“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдлын хэрэгжилт” сонсголыг өчигдөр Төрийн ордонд эхлүүллээ. Сүүлийн 18 жилийн хугацаанд хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд урамшуулал хэлбэрээр 538 тэрбум, дэмжлэгээр 1.1, хөнгөлөлттэй зээлд 4.4 их наяд төгрөг олгосон аж. Гэсэн ч тус салбарын ажилчдын тоо 31 000-аар буурч, бүтээмж нь улсын дунджаас хоёр дахин багасан, импортын хүнсний хамаарал 5.6 дахин өссөн гэнэ. Төсвөөс зарцуулсан зээл, тусламж зөв эздэдээ очиж, үйлдвэрлэл, бүтээмжийг дээшлүүлсэн бол үр дүн нь заавал харагдах учиртай. Гэвч нийт ургацын хэмжээ өсөөгүйгээр үл барам улаан буудай, төмсөө дотоодоос нийлүүлэх зорилт тасалдан, салбарт олгосон татаас, зээл чанаргүйдсэнийг сонсголын үеэр онцолсон юм. Тодруулбал, “Хөдөө аж ахуйн корпорац” (ХААК) төрийн өмчит компаниас газар тариалан, мал аж ахуйн салбарт үрийн буудай, бордоо, шатахуун зэрэг 10-аад төрлийн дэмжлэг гэрээний дагуу олгодог.
Тэгвэл тус компанийн 2019-2025 оны санхүүгийн тайлангийн аудитаар авлага, өр төлбөрийн баталгаажуулалт нь чанаргүй, найдваргүй болох эрсдэлтэй, хуримтлагдсан авлагатай холбоотой нийт 627.2 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ. Өөрөөр хэлбэл, ХААКаар дамжуулан аж ахуйн нэгжүүд, малчид, тариаланчдад олгосон дэмжлэг, хөнгөлөлттэй зээлийн гурван төгрөг тутмын нэг нь авлага болсон гэнэ. Түүнчлэн дэмжлэг, зээлийн эргэн төлөлт, авлагатай холбоотой зөрчлүүд сүүлийн 15 жил үргэлжилж байгааг сонсголын шинжээчид мэдээлэв.
Сангийн яамнаас Тариалан эрхлэгчдийг дэмжих болон Мал хамгаалах сангийн 2011- 2018 оны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийснийг танилцууллаа. Үүгээр Тариалан эрхлэгчдийг дэмжих санд 96.8, Мал хамгаалах санд 28.3 тэрбум төгрөгийн авлага, өр төлбөр, зээлийн эргэн төлөлттэй холбоотой зөрчил гарсан байна. Газар тариалангийн техник, тоног төхөөрөмж дамжуулах зээлийн эргэн төлөлтөд ч 359.7 тэрбумын зөрчил илэрчээ. Мөн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гийн сүүлийн 10 жилийн санхүүгийн аудитын дүгнэлтээр зээлийн эргэн төлөлт, авлагатай холбоотой нийт 484.4 тэрбум төгрөгийн зөрчил үүсжээ. Энэ нь тус сангаас олгосон зээл, хөнгөлөлтийн хоёр төгрөг тутмын нэг нь буюу 50-иас дээш хувь нь чанаргүйдэн, хэвийн бус болсныг илэрхийлж буй хэрэг гэнэ. Ийнхүү хүнс, хөдөө аж ахуйн салбарт төрөөс олгосон мөнгөн дэмжлэг, зээл, хөнгөлөлтийн багагүй хувь нь чанаргүй болж, анхаарал хандуулах өр, авлагыг үүсгэсээр ирсний улмаас тус салбарын бүтээмж буурч, ажил хийх хүн цөөрч, мах, гурил, гурилан бүтээгдэхүүн, сүү, цагаан идээ зэрэг өргөн хэрэглээний барааны үнэ тогтмол нэмэгдэж байгааг сонсголд оролцогчид тэмдэглэлээ. Ингээд сонсголд оролцсон албаныхан, төрийн бус байгууллага, малчдын төлөөлөл юу хэлснийг хүргэе.
