“Автомашингүй өдөр”-ийг 2009 оноос хойш нийслэлд хэрэгжүүлж буй. Ганц өдөр машины утаагүй, чих амар өнжиж, төв замаар чөлөөтэй алхан, хүүхдүүдээ тоглуулж, стресс тайлах зорилгоор эл өдрийг бий болгосон аж. Тэгвэл өнөө жил хотын шинэ дарга Б.Пүрэвдагва “Шөнийн марафон”-ыг автомашингүй өдөртэй хамтатган хийж, иргэдийн эрүүл мэндийг дэмжсэн “гоё” арга хэмжээ явуулъя гэж сэтгэжээ. Энхтайваны өргөн чөлөө буюу Баруунаас Зүүн дөрвөн замын чиглэлд төв замаа 07.00-18.00 цаг хүртэл хаадаг. Нэмээд Сөүлийн гудамж, Бага тойруу, Төрийн ордон, МУИС орчим ч машингүй бүсэд багтсан. 14 дэх жилдээ болж буй юм болохоор үүнд эрхбиш иргэд дассан, хүлээцтэй хандаж, нээлттэй бусад замыг сонгоод ажил төрлөө зохицуулж сурчээ. Харин “Шөнийнмарафон” хийх санаа нь цагаа ч, байршлаа ч оносонгүй. Үүний тулд тодорхой замуудыг 23.00 цаг хүртэл үргэлжлүүлэн хааснаас болж бусад боломжит чиглэлд тэг зогсолт үүсэж, олон хүнийг бухимдуулав. Зам дээр 3-5 цаг “амьдарч”, цаг зав, шатахуун, мөнгө, стрессээ барсан иргэд уурлахаас яах билээ. Мөн олон аж ахуйн нэгж нэг өдрийн орлогоо алдлаа.
Дээрх хэсгээр өдөрт дунджаар 150 мянган тээврийн хэрэгсэл зорчдог. Тэгвэл шөнийн марафонд нийт есөн мянга орчим иргэн оролцжээ. Энэ бол нийслэлийн 1.6 сая хүн амын нэг хувьд ч хүрэхгүй тоо. Тэд тав, 10, 21 км гэсэн ангиллаар оролцож, нэг иргэн 29 000-100 000 төгрөгийн хураамж төлсөн байна. Мөн 60 орчим хувь нь 21 км-ийн холын зайд гүйсэн. Тэгэхээр арга хэмжээг зохион байгуулсан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Шөнийн марафон” ХХК, тасалбар борлуулсан portal.mn зөвхөн бүртгэлийн хураамжаас багадаа 720 сая төгрөг олсон гэсэн үг. “Шөнийн марафон” хэмээх компанийг өнгөрсөн наймдугаар сарын 31-нд шинээрбайгуулжээ.Нэрнээсньхарахадлзориулалт нь тодорхой. Хотын захиргаатай хамтарсан эл хоёр компани нэг эзэнтэй. Энэ мэт “но”-той мэдээлэл нь хүн амын цөөн хэсгээр түрээ барьж, бизнес хийсэн л үйлдэл хэмээн ойлгогдохоор байна. Тусгайлан байгуулсан компанид хотын төсвөөс нэг ч төгрөг өгөөгүй хэмээн нийслэлийн Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаа мэдэгджээ. Гэхдээ үүнд итгэх хүн хэр олон бол.
Нөгөө талд нь аж ахуй эрхлэгчдийн орлого, иргэдийн зам дээр зарцуулсан шатахуун, цаг зав гээд хохирлыг хэн ч тооцохгүй, хариуцахгүй. Урьдчилж зарласан, нийтийн тээврээ нэмсэн. Үүнд зохицуул хэмээн тулгах нь бүдүүлэг хэрэг. Хот марафон зарлалаа гээд бизнес зогсохгүй, иргэдийн амьдралд ч яаралтай эмнэлэг орохоос эхлээд төлөвлөөгүй олон асуудал гарна. Үүнд марафонд оролцсон иргэдийг хэн ч буруутгаагүй. Зохион байгуулагчдыг л шүүмжилж буйг ойлгох биз. Тэгж л их иргэдээ бодоод буй юм бол жинхнээсээ шөнийн цагаар явуул, эсвэл хотын зах, гадна гээд бусдын тавыг алдагдуулж, төвөг болохгүйгээр зохион байгуул л даа. Нэг хувьд нь “туслах” гээд олонхын сэтгэл зүй, хөрөнгө мөнгөөр нааддаг, тэгж мөнгө олдог увайгүй аргаа боль. Үгүй бол хотын дарга Б.Пүрэвдагва та ажлаа чаддаг хүнд нь өг. Метрополитан хот болгон шөнийн марафон явуулдаг гэчихжээ. Манай Улаанбаатар тэдгээр хотын хэмжээнд метро барин түгжрэлээ шийдсэн, иргэдээ аюулгүй, тухтай орчинд амьдруулдаг болсон үедээ л тэдэнтэй өөрсдийгөө жиш.