ЧӨЛӨӨТ БӨХӨД СОНИРХОЛТОЙ ХҮҮХДҮҮДИЙГ МЭРГЭЖЛИЙН ТАМИРЧНААР БЭЛТГЭВ
Налайх дүүргийн Биеийн тамир, спорт хорооны дарга, чөлөөт бөхийн дасгалжуулагч Д.Мөнхбаярыг спортын хү рээллийнхэн, тэр дундаа бөхийн хорхойтнууд андахгүй. Сүүлийн үед түүний шавь нар шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, олон улс, тив, дэлхийн тэмцээнд цахиур хагалан медаль хүртэж, багшийнхаа хичээл зүтгэл, хэрхэн хөдөлмөрлөж буйг олонд харуулсаар байна. Тэрбээр 2004 онд тус дүүргийн “Голомт” цогцолбор сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж, хөдөлмөрийнхөө гарааг эхлүү лэхдээ чөлөөт бөхөд сонирхолтой хүүхдүүдийг бэлтгэлд хамруулан мэргэжлийн тамирчнаар бэлтгэсэн юм. Тэднээс ОУХМ Б.Батцэцэг “Сингапур-2010” залуучуудын олимпын анхдугаар наадамд оролцохдоо 60 кг-ын жинд зодоглон аваргаар шалгарч, дараа жил нь залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байв. Тэр цагаас шавийг нь үзэгчид “Баавгай” хэмээн өхөөрдөн хочилсноор олны дунд энэ нэрээр алдаршсан билээ.
Мөн ОУХМ Ц.Цэнджав “Дэлхийн цом”-ын мөнгө, “Mongolia open” тэмцээний хошой хү рэл, өсвөр үе, залуучуудын УАШТ-ий аварга, насанд хүрэгчийн УАШТ-ий гурван мөнгөн медаль хүртсэн амжилттай. Тэд Индонез улсад болсон өсвөр үе, залуучуудын Азийн АШТ-ээс мөнгө, хүрэл медаль гардаж, багшийгаа бас элэг нэгтнүүдээ баярлуулж байлаа. Тэдний дараа Б.Дөлгөөн БНХАУ-ын Наньжин хотод 2014 онд зохион байгуулсан залуучуудын олимпын II наадмын 46 кг-д мөнгөн медаль хүртсэн нь дотооддоо төдийгүй гадаадын тэмцээнд гялалзах хүчтэй өрсөлдөгч болсноо амжилтаараа баталсан юм. Энэ мэтчилэн шавь нарынх нь амжилт түүний амьдралд мартагдахааргүй сайхан дурсамж үлдээжээ. Тамирчин хүнд бэртэл гэмтэл өрсөлдөгчөөс нь илүү дайсан болдог талтай. Амжилт ид гаргах насандаа бэртлийн улмаас шавь нь карьераа өндөрлүүлж, барилдахаа болиход нь хамгийн ихээр сэтгэл эмзэглэсэн гэдэг. Тиймдээ ч тамирчдадаа бэртлээс хол явахыг байнга зөвлөдөг аж. Тэрбээр “Спортын ертөнц өрсөлдөөн, тэмцэл ихтэй. Амжилт амархан ирэхгүй, үүнд хүрэхийн тулд олон саадтай бишгүй л тулгардаг. Тэр дундаас бэртэх л тамирчин хүнд хамгийн хэцүү. Зөвхөн минийх бус, олон дасгалжуулагчийн шавь нар амжилт үзүүлэх насандаа бэртдэг. Хэдийгээр дэвжээнээс холдсон ч спортын салбарт өөрийн хувь нэмрээ харамгүй оруулж яваа шавь нараараа бахархдаг” хэмээн ярилцах зуураа өгүүлсэн юм.
