2011 оны БАЛДОРЖ шагналын “Шилдэг-10”-т “Өнөөдөр” сонины орлогч эрхлэгч Ш.Даваадорж “Монгол Улсыг чөдрийн ганцаас нь салгах хэнд ашигтай вэ”, “Монголд дайн болж байна уу” нийтлэлээрээ шалгарсан юм.
Ш.Даваадорж
Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэч лэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр. Монгол Улсад мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээлүүдийг дэмжин урамшуулах, сэтгүүл зүйн судлал, шүүмжийг хөгжүү лэх зорилгоор нэрт сэтгүүлч, зохиолч Цэрэндоржийн Балдоржийн дурсгалд зориулсан БАЛДОРЖ шагнал бий болгох санаачилгыг 2008 онд “Балдорж” сангийн удирдах зөвлөлөөс гаргаж, анхны жил зөвхөн сонины сэтгүүлчдийн дунд энэхүү шалгаруулалт явагдсан түүхтэй. Хоёр дахь жилээс нь телевиз, радио, сэтгүүл, сайт гээд сэтгүүл зүйн өргөн уудам талбарт өөр өөрийн чиглэлээр бүтээн туурвиж буй бүхий л сэтгүүлч дийг хамардаг болж, жилд дунджаар 120 гаруй хүн 200 орчим бүтээлээ ирүүлэн, ур чадвараа сорьдог байв.
Шагналын сан төдийгүй нэр хүнд, ач холбогдол, хамрах цар хүрээгээрээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, Монголын “Пулитцер” гэгддэг байсан БАЛДОРЖ шагналын 10 жилийн түүхэн дэх шилдэг бүтээлүү дийг “Өнөөдөр” сонин цувралаар уншигчдадаа хүргэхээр боллоо. 2011 оны БАЛДОРЖ шагналын “Шилдэг10”-т “Өнөөдөр” сонины орлогч эрхлэгч Шатарбалын Даваадорж “Монгол Улсыг чөдрийн ганцаас нь салгах хэнд ашигтай вэ”, “Монголд дайн болж байна уу” нийтлэлүүдээрээ шалгарсан юм.
2010-аад оны Монголын нийгэмд ямар асуудал тулгамдаж байв, өдгөө дээрдэж өөрчлөгдсөн үү, эсвэл бахь байдгаараа байна уу гэдгийг та бүхэн эндээс тольдох боломжтой.
УИХ-ын гишүүн, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгыг нэгэн цагт жирийн нэг тамирчин явсныг нь хулгар хоёр чихнээс нь өөр илтгэх юм үлдсэнгүй. 90 оноос хойших үеийнхэн энэ тухай бол огт мэдэхгүй. Учир нь энэ хүн эдүгээ Монголын бизнес, улс төрийн салбарт том тоглогч төдийгүй үндэсний олигарх, төрийн түшээ, сайд болтлоо хувирсан. Хувирах ч юу байх вэ, өсөж дэвжсэн, овсгоо самбаатай, бас бодлоготой нэгэн.
Харин “Женко” хэмээх тодотгол нэрээр нь бол танихгүй, мэдэхгүй хүн Монголд бараг үгүй дээ. Х.Баттулга сайдын хувьд энэ нэр бол жинхэнэ брэнд. Өмч хувьчлалын “жаатай” жилүүдэд “Мах импэкс”, “Талх чихэр” гээд Монголын том үйлдвэрүүдийг ухаан зарж өөрийн болгосныг нь атаархаж, бахархаж ярьдаг олны ам одоо ч нойтон хэвээрээ байдаг юм. Үүнийг өгүү лэхийн учир тун удахгүй МИАТ гэдэг брэнд нэр “Женко” гэдэг брэндтэй хослон, холбоо үг болж сонсогдох магадлалтайд оршино.
“МИАТ”-ийг тойрсон элдэв үйл явдлаас ийн дүгнэхэд хүрч байгаа юм. Санаж байгаа бол саяхан даа, Монгол Улсын өмч болох цорын ганц онгоцоо МИАТ ХК-ийн инженер техникийн ажилтнууд засах гэж байгаад “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох”-ын жишиг болох дуулианыг тарьсан. Уг нь ч хөөрхийс тэднийг буруутгах шалтгаан бага байсан юм. Цааш бичих зүйлд зайлшгүй холбоотой учраас тэр үед чухам юу болсныг арай тодорхой өгүүлэх нь зөв байх. Монголчууд манай улс өөрийн гэх нэг ширхэг ч онгоцгүй гэдгийг ер нь мэддэг юм болов уу. Одоо нисээд байгаа хоёр “Боинг” чинь тэгээд юу юм бэ гэж асуумаар байна уу.