Ц.ИДЭРБАТ(Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд):
-Өнөөдрийн (өчигдөр) ерөнхий хяналтын сонсголд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2008 оноос хойш төрөөс хэрэгжүүлж ирсэн бодлого, хөтөлбөр, урамшуулал, санхүүгийн дэмжлэг, зээлийн хүүгийн татаас болон тэдгээрийн бодит үр дүнгээс танилцуулъя. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр нь хүнсний хангамж, аюулгүй байдал, малчид, тариаланчдын орлого, ажлын байр, үндэсний үйлдвэрлэл, экспортын орлого, цаашлаад улсын эдийн засгийн тогтвортой байдалтай шууд холбоотой стратегийн салбар юм. Салбарын үйлдвэрлэл 2025 оны байдлаар 23.3 их наяд төгрөгт хүрч, ажиллах хүчний зах зээлийн 45.3 хувийг бүрдүүлсэн. Мөн манай улсын хөдөө аж ахуйн эдэлбэр газар 108.8 сая га бөгөөд 58.1 сая толгой мал маллаж буй 313.2 мянган малчин ажиллаж, амьдарч байна. Түүнчлэн нэг сая орчим га эргэлтийн талбайд 15 мянган иргэн, 1500 аж ахуйн нэгж газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа бол хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарт 4800 орчим үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулдаг. Уг сонсголоор бид төрөөс ямар дэмжлэг үзүүлсэн бэ гэдгээс илүүтэйгээр олгосон дэмжлэгийн үр дүнд үйлдвэрлэл, бүтээмж, орлого, ажлын байр бий болов уу, дотоодын хангамжид ямар өөрчлөлт гарсан бэ гэдгийг бодит тоон үзүүлэлтээр танилцуулах нь зүйтэй байх. 2008 оноос хойш хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт нийт 30 орчим үндэсний хөдөлгөөн, аян, хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжүүлжээ. Үүний үр дүнд 2007 оныхтой харьцуулахад өнгөрсөн жил газар тариалангийн салбарын нийт үйлдвэрлэл 172.7 тэрбум төгрөгөөс 1.9 их наядад хүрч, 19 жилд 11.2 дахин өссөн. Нийт тариалсан талбайн хэмжээ өдгөө 601.6 мянган га-д хүрч, гурав дахин нэмэгдсэн байна. Улаан буудай болон үр тариа, тэжээлийн таримал, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл 2007-2025 онд 3-19 дахин ахисан. “Монгол мал” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр тухайн үед 1.3 их наяд төгрөгөөр хэмжигдэж байсан мал аж ахуйн салбарын нийт үйлдвэрлэл 2021 онд 6.2, 2025 онд 8.7 их наяд төгрөг болж өсжээ. “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2025 онд 384.1, 2026 онд 463.4 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгосон. Ингэснээр 2025 онд үндэсний үйлдвэрүүд анх удаа үйлдвэрлэлийн түүхий эдийн 70 орчим хувь буюу 6000, 2026 онд 60 орчим хувь буюу 4800 гаруй тонн ноолуур бэлтгэсэн. Хөнгөн үйлдвэрийн салбарт 46 мянган ажлын байр бий бөгөөд жилд 2.3 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй. Өнөөдрийн танилцуулгууд, сонсголоос харахад манай салбарт хэрэгжүүлсэн төрийн бодлого, хөтөлбөр, урамшуулал, хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг нь салбарын үйлдвэрлэлийн суурь, дэд бүтэц, техник технологи, түүхий эдийн хангамж, боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсныг дурдах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, төрийн дэмжлэгийн үр дүн үйлдвэрлэлийн бий болсон хүчин чадал, нэмэгдсэн талбай, шинэчлэгдсэн техник, тоног төхөөрөмж, нэвтрүүлсэн технологи, ажлын байр, болон дотоодын хангамжаар илэрхийлэгдэх учиртай. Цаашид төрийн бодлогыг бүтээмж дээшлүүлэх, түүхий эдээс нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дотоодын хангамжийг тогтвортой өсгөх, хадгалалт, боловсруулалтын алдагдлыг бууруулах, чанар, стандарт, өрсөлдөх чадварыг сайжруулах чиглэлд төвлөрүүлэх шаардлагатайг хүлээн зөвшөөрнө. Эцсийн дүндээ бид Монгол Улсыг зөвхөн түүхий эд үйлдвэрлэгч, нийлүүлэгч орон байлгах бус, түүхий эдээ бүрэн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, хүнсний хангамж, аюулгүй байдлаа тогтвортой хангадаг, өрсөлдөх чадвартай үйлдвэрлэлийн тогтолцоотой орон болгон хөгжүүлэх зорилт тавьж байна.