ДАСГАЛЖУУЛАГЧ ГЭДЭГ ХҮН БОЛГОНЫ ХҮСЭХ АЖИЛ БИШ
Дасгалжуулагч байна гэдэг хүн болгоны хүсэх ажил биш. Тамирчдын эрүүл мэнд, бэлтгэл, нэр хүндийг хариуцаж ажиллах амаргүй. Аль, аль нь хамтдаа хичээж зүтгэсний хүчинд амжилтын хаалгаас татдаг. Дүүрэг, орон нутагт ч тамирчдыг олон жил тууштай бэлтгэл хийлгэх хэцүү. Залуус оюутан болж мэргэжил эзэмшинэ, ажил, амьдралд хөл тавина. Тэр хооронд бэлтгэлийг нь тасалдуулахгүй хийлгэж, амжилтад хөтлөхөд маш их хөдөлмөр, зүтгэл шаарддаг. Спортын талбар дахь хүндхэн даваануудыг хамт туулж байж, шигшээ баг бараадна. Орсон ч УАШТ-д “Алдар”, “Хүч”, “Аврагч” зэрэг спорт хорооны шилдгүүдийг ялах бас л амаргүй. Түрүүлсэн тохиолдолд Азийн АШТ-д оролцуулдаг хатуу шалгууртай. Түүний эмэгтэй шавь нараас ОУХМ Б.Дөлгөөн өмнөд хөршийн Шианьд 2018 онд болсон Азийн АШТ-ээс хүрэл, хоёр жилийн дараа Энэтхэгт зохион байгуулахад нь мөнгө, 2021 онд Казахстаны Алматыд алтан медаль хүртсэн юм. Багш нь шавийнхаа талаар өгүүлэхдээ “Б.Дөлгөөн тухайн үед үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэл сургуулилалтад хоёр жил хамрагдсаны хүчинд түрүүлсэн. Би нэг зүйлд их баярладаг. Энэтхэг улсад зохион байгуулсан Азийн АШТ-д шавь минь Японы бөхийг цэвэр ялаад эзэн орны тамирчинтай барилдахдаа хожиж яваад II үед хоёр удаа торгуулчихлаа. Хэрвээ гурав торгуулбал барилдуулахгүй, дэвжээнээс буулгана. Шавь минь торгуулах хэмжээний барилдаагүй, чадлынхаа хэрээр үзэж байгаад л 2:1ээр ялагдчихав. Тэрбээр сэтгэл зүй өндөртэй тамирчин шүү дээ, нэг их хямарсангүй. Тэгсэн Алматы хотод болсон тэмцээний өмнө “Чи тайван барилдаарай, бэлтгэл чинь сайн байгаа шүү” гэж зөвлөсөн. Шавь маань зөвлөгөөг минь хэрэгжүүлж Азийн аварга болсон доо” гэв.
Багшийн хувьд тэрбээр тамирчидтайгаа нээлттэй, ойр байж тэднийхээ бэлтгэл, дуу шуугианаас ажиллах эрч хүч авдаг аж. Ажил, зорилго, амжилт гаргах хүсэл тэмүүлэлтэй хамт үүрэг, хариуцлага дагаж явдаг хойно гадаадын тэмцээнд тамирчдаа оролцуулах зардлын мөнгө олохоор байгууллагуудын хаалга татаж, удирдлагатай нь уулзаж, таньдаг найз нөхөдтэйгөө холбоо барьж явсан удаа түүнд цөөнгүй. Тиймээс шавь нарынхаа үнэнч зөвлөгч, өвдөж, зовуурилахад нь эмч, хүний нутагт явахад нь харж, ханддаг асрагч, алдаж оноход нь урам хайрладаг сэтгэл зүйч, өлсөж, ундаассан үед нь тогооч болж, барилдахад нь бэртэл битгий авчхаасай гэж аав, ээжээс нь дутахааргүй залбирсан удаа ч олон.