Олон улсын нислэгт төдийлэн тохиромжтой бус, 120-хон хүний суудалтай, зай муутай, хавчиг эл хоёр онгоцыг манайхан Ирланд улсаас түрээсээр авч нислэг үйлдэж байдаг юм. “KAL”, “JAL”-ийн 200-250 хүний суудалтай тохилог онгоцуудаар үйлч лүүлэхийн тав тухыг бид мэднэ дээ. Ачаануудаа ч чихээд, өөрсдөө ч чөлөөтэй, тааваараа “тарвалзаж” яваад ирдэг. Түрээсээр онгоц авч олсон жаахан ашгаа хүний хүнтэй хуваалцахын зовлонгоос салахын тулд 1998 онд Францын талтай тохирч 250 хүний суудалтай “А-310” буюу Аэробус онгоцыг 10 жилийн хугацаатайгаар санхүүгийн түрээсээр авсан байдаг. Ингээд 2008 оны тавдугаар сарын 25-нд түрээсийн хугацаа дуусгавар болсноор орчин үеийн энэ том онгоц Монгол Улсын өмч болж, өөр хэн нэгэнд татаас түрээс өгөхийн дарамтгүй болчхоод байлаа, бид.
“А-310” онгоц Монголд орж ирснээсээ хойш 900 000 зорчигч тээвэрлэж, 290 сая ам.долларын цэвэр ашиг оруулжээ. Мөнгөн дүнгийн ашгаас илүү Монголын иргэний агаарын тээврийн салбарт “А-310”-ыг дагаж орж ирсэн өөрчлөлтийн ач холбогдол асар чухал юм. Өөрөөр хэлбэл, манай агаарын тээврийн салбарт эргэлт гарлаа. Анх удаа барууны онгоц, техник технологи орж ирснээр нислэгийн процедурт өөрчлөлт гарч, нисгэгчид төдийгүй инженер техникийн ажилтнуудын ур чадвар өссөнийг энэ салбарынхан хүлээн зөвшөөрдөг.
“А-310”-ыг жолоодох, засвар үйлчилгээ хийх өндөр технологийг эзэмшихийн тулд манайхан Франц улсад боловсон хүчнээ бэлтгэдэг болсон. Монголын иргэний агаарын тээврийн түүхэнд яах аргагүй тодоор тэмдэглэгдэн үлдэх үйл явдал, өөрчлөлтүүдийг “А-310” тээн нисэж ирсэн юм. Аль ч улсын агаарын тээврийн онгоц тодорхой хугацааны дараа, нислэг үйлдсэн цагаасаа хамаарч засварт ордог. 10 000 км гүйлгээд бид машиныхаа бүх тосыг сольдогтой ижил.
Эхэндээ “А-310”-ын засварыг Германы “Люфтханза” хариуцдаг байсан юм билээ. Харин 2007 оноос эхлэн Францад бэлтгэгдсэн манай мэргэжилтнүүдийн түрүүч ирснээр онгоцныхоо засвар, үйлчилгээг өөрсдөө хийдэг болов. Энэ бол монголчуудын хувьд бахархалтай үйлс.
Германд зургаан сая ам.доллароор хийлгэдэг засварыг өөрсдөө 3.5 сая ам.доллароор хийж, 2.5 саяын хэмнэлт гаргачхаж байна шүү дээ. Харин өнгөрсөн хавар тэд “фаакталчихав”. Онгоцондоо ээлжит засвар хийсэн юм билээ. Хүнээр бол бүхий л төрлийн дуран авайн шинжилгээнд оруулаад эцсийн шат буюу жинлэж байхад нь данхраад мултарч онгоц унахад баруун далавчинд нь цөмөрхий үүсчихэж. Ер нь аливаа засварын дараа онгоцны жинд өөрчлөлт орсон, эсэхийг заавал гурван удаа нягтлах ёстой аж.
