маргаж байгаа гэсэн. Шинжээчид удахгүй дүгнэлтээ нэгтгэн гаргасны дараа түүний улсад учруулсан хохирлын тооцоо тодорхой болох аж. Тэрбээр ойр дотныхоо хүмүүсийн хамтаар Нийгмийн халамжийн сангаас хуурамч баримт бүрдүүлж, их хэмжээний хохирол улсад учруулсан хэмээн буруутгагдаж буй юм.
Хэрэв Өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын гишүүд хүлээж авахгүй бол дээр дурдсан олны анхаарал татсан хэргүүд өршөөгдөж, түүний дараа улс нийгэмд учирсан хохирлыг төлөх хүнгүй үлдэх нь. Шүүхээр гэм буруутай эсэхийг нь эцэслэн тогтоогоогүй байхад өршөөл үзүүлж, хохирлыг нь иргэний журмаар нэхэмжлэх болоход төлөх ёстой этгээд “Би хуулийн байгууллагынхны хэлмэгдүүлэлтэд өртөж, аргаа ядаад өршөөлд хамрагдах хүсэлт тавьсан.
Би гэм буруугүй” гээд худлаа хэлээд зүтгэвэл яах вэ. Төр энэрэнгүй байх зарчмаа дээдэлж гэмт хэрэг үйлдсэн хүнийг нэг удаад ялаас чөлөөлж болно. Харин хохирлыг нь өршөөж болохгүй байлтай.
Г.РАВЖАА