Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд ЭХЭМҮТ-ийнхөн найм дахь жилдээ хорт хавдартай тэмцэж, ялан дийлсэн хүүхдүүд, тэдний гэр бүл, асран хамгаалагч нартай хамтдаа тэмдэглэжээ. Энэ үеэр хорт хавдрыг даван туулсан 23 хүүхэд эмчилгээгээ амжилттай дуусгаж, эдгэрлийн хонхоо цохин, алтан медалиа энгэртээ зүүжээ. Өөрөөр хэлбэл, олон сар, жил хүнд өвчинтэй тэмцэж, эдгэрсэн хүүхдүүд ийн “Хонх цохих” ёслол үйлддэг уламжлалтай. ЭХЭМҮТ-ийн захирал Ж.Отгонбаатар “Хорт хавдрыг зөвхөн эмийн эмчилгээ төдийгүй сэтгэл зүй, нийгмийн дэмжлэг, хайр халамжийн хүчээр ялан дийлдэг. Олон хүүхэд өвчнөө ялан дийлж, амьдралынхаа шинэ хуудсыг нээлээ. Үүнд эмч, ажилтнуудын маань хичээл зүтгэл, тууштай байдал гол үүрэг гүйцэтгэдэг” гэв.
Ташрамд дурдахад, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард манай улс цусны хавдартай хүүхдүүдэд анх удаа үүдэл эс шилжүүлэн суулгасан. Жилд эл эмчилгээг хийлгэхээр 6-8 хүүхэд гадаад улсыг зорьдог байна. Цаашид энэ урсгалыг зогсоож, 2030 он гэхэд эл эмчилгээг хийлгэхээр ганц ч хүүхдийг гадагшаа явуулахгүй байх зорилт тавьснаа тус төвийн эмч нар дуулгасан юм.
Ч.Болор