М.МАНДХАЙ (УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга):
-Хөдөө аж ахуйн салбарт төрөөс онцгой анхаарч ирсэн. Улаан буудай болон арьс, шир, сүү, хүнсний ногооны урамшууллыг тоочоод баршгүй. Ноос, ноолуурын урамшуулал ч бий. Ер нь ямар нэгэн байдлаар урамшуулал аваагүй салбар байхгүй. Чацаргана тарьсан ч дэмжлэг өгч байсан. Нөгөөтээгүүүр, төр өгөөд, татвар төлөгчдийн мөнгөнөөс зарцуулаад л байдаг үр дүн, өөрчлөлт, дэвшил гарсан уу. Үр дүнтэй байсан бол хэдхэн жилийн хугацаанд мах 3500- гаас 35 мянган төгрөг болтлоо өсөх үү. Зөвхөн мах ч гэлтгүй гурил, будаа, сүү, төмс, ногоо гээд өргөн хэрэглээний барааны үнэ бүгд өссөн. Кг гурил 750 төгрөг байсан бол өдгөө 3450, сүү литр нь 4500-5500 төгрөг болчихсон. Олон улсад сүүлийн 20 жилд хүнсний үнэ дунджаар хоёр дахин л нэмэгдсэн судалгаа бий. Тэгвэл манайд 5-10 дахин өссөн. Хамгийн гол нь төрөөс энэ салбарыг бодлогоор дэмжсээр ирсэн ч ийм л нөхцөл байдалтай байгаа нь харамсалтай. Хичээн ажиллаж буй хэдэн тариаланч, малчин, ногоочинд энэ яригдаад буй урамшууллууд шударгаар очиж чадсан уу. Ажиллая, бүтээе гэсэн хөдөлмөрч хүмүүст нь хүрсэн үү. Түүнчлэн УИХ бол хууль тогтоох, иргэдийг төлөөлөхөөс гадна хянах чиг үүрэгтэй байгууллага. Тэр хүрээндээ хийх энэхүү сонсголоос өчнөөн дэмжлэг өгөөд байсан нь зөвдсөн үү, буруу болсон уу, төр хаана алдав, тариаланчид, аж ахуйн нэгжүүд хэр хариуцлагатай ажилласан бэ гэдгийг дүгнэх боломж гарна.
Л.МӨНХБАЯСГАЛАН (УИХ-ын гишүүн): -Хөдөө аж ахуйн салбар чинь мафижсан юм биш үү. 2008 оноос хойш хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгосон зээл, татаасны хэмжээ зургаан их наяд төгрөгөөр яригдаж байна. Үндэсний хэмжээний хөтөлбөрүүдээс сайдын тушаал, талуудын хооронд байгуулсан гэрээ алга. Тухайлбал, үндэсний хэмжээнд хэрэгжүүлсэн “Монгол мал”, “Монгол малчин”, “Эрчимжүүлсэн мал аж ахуйг дэмжих”, “Хоршоог хөгжүүлэх”, “Мах”, “Үйлдвэржилт-21”, “Мах, сүүний анхдугаар аян” зэрэг хөтөлбөрүүдийн гэрээ алга, сайдын тушаал нь олдоогүй. Ийм замбараагүй байна. Татвар төлөгчдийнмөнгөөр хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд ийм л байдалтай болж. Ийм салбарыг өмөөрч, төсөл, хөтөлбөрийг амжилттай болсон гэж байгаа хүмүүс ичих хэрэгтэй. Салбарын сайд юу хэлэх вэ, ямар хариуцлага тооцох вэ.