Сайн тамирчид амьдралын олон шалтгаанаас дэвжээгээ орхиж, өрсөлдөөнөөс шалгарсан нь замналаа үргэлжлүүлдэг бичигдээгүй хууль спортын талбарт бий. Амжилт гаргасан нь тив, дэлхийд зодоглох эрх авна. Дэлхийн шилдэг бөхчүүдтэй нэг барилдаад ялахгүй. Хоёр, гурав дахь тэмцээнээс эцэг, эх нь зардал олох гэж сандарч гүйхээс халширна. Монголын төр засаг спортын салбар, тамирчдаа бодлогоор дэмжих хэрэгтэй. Өсвөр үе, залуучуудын УАШТ-д оролцдог дүүрэг, орон нутгийн тамирчдаа амжилт гаргасан үед нь анхаарал хандуулж, урамшуулдаг болоосой. Ямар ч хүн урам, дэмээр урагшилдаг. Түүний хоёр шавь насанд хүрэгчдийн Азийн АШТ-д дөрвөн жил дараалж түрүүлэхдээ аав, ээжийнхээ цалингаар зардал хийжээ. Мөнгөн медаль хүртсэн нь гэр бүлийнхээ амь зуулгаас алийн болгон хугаслах вэ гээд дэвжээгээ орхисон удаатай. Монголд ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдад Засгийн газрын мөнгөн урамшуулал олгодог. Харин өсвөр үе, залуучуудын Азийн АШТ, ДАШТ-д оролцох хэмжээний зардал гаргасан тамирчид медальтай ирсэн ч урамшуулалгүй сэтгэл гонсгор хоцордог тал бий. Иймэрхүү хандлагаас олон дасгалжуулагчийн шилдэг тамирчин амьдралын хүнд нөхцөлөөс үүдэж дуртай спортоосоо холдож байна. Гэхдээ тамирчдаа дэмждэг аймгийн удирдлагууд байгаа нь сайн хэрэг. Энэ нь Баянхонгор, Орхон, Дархан-Уул аймгийн удирдлагуудыг хандлагаас харагддаг. Дэмжлэг сайтай газраас сайн тамирчин төрнө шүү дээ.
СПОРТООС ГАДНА АМЬДРАХ УХААНЫГ Ч ЗААЖ СУРГАЖЭЭ
Түүнээс “Та шавь нарынхаа амжилтыг бууруулахгүй, тэмцээнээс медаль зүүлгэх сэн гэж найз нөхөд, албан байгууллагуудын хаалгыг цөөнгүй татжээ дээ” гэхэд тэрбээр “Би найман хороо, спорт клубүүдийн удирдлагатай хамтран ажиллаж, дүүргийнхээ спортын үйл ажиллагааг зогсоочихгүй юм сан гэж хэрэндээ хичээж ирсэн. Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлага, Налайх дүүргийн үе үеийн Тамгын газрын дарга, албан байгууллага, спортод сэтгэлтэй найз нөхөдтэйгөө уулзахад тамирчдад минь тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлдэг. Тэдний ачаар шавь нар минь амжилт гаргаж байгаа. Налайх дүүрэгт бөхийн спортоор хичээллэдэг хүүхдүүд өмнө нь “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн зааланд бэлтгэл хийдэг байлаа шүү дээ. Тус сургуулийн захирлууд “Чөлөөт бөхөөр хичээллэдэг хүүхдүүд амжилт гаргадаг” гээд их дэмжсэн дээ. Тэд ингэж хандаагүй бол би тамирчдаа хаана бэлтгэл хийл гэх билээ” хэмээн дурссан. Налайх дүүрэгт спорт цогцолбор баригдана гэх сураг дуулдаад л байдаг. Бүтээн байгуулалтын ажил нь дорвитой урагшлахгүй олон жил “дуншсан”. Спорт цогцолборын шавыг 2010 онд тавьж, барилгын ажлыг эхлүүлсэн ч хойшилсоор 2024 онд ашиглалтад оруулж, тус дүүргийнхний магнайг тэнийлгэсэн. Спортын ордонтой болсноор эл дүүргийн иргэд спортын төрлүүдээр хичээллэх боломжтой болсон юм. Тэрбээр олон улсын стандартад нийцсэн дэвжээгүй байхад сургуулийн заалны жижигхэн зайд дэвжээ засаад тамирчдаа бэлтгэл хийлгэж, амжилтад хөтөлсөн цөөн дасгалжуулагчийн нэг.
