Суурьшлын бус газарт зэрлэг амьтны экологийн гарц байгуулах нь инженерчлэлийн хувьд ажиллагаа, эрсдэл багатай бол хот, суурин газарт илүү ярвигтай, нарийн төлөвлөлт шаарддаг.
Дархан цаазат Богд хан уул, нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр хатан Туул гээд хотын экосистемийн амин цэг болсон газруудад дэд бүтэц, бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэх нэрээр байгалийн хэв шинж, унаган төрхийг нь алдагдуулах явдал сүүлийн жилүүдэд гаарлаа. Зам, тээврийн салбарынхан нэг хэсэг Богд хан уулыг бүслүүрээр нь “нүхэлж”, нийслэлийг Төв аймагтай холбох авто зам, гүүрэн байгууламжийн төсөл хэрэгжүүлнэ гэж дөвчигнөж байгаад олон нийтийн шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулмагцаа ажлаа зогсоосон. Нийслэлийн удирдлагууд хотын түгжрэл, төвлөрлийг сааруулахын тулд Туул голын эрэг, онцгой болон ангийн хамгаалалттай бүсийг дайруулан зургаан эгнээ, 32 км урт зам барих төсөл, төлөвлөгөө боловсруулсан нь мөн олны эсэргүүцэлтэй тулснаас саатаад буй. Тэгвэл өдгөө байгаль орчны салбарынхан Богд хан уулын зэрлэг амьтдыг хамгаалж, нүүдэл, шилжилт хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нэрээр экологийн гарц байгуулах төсөл хэрэгжүүлэх гэж байна.
Манай улсад өнгөрсөн сард болсон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамныхан анх энэ ажлын талаар танилцуулсан. Тухайн үед үүнийг санал, санаачилга төдий байдлаар олон улсын төлөөлөгчид, байгаль орчны салбарынханд зарлаад өнгөрсөн бол энэ сарын дундуур албажууллаа. Нийслэлд экологийн гарц байгуулах төслийг Богд хан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа, “Эн си ди” групп хамтран хэрэгжүүлэхээр санамж бичиг байгуулж, байршлыг нь тодорхой болгов. Энэ ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах чиг үүрэгтэй ажлын хэсгийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяраар ахлуулан байгуулав. Өдгөө инженерчлэл, архитектурын зураг төслийг нарийвчлан боловсруулж, санхүүжилт, хөрөнгө оруулалтын гэрээг нь эцэслэн баталгаажуулахаар ажиллаж байгааг яамныхан мэдээллээ. Үндсэндээ Богд хан ууланд экологийн гарц байгуулах нь нэгэнт тодорхой болж, бэлтгэл шатны ажил шуударчээ. Бүтээн байгуулалтыг нь ойрын хугацаанд эхлүүлэхээр төлөвлөснөө ч ажлын хэсгийнхэн зарлаад буй юм. Энэ нь бушуу туулай борвиндоо баастайн үлгэрийг давтах вий гэх болгоомжлолыг төрүүлж байна. Нөгөөтээгүүр, төрийн байгууллагынхны “ногоон гэрэл”-ээр зүтгүүлсэн төсөл, хөтөлбөрүүд болгон цаанаа далд ашиг сонирхолтой байдаг учир уг ажлын ард өөр санаа, зорилго байх вий гэсэн хардлага ч дагуулж эхлэв.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамныхан эл төслийг хэрэгжүүлэх үндэслэл, шаардлагыг танилцуулахдаа “Монгол Улсын анхны тусгай хамгаалалттай газар нутгийн нэг, дэлхийн эртний дархан цаазат уул болох Богд ханд 54 зүйлийн хөхтөн, 194 зүйлийн шувуу бүртгэсэн байдаг. Гэвч Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл, суурьшлын бүсийн тэлэлт, авто зам болон дэд бүтцийн хөгжлийн улмаас зэрлэг амьтдын амьдрах орчин хуваагдаж, чөлөөтэй нүүж, шилжих боломж улам бүр хязгаарлагдсаар байна. Ялангуяа халиун буга болон бусад туруутан амьтан ундаалах зорилгоор уулнаас Туул голын сав газар луу шилжих үед зам, барилга, байгууламж ихээхэн саад учруулах болсон. Тиймээс шинжлэх ухааны судалгаа, амьдрах орчны загварчлалд үндэслэн хоёр байршилд хувийн хэвшилтэй хамтран экологийн гарц байгуулахаар шийдвэрлэлээ.
