ОХУ-ын Буриад улсад гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар манай улсын 50 аврагч өчигдөр тус улсыг зорилоо. Түймэр их хэмжээний газарт тархаж, нөхцөл байдал хүндэрсэн учраас манай улсын Засгийн газар ОБЕГ-аас аврах бүлэг явуулахаар шийдвэрлэжээ.
Шадар сайдын үүргийг түр хариуцагч, Улсын онцгой комиссын дарга бөгөөд Хууль зүйн сайд Д.Дорлигжав, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал нар өчигдөр аврагчдыг үдэхдээ түймрийн голомтод үүрэг гүйцэтгэхдээ өөрсдийн аюулгүй байдлыг хангахыг онцгойлон анхаарууллаа.
Мөн сахилга баттай байж, үүргээ нэр төртэй биелүүлээд ирэхийг захив. ОХУ-ыг зорьж буй манай аврагчид 2011 онд Япон улсад болсон цунамийн гамшгийн дараах сэргээн босгох болон НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан туршлагатай аж.
Аврах тусгай ангийн Агаар десантын II бүлгийн дарга, шүхрийн зааварлагч, ахлах дэслэгч Я.Сэргэлэнгээр ахлуулсан аврагчид маань гурван машинтай замд гарсан бөгөөд ойролцоогоор тэнд долоо хоног ажиллах юм байна. Түймэр унтраахаар хойд хөршийг зорьж буй хоёр дахь тохиолдол нь энэ ажээ.
Ч.БОЛОРТУЯА