Өөрийг тань шавь нартаа аав, ээжээс нь илүү санаа тавьж, гэртээ байлган, хооллож, амраагаад тэмцээнд оролцуулдаг гэж хүмүүс ярих юм билээ. Ийм багш ховор шүү дээ гэхэд “Шавь нар манайд байрлах үедээ бэлтгэл хийж, алжаал тайлдаг байлаа. Багшийн хувьд тэдэндээ багагүй санаа тавьсны хүчинд УАШТээс медаль цөөнгүй хүртсэн. Миний эхнэрийг С.Баярмаа гэдэг, ХӨСҮТ-ийн Хүлээн авах тасагт сувилагчаар ажилладаг. Ямар ч их ажилтай байсан шавь нарт минь сайн хандаж ирсэн, гэртээ ч байлгах дуртай. Надад “Чи өөрийнхөө ажилд анхаарлаа хандуул. Би бусдыг нь болгоё” гээд их дэмжинэ. Манайх гурван хүүтэй. Хоёр нь бөхийн спортоор хичээллэж байгаад сургууль, соёлын мөр хөөсөн” хэмээн даруухан хариулсан.
Д.Мөнхбаяр багш шавь нараа тэмцээнд оролцуулсаар байгаад гадаадын дасгалжуулаг чидтай танил болжээ. Тааралдахаар гар барьж, толгой дохиж мэндлээд өнгөрнө. Тэдний тамирчид шавь нартай нь дэвжээнд таарах тохиолдол бишгүй. Чөлөөт бөхийн хөнгөн жин өрсөлдөгч олонтой. Дасгалжуулагч, тамирчин хоёр ямар ч судалгаагүйгээр дэвжээнд гарахгүй тул тэмцээний өмнө дэлхийн шилдгүүдийн барилдааны бичлэгийг шавь нартайгаа үздэг аж. ДАШТ-д өрсөлддөг орнуудаас хамгийн хү чирхэг багтай нь Азийнхан. Медаль зүүсэн тамирчдын олонх нь хөнгөн жинд эхний гурван байрт шалгардаг. Дасгалжуулагчид ухаан, ур чадвараараа нэгнээсээ ялгардаг болохоор шавь нараа хэрхэн хөглөж, хөгжүүлсэн нь арга барилаас нь харагддаг. Нэгнийх нь хор шарыг малтана, нөгөөхөд нь зөвлөн, урам хайрлаж урагшлуулна. Спортоор хичээллэдэг хүн бүр заавал тамирчин болох албагүй. Харин зөв бодол, төлөвшилтэй иргэн болж хүмүүжих ёстой. Дасгалжуулагч байхын гол зорилго спортоор дамжуулж, эх орондоо зөв иргэн бэлдэхэд чиглэдэг. Спортын талбарт тэсвэр, хатуужил дааж сурсан хүн амьдралд хөл алддаггүй нь анзаарагддаг. Тиймээс багшийн хувьд тэрбээр тамирчдадаа амьдрах ухааныг ч гэсэн давхар зааж сургадаг байна.
АМЖИЛТТАЙ ЯВАА ЭР ХҮНИЙ АРД ХҮЧИРХЭГ ЭМЭГТЭЙ БАЙДАГ
Тэрбээр хүүхэд байхаасаа өнөөг хүртэл чөлөөт бөхтэй нөхөрлөсөөр явна. Түүний багш Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын харьяат, улсын начин, Гавьяат дасгалжуулагч Д.Адъяатөмөр агсан. Багшийнхаа хичээллүүлдэг секцэд сурагч байхдаа хөл тавьж, бөхийн спортод татагджээ. Түүний удирдлагад хичээллэсэн тамирчдаас улсын цол хүртсэн бөхчүүд бий. Тухайлбал, Монгол Улсын гарьд П.Сүхбат, улсын начин, үндэсний бөхийн барилдааны тайлбарлагч А.Ганбаатар агсан. Мөн улсын начин П.Эрдэнэбаяр, ОУХМ Д.Энхсайхан, эрэгтэй чүүдийн шигшээ багийн Гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном гээд нэрлэвэл олон. Багш нь Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хороог нэг хэсэг удирдаж ажиллах үедээ түүнд “Чи Биеийн тамирын дээд сургууль төгссөн. Миний ажлыг хүлээж аваад, цааш үргэлжлүүлэх хэрэгтэй” гэж санал тавьжээ. Багшийнх нь хэлж, захисан үг, бэлтгэл хийлгэдэг арга барил алхам тутамд хэрэг болдог байна. Сүүлийн үед найз нөхөд, танил хүмүүс хүүхдүүд, ач, зээгээ “Чиний шавь болгоё” гээд хөтөлж ирэх нь олширчээ. Тэрбээр үндэсний бөхийн аймгийн арслан цолтой. Налайх дүүрэгт 1990 онд болсон тойргийн барилдаанд түрүүлж, Н.Жанат үзүүрлэн аймгийн заан, дуучин, сийлбэрчин Г.Баттогтох IV байрт шалгарч, аймгийн начин цолны болзол хангажээ.