Экологийн гарц бол зөвхөн зам дээгүүр барих гүүр биш. Энэ бол амьдрах орчны хуваагдлыг бууруулах, зэрлэг амьтдын нүүдэл, хөдөлгөөнийг дэмжих, ус, тэжээлийн эх үүсвэрт хүрэх боломжийг нэмэгдүүлэх, экологийн коридорыг хамгаалах цогц шийдэл. Үүнийг байгуулснаар зэрлэг амьтад байгалийн гамшиг, ой, хээрийн түймэр зэрэг эрсдэл үүссэн үед ч аюултай бүсээс шилжин гарах боломж бүрдэнэ” гэсэн ухаарлын шинжтэй, сайн сайхан зүйлс ярьж буй. Гэвч бодит нөхцөл байдал ямар байгаа билээ.
Монголчууд Богд хан уулыг дархан цаазтай, эртний түүхтэй, тусгай хамгаалалттай, тэр ч бүү хэл, ЮНЕСКО-гийн Дэлхийн шим мандал, байгалийн нөөц газрын сүлжээнд данстай гэх зэргээр элдэв чимэг тодотгол зүүж, сүртэй танилцуулдаг ч тэр хэмжээндээ хамгаалж чаддаггүй. Өдгөө тус уул дархан цаазтай, тусгай хамгаалалттай гэхэд хэцүүхэн дүр зурагтай, зарим хэсэгт нь газар олголт хэрээс хэтэрчихсэн, барилга, байгууламжаар дүүрчихээд буй. Салбарын яамныхан болон тухайн хэсгийг хариуцсан захиргааныхан хууль бус газар олголтыг цэгцлэх, төвлөрлийг сааруулах, стандартын бус хашаа, хашлагыг буулгах чиглэлээр өнгөрсөн хугацаанд үр дүнтэй ажиллаж чадаагүй учраас нөхцөл байдал иймдээ тулсан. Тухайн бүс дэх зэрлэг амьтад чөлөөтэй нүүж, шилжих нь байтугай идээшлэн бэлчээрлэх нутаггүй болоход ойрхон байгаа.
ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн судлаачдын 2025 онд хийж, өнгөрсөн хавар танилцуулсан, халиун буга, бор гөрөөсний бэлчээрийн даац, амьдрах орчны судалгааны үр дүн үүнийг нотолно. Тус судалгаагаар Богд хан уулан дахь зөвхөн эл хоёр амьтны тархац нутгийн давхцал гэхэд 60100 хувьд хүрснийг тогтоосон бөгөөд 2000-аад оноос өмнөх үед тоо толгой нь 3500-4000 байсан халиун буга өдгөө 400 хүрэхтэй, үгүйтэй болтлоо цөөрч, бэлчээр нь 124 ам км хүртлээ хумигдсаныг илрүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, дархан цаазат Богд хан уулын биологийн олон янз байдал, тэр дундаа зэрлэг амьтдын амьдрах орчны асуудал тартагтаа тулсан гэсэн үг. Тэнд зэрлэг амьтанд зориулж экологийн гарц байгуулах бус, нүүдэл, шилжилт хөдөлгөөний гол замуудыг чөлөөлөх нь илүү чухал. Гэтэл байгаль орчны салбарынхан гэнэт ухаан орсон аятай “Экологийн гарц байгуулж, амьтдаа аварна” хэмээн шуурхайлан ажиллаж эхлэв.
