Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх, академич С.Нарангэрэл Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд орос хэлээр туурвисан бүтээлээ бэлэглэв. Энэ нь 25 000 нэр томьёо ба хэллэг бүхий “Орчин үеийн орос-монгол хууль зүйн тайлбар толь” болон “Хуулийн амин сүнсийн эрэл ба Чингис хааны гэрээс” ном юм. Сүүлчийн номыг нь ОХУ-ын Буриадын их сургуулийн хэвлэлийн газар, тус сургуулийн профессор, хууль зүйн шинжлэх ухааны доктор А.Т.Тумуровагийн өмнөх үг, хянан тохиолдуулснаар 2019 онд Улаан-Үүд хотноо хэвлэн гаргажээ. Академич С.Нарангэрэл “Монгол-Оросын найрамдлын сарын өдрүүд үргэлжилж буй цаг үед, түүнчлэн ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан зарим улсууд орос хэлийг ялгаварлан гадуурхаж байгаа цөвүүн цаг үед Монгол эрдэмтэн миний бие сүүлийн жилүүдэд орос хэл дээр туурвисан бүтээлээ Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд дурсгаж байгаадаа сэтгэл дүүрэн байна. Мөнхийн хөрш Орос гүрэн, орос ард түмэнтэй орос хэлгүйгээр харилцахын аргагүй билээ. Энэ бол хэн ч няцаахын аргагүй бодит үнэн юм” хэмээгээд урьдын адил Монголын залуу үеийнхнийг эх орондоо сургаж, ахисан түвшний сургалтад хамруулсан оюуны их хөрөнгө оруулалт хийж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх С.А.Краминцев академич С.Нарангэрэл орос хэл дээр туурвисан үнэ цэнтэй бүтээлээ манай Элчин сайдын яаманд зориуд бэлэглэж, хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд их хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэв. Монголын нэртэй эрдэмтэн Таны бүтээлийг хүлээн авах нь бидний хувьд нэр төрийн хэрэг гэж үзэж байна гэв.