Монгол Улсын шүүхийн түүхэнд анх удаа олон улсын стандартад нийцсэн, зориулалтын цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орууллаа. Тус аймагт шүүх байгуулагдсаны 100 жилийн ойн босгон дээр уг барилгыг барьж дуусган нээлт хийсэн юм. Нээлтэд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Цогт, Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-ийн дарга П.Золзаяа, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн тэргүүтэй албаны хүмүүс, тус шүүхэд ажиллаж байсан болон өдгөө ажиллаж буй шүүгч, ажилтнууд оролцсон байна. Шүүхийн шинэ цогцолбор барилга нь дөрвөн давхар, 3175 ам метр талбайтай, шүүх хурлын таван танхим, шүүгчийн 14, туслахын мөн тооны, Тамгын газрын ажилтнуудын ес, эвлэрүүлэн зуучлах хурлын, хүүхдийн, гэрч тусгаарлах, түр саатуулах, хэргийн материалтай танилцах өрөө, сургалтын хоёр танхим гээд бүх зүйлийг олон улсын стандартын дагуу шийдсэн аж. Гол онцлог нь шүүхийн үйл ажиллагаанд оролцож буй хүмүүсийн аюулгүй байдлыг хангах архитектурын шийдэл. Гэрч, хохирогчдыг шүүгдэгч болон бусад оролцогчоос тусдаа хаалгаар оруулах байдлаар барилгыг төлөвлөжээ. Мөн гэрч тусгаарлах болон түр саатуулах тусгай өрөөтэй болсноор хэргийн оролцогчдын аюулгүй байдлыг хангах, тэднийг сэтгэл зүйн дарамтаас хамгаалах нөхцөл бүрдсэн байна.
Хүүхэд оролцсон маргаан, хэргийг шийдвэрлэх явцад ашиглах зориулалттай өрөөг олон улсын стандартад нийцүүлэн тохижуулснаар тэдний сэтгэл зүйн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй, тав тухтай орчинд мэдүүлэг авах, уулзах боломж бүрдүүлсэн гэнэ.
ШЕЗ-ийн дарга П.Золзаяа “Шүүхийн хараат бус байдлыг хангахын тулд зөвхөн хууль, эрх зүйн баталгаа хангалттай биш бөгөөд шүүгч хараат бусаар ажиллах орчин, захиргаа мэргэжлийн түвшинд ажиллах нөхцөл, иргэн энэ төрлийн үйлчилгээг хүндрэлгүй авах дэд бүтэц мөн адил чухал” хэмээсэн бол Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн “Шүүхийн барилга нь иргэн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байх, айж эмээх зүйлгүйгээр шударга ёсыг нэхэмжлэх үндсэн эрхийг баталгаажуулах орон зай болох ёстой” гэлээ.