Коронавирус манай улсын эдийн засагт хэрхэн нөлөөлсөн талаарх судалгааны дүн мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос өчигдөр танилцуулав. “Цар тахлын дэгдэлт болон БНХАУ-ын эдийн засгийн удаашралын улмаас ашигт малтмалын түүхий эдийн эрэлт багассан нь Монгол Улсын нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, газрын тосны экспорт буурч, эдийн засаг агшихад хүргэсэн” гэж тус хорооныхон дүгнэсэн байна. Инфляцын түвшин өнгөрсөн сард 2.8 хувь болж, өмнөх оны мөн үеийнхээс 5.5 пунктээр буурчээ. Улсын төсөвт төвлөрсөн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НӨАТ-ын орлого энэ оны эхний хагас жилд өмнөх оныхоос буурсан нь дотоодын үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд доголдол учирсныг илтгэж байна.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарын борлуулалт 2020 оны эхний хагас жилд 2.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 15.7 хувиар буурав. Аялал жуулчлалын салбарын хувьд энэ оны эхний хагас жилийн байдлаар манай улсад аялахаар ирсэн жуулчдын тоо өмнөх оны мөн үеийнхээс 79.9 хувиар цөөрсөн байна. Хил хааж, жуулчдын хөдөлгөөн хязгаарлагдсанаас болж үндэсний агаарын тээвэрлэгчид хамгийн их хохирол амсжээ. Үндэсний агаарын тээврийн орлого 2020 оны эхний хагас жилд 70.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 66.2 хувиар багассан аж.
Үндэсний статистикийн хорооноос “Коронавирусийн тархалт хэзээ намжих нь тодорхой бус энэ үед аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээс гадна тус салбартай дам нөлөөгөөр холбогддог зочид буудал, зоогийн газар, урлаг, соёлын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудад чиглэсэн дотоодын аялал жуулчлалыг дэмжих бодлого боловсруулж, хууль, эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатай” гэж мэдээллээ.
Бэлтгэсэн: М.Оч