Сүхбаатарын талбайн баруун тал, Төв шуудангийн дээр байрладаг цаг ажиллахгүй долоо хонох гэж байна. Нийслэлийн иргэд хотын төвийнхөө тэрхүү цагийг харж, завгүй амьдралын хэмнэлээ тохируулдаг гэхэд хилсдэхгүй. Гэтэл өнгөрсөн лхагва гаргаас эхлэн зүү нь эргэхгүй, 16.15 цагийг заагаад зогсжээ. Энэ талаар нийслэлийн ЗДТГ-аас лавлахад “Нийслэлд хамаагүй, “Монгол шуудан” ХК мэднэ” гэв. Харин тус компанийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэн “Төв шуудангийн барилгад дөрвөн байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Энэ асуудлыг “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийнхан хариуцах байх” хэмээсэн. Эл компанийн гүйцэтгэх захирал С.Адъяасүрэнгээс лавлахад “Төв шуудангийн цаг эвдэрсэн гэх дуудлагыг бид өнгөрсөн лхагва гаргийн өглөө Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд өгсөн. Одоогоор цагийг засаж, ажиллуулаагүй байна. Нэг чип нь эвдэрсэн, Герман улс руу захисан гэсэн. Техник, засвар үйлчилгээ, цахилгааны төлбөрийг нийслэл хариуцдаг” гэсэн юм. Харин “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК-ийн захирал А.Цогтсайханаас энэ талаар тодруулахад “Цагны удирдлагын аппарат нь шатсан. Засвар, үйлчилгээний талаар бид ярилцаж байна. Германд үйлдвэрлэсэн цаг. Тухайн компанитай нь холбогдсон боловч үйлдвэрлэхээ больсон, сэлбэг, хэрэгсэл байхгүй гэсэн” хэмээн ярилаа.
Холбогдох газрын дарга, мэргэжилтнүүд нь хотын төв талбайд байрладаг, гурван зүгт харсан тэрхүү цагийг хэрхэн засах, хэвийн ажиллагаанд оруулах тухайд мэдээлэлгүй байна.Британи,Швейцар, Австри, Герман, Итали, Франц, Япон, Өмнөд Солонгос зэрэг дэлхийн олон оронд хотын төв талбай, захиргааны байр, түүхэн цамхагт нийтийн зориулалттай том цаг бий. Гэтэл бид төв талбайн цагаа эвдрээд долоо хонож байхад хариуцах эзэнгүй, хэзээ ажиллуулахыг мэдэхгүй суугаа нь харамсалтай.
Ч.Болор