Нэгдүгээрт, энэ бол хожимдсон ажил. Хоёрдугаарт, үүнийг яаруу сандруу хийлээ гээд алдахаас биш, хожихгүй. Хөдөө хээр, тал нутагт экологийн гарцыг ихэвчлэн зам, тээврийн үндсэн коридор (авто болон төмөр зам)-ыг давуулах, эсвэл доогуур нь туннель хэлбэрээр гаргаж байгуулдаг бол Улаанбаатар шиг нягт суурьшил, төвлөрөлтэй газарт ийм байгууламж барих нь архитектур, инженерчлэлийн хувьд маш нарийн, төвөгтэй ажил. Олон улсын нийтлэг жишгээс харахад зэрлэг амьтны гол тархац нутаг, ундаалдаг цэг, нүүдэл, шилжилт хийдэг коридор, суурьшилтай ойр ногоон бүс, хөдөлгөөний эрчим өндөр, ирээдүйд хэт төвлөрөл үүсэх магадлалтай газруудад ан амьтдыг аюулгүй зорчуулах үүднээс ийм гарц төлөвлөдөг. Зам, дэд бүтэц, бүтээн байгуулалтын томоохон төсөл хэрэгжүүлэхдээ зэрлэг амьтдын нүүдлийн замд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг нэн түрүүнд чухалчилж, эхнээсээ л үүнийг байгуулдаг юм. Нэг ёсондоо амьтад хорогдоод, хохироод эхэлснийх нь дараа бус, ийм эрсдэлд орохоос нь өмнө амжиж экологийн гарц төлөвлөдөг гэсэн үг. Гэтэл манайхан Богд хан уулынхаа амуудыг “байшин хороолол”-оор дүүргэж, зэрлэг амьтдынхаа “хөлийг тушчихаад”, өнгөрсөн борооны араас цув нөмөрцгөөж байна. Иймд уулын амьтдыг усанд хүргэх зам гаргана гэж хөөрцөглөхөөсөө урьдаар нарийн тооцоо, судалгаа хийх хэрэгтэй.
Байршил тодорхойлох судалгаа хийсний үр дүнд Хүрхрээгийн болон Чандманийн ам орчимд экологийн гарц байгуулахаар болсон тухай албаны хүмүүс мэдээлсэн. Чухам юунд үндэслэж, ямар судалгаа, шалгуураар эдгээр байршлыг сонгосон нь тодорхойгүй. Магадгүй зарим судлаачийн бичиж байгаачлан тохиромжтой бус, “олдсон” газрыг нь сонгосон байж болзошгүй. Тэгвэл эл байгууламж амьтдыг аврах бус, алах занга болж хувирах ч эрсдэлтэй.
Экологид ээлтэй хот төлөвлөлтийн чиглэлээр судалгаа хийдэг, архитектур Н.Отгонбаяр “Суурьшлын бус газарт байгуулах экологийн гарц зөвхөн инженерчлэлд тулгуурладаг бол хот, суурин газрынхад ландшафт, хот төлөвлөлтийн концепц зэргийг авч үзэх шаардлагатай байдаг. Илүү ажиллагаатай, нарийн зохицуулалтай. Тиймээс хамгийн чухал нь байршлаа зөв тодорхойлох юм. Экологийн гарцыг зэрлэг амьтдын байгалийн зөн совин, нүүдлийн замналаас зөрүүлж, буруу газарт байгуулбал санхүүгийн гарз учруулаад зогсохгүй байгаль орчин, хотын аюулгүй байдалд сөрөг үр дагавруудыг авчирна. Хамгийн энгийн жишээ дурдахад, энэ нь амьтдыг хотын төв рүү хөтлөх үхлийн занга болох, зам, тээврийн ослын “хар цэг”, экосистемийн тусгаарлалт үүсгэх, золбин нохой, махчин амьтдад ангаа отох цэг бий болгох зэрэг олон эрсдэлтэй” гэсэн юм. Тиймээс байршлаа сонгож, төлөвлөхдөө маш няхуур хандах ёстой аж. Үүнээс өмнө “Манай хотод экологийн гарц байгуулах шаардлагатай юу” гэдгийг ч ул суурьтай авч үзэх ёстой гэнэ.
Одоогийн нөхцөл байдлаас харахад дархан цаазат Богд хан ууланд экологийн гарц байгуулах бус, газар чөлөөлөх ажлыг л нэн даруй хийх шаардлагатай байна. Тусгай хамгаалалттай газарт хууль зөрчин зөвшөөрөлгүй барьсан, стандартын бус “төмөр шорнууд”-ыг буулгаж цэгцлэх талаар яриад хоёр жил орчим болж буй ч өөрчлөгдсөн, дээрдсэн зүйл одоогоор алга. Уулын амуудыг байшин, барилгаар дүүргэж, ой модон дунд хүртэл баахан хашаа бариулчихсан байхад зэрлэг амьтад хэрхэн чөлөөтэй нүүдэллэж, шилжилт хөдөлгөөн хийх билээ. Байгалийн гарцыг хаагаад, баахан саад үүсгэчихсэн байхад та бүхний байгуулах “туннель”-д ч хүрч чадахгүй шүү дээ.
Н.Мишээл