Ээжийнхээ талаас бөхийн удамтай түүний ихэр дүү Д.Мөнхбат, Д.Мөнхчулуун нар нь чөлөөт бөхөөр барилдаж, өсвөр үе, залуучуудын УАШТ-ээс медаль зүүсэн байна. Ээжийнхээ нутаг болох Хэнтий аймгийн Хэрлэнгийн хөдөө аралд 1990 онд болсон “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойд зориулсан даншиг наадамд зодоглож, хоёр давсан гэдэг. Нэгийн даваанд аймгийн арслан Б.Төмөрбаатар, хоё рын даваанд улсын начин С.Баатарыг өвдөг шороодуулж, гурвын даваанд улсын заан С.Хүрэлбаатарт амлуулж унажээ. Үндэсний бөхөөр барилддаг байхдаа Налайх дүүргийнхээ хүчтэнүүдтэй наадмын бэлтгэл хийхээр Тэрэлжид нэг гал болж гардаг байснаа ярианыхаа дундуур дурссан. Түүнээс “Биеийн тамир, спорт хорооны дарга, дасгалжуулагчийн ажил хийдэг танд гэр бүлдээ анхаарал хандуулах зав хэр гардаг вэ” гэж асуухад “Би гэр бүлээсээ илүү шавь нарынхаа бэлтгэл сургуулилалт, амжилтад анхаарал хандуулдаг. Амжилттай яваа эр хүний ард хүчирхэг эмэгтэй байдаг гэдэг үг бий. Миний хань ажлыг минь тайван хийлгэхийн тулд түшиг тулгуур болдог. Амьдралынхаа найдвартай ар тал болж бүх зүйлийг миний оролцоогүйгээр амжуулж ирсэн дээ. Эхнэр ажил, мэргэжлээрээ ч гэсэн шавь нарт минь багагүй тусалдаг. Эмчилгээ хийлгэх шаардлагатай бол тариаг нь хийнэ, эм уух бол цагт нь уулгана, хоол ундаар таслахгүй асарч халамжилна, тэмцээнд ялагдсан бол сэтгэлийн дэм өгч тайвшруулна гээд өөрийн мэдэх, чадах зүйлээр дэмждэг юм. Ханийн тус дэм үүгээр зогсохгүй. Миний хувьд ажил гэж завгүй гүйгээд гэрийнхэндээ зэмлүүлнэ шүү дээ. Эхнэр “Чи Японы тамирчин, дасгалжуулагч нар шиг яагаад хурдан хөдөлгөөнтэй байж болдоггүй юм. Тэдэн шиг шаламгай байгаач” гэж хааяа шүүмжилнэ. Энэ ташрамд, чөлөөт бөхөөр хи чээллэдэг залууст “Уйгагүй бэлтгэл хий. Маш их хөдөлмөр, хөлс, хүчний чинь цаана амжилт байдаг юм шүү” гэж хэлье. Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлага, Удирдах зөвлөл, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчид, МҮОХ, Биеийн тамир, спортын улсын хороо, мөн Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны хамт олон, үе үеийн шавь нартаа, тусалж дэмжиж ирсэн найз нөхөд, танил хүмүүст хамтран ажилладаг байгууллагууддаа сар шинийн баярын мэнд дэвшүүлж, бүгдэд нь баярлалаа гэж уламжилъя” хэмээсэн юм.