Б.БАТ-ЭРДЭНЭ (УИХ-ын гишүүн): -Сонсголд бэлтгэн ирүүлсэн материалаас харахад мэдээлэлд, эрх мэдэлд ойр хүмүүс нь өөрт ашигтайгаар ажиллаж иржээ. Улаан буудайн урамшууллын материалыг хуурамчаар үйлдсэн 30 компани 562.2 сая төгрөг авсан нь ч байна. Мөн үндэсний хөтөлбөрүүдээс сонсголд материалаа ирүүлээгүй, шаардлага хангаагүй материал ирүүлсэн тохиолдол цөөнгүй. Сонсголын материалыг шинжилсэн шинжээчид ч хангалтгүй ажилласан. Шаардсан бичиг баримтын 63 хувийг бэлтгэн, ирүүлээгүйгээс энэ нь харагдана. Түүнчлэн сонсгол зохион байгуулаад өнгөрөх биш, хариуцлага алдсан албан тушаалтнуудад заавал хуулийн хариуцлага хүлээлгэн, албан тушаалаас нь огцруулах хэрэгтэй.
Р.СОДХҮҮ (Монголын тариалангийн бүс нутгийн тариаланчдын холбооны тэргүүн): -1997 онд тухайн үеийн Ерөнхий сайд гурил, хүнсний ногооны импортын татварыг тэглэж, монголчуудын өөрсдийн тарьдаг, бүтээдэг салбарыг бүрэн “унагасан”. Ийм уналтын нөхцөл байдал 10-аад жил үргэлжилсээр 2007 онд “Атар III” аяныг хэрэгжүүлснээр дээрдэж, хөгжиж ирсэн. Ер нь эрс тэс уур амьсгалтай, ийм онцлог цаг агаартай манай орны нөхцөлд газар тариалангийн салбар урамшуулал, татаас, зээлгүйгээр хөгжихөд хэцүү. Тиймээс дэмжлэг заавал хэрэгтэй. Гэхдээ дэмжлэг, урамшуулал олгосон ч импортын гаалийн татварыг тэглэдэг, тариаланчид, үйлдвэрлэгчидтэйгээ хамтран ажилладаггүй, урт хугацааны бодлого хэрэгжүүлдэггүй төрийн албан хаагчдын нөлөөгөөр хүнс, хөдөө аж ахуйн салбар бүтээмж муутай байна.
М.БЯМБААХҮҮ (Дорноговь аймгийн Айраг сумын малчин): Хөдөө аж ахуйн салбар урт хугацаандаа “унаж”, залуу малчид цөөрөн, бүтээмж багассаар байна. Энэ нь малчдыг биш, тариаланчдыг л дэмжиж ирсэнтэй холбоотй. Малчдын хувьд зуд, ган болсны улмаас мал нь цөөрч, амьдрахад хэцүү болж буй. Амьжиргаагаа залгуулахын тулд машин унах, ийш тийш зорчих шаардлага гардаг. Гэтэл шатахуун байдаггүй. Малчны автомашин хэдэн литр шатахуун зарцуулах вэ, 10 литр бензин авъя гэхэд л олдохгүй байх жишээтэй. Гэтэл уул уурхайн компаниуд хэдэн литр түлш хэрэглэдэг билээ. Тэгсэн хэр нь залуу малчдаа дэмжье, нутагтаа эзэн болъё гээд л байдаг. Мал маллаж амьдрах хүн ч цөөрлөө, залуу малчингүй боллоо гэсэн юм.
Дээрх хэлэлцүүлгээр зөрчил гаргасан, бүтээмж, чанаргүй ажилласан аж ахуйн нэгжүүдэд дахин дэмжлэг олгосноор авлага, алданги улам өсөн, хариуцлагагүй байдал нэмэгдэхийг онцоллоо. Ийнхүү эрсдэлийг санхүүжүүлсээр байх нь төсвийн ачааллыг өсгөн, дарамтыг нэмнэ. Улмаар өргөн хэрэглээний барааны үнийг өсгөж, иргэдийн худалдан авах чадварт муугаар нөлөөлөхийг тэмдэглэсэн. Тиймээс дээрх сонсголыг зохион байгуулж, иргэдэд нээлттэй мэдээлэл хүргэн, хариуцлага алдсан, хөнгөлөлттэй зээл, тусламжийг зориулалтын бусаар зарцуулсан, үүргээ биелүүлээгүй албан тушаалтан, иргэн, аж ахуйн нэгжүүдийг олж, арга хэмжээ авхуулах ёстойг оролцогчид хэлэв. Сонсгол өнөөдөр мөн үргэлжилнэ.
С.Дулам