Манайхан гурав дахь дээрээ унагаачхаж. Эндээс л бөөн асуудал босож, одоо болтол ундарч байна. Францын үйлдвэрлэгчид хандсанаар өнгөрсөн наймдугаар сард “Аэробус”ын мэргэжилтнүүд туршин нисэгчийн хамт ирж “А-310”-ыг засварлахад нийт 1.3 сая ам.долларын зарлага гарчээ.
Эцэст нь Францын багийнхан туршилтын нислэг үйлдээд “Маш сайн байна. Техникийн үйлчилгээг горимын дагуу хийж байж. Ямар ч зэврэлт, цууралт алга. Нислэгт гаргаж болно” гэсэн дүгнэлт гаргаж, баталгааг нь өгчээ. Ер нь Монголын хуурай цаг агаар онгоцонд сайнаар нөлөөлдөг юм байна. Металл эд ангиуд зэвэрдэггүй аж. Хэдэн сар өөрийн онгоцгүй, түрээсийн “Боинг”-оор нислэг үйлдэж байсан “МИАТ”-ийнхны магнай тэнийв. Гэвч “А-310” өдий хүртэл тэнгэрт дүүлсэнгүй.
“БИ САЙД БАЙГАА ЦАГТ НААД ОНГОЦЫГ ЧИНЬ НИСЛЭГТ ГАРГАХГҮЙ”
ЗТБХБ-ын сайд Х.Баттулга ингэж хэлсэн юм гэнэ. Үнэн л байдаг байгаа даа. Сэтгүүлчийн хувьд сайдыг арай ч ингэж хэлээгүй болов уу гэж бодно. Учир нь “А-310”аар нислэг хийвэл Монгол Улсад ямар их ашигтайг сайд өөрөө салбар тэргүүлсэн хүнийхээ хувьд сайн мэдэж байх учиртай. Ирландаас түрээсээр авсан хоёр “Боинг” дээрээ нэмж Турк улсаас дахин хоёр онгоц нойтон түрээсээр авч Монголын иргэний агаарын тээвэрт “А-310”-ын оронд нисгэх бодлогыг танай нам барьж байгаа нь үнэн л юм. Яагаад тэр билээ.
Нойтон түрээс гэхээр тухайн онгоцны экипажийн хоол унд, цалин, техникийн үйлчилгээний хөлсийгманай тал хариуцахаас гадна онгоц түрээслүүлэгч талд цаг тутамд 5000 ам.доллар төлдөг учиртайг Х.Баттулга сайд таныг мэддэг гэдэгт эргэлзэх юм алга. Дээр нь нислэгт гаргаж болно гэж Францын тал баталгаа гаргаж өгчхөөд байгаа онгоцноос танай яам яагаад татгалзаж, хориглосоор өдий хүрч байгаа нь ойлгомжгүй асуудлын нэг биш гэж үү.
Танай яам гэж онцолдгийн учир нь МИАТ компани, ИНЕГ, ТӨХ-ны байр суурь “А-130”аа нислэгт гаргая гэдэг байр сууринд нэгдмэл байгаа юм билээ. Тэр ч бүү хэл, Монгол Улсын чөдрийн ганц “морь” болох “А-310”ыг өөр улсад 3.5 сая ам.доллароор зарах гэж байгаа гэх дам яриа бас дуулдах юм. Энэ ч арай дэндүү сонсогдож байна аа. Хэрэв бид “А-310”-аа нислэгт гаргачихвал 3.5 сая “ногооныг” ердөө таван сар нисээд л олчих юм билээ.
“МИАТ”-ийн тухайд өмнө нь Туркээс нойтон түрээсээр онгоц авч хагас жил нисэхэд 10.4 тэрбумтөгрөгийн ашиг олж, 10.6 тэрбумын алдагдалтай гарсан байдаг. Өөрөөр хэлбэл, 200 сая төгрөгийн алдагдалтай байсан гэсэн үг. Тэгвэл манайх өөрийн “А-310”-аар нислэг тутамдаа дүүрэн зорчигчтой, бас ачааг нь тээвэрлээд нисэхэд олох орлого ямар байх билээ. “МИАТ” орлоготой бол Монгол Улс баян байна. Үндэсний бэлтгэгдсэн боловсон хүчин энэ олон нисгэгч, техникийн ажилтнуудын аж амьдрал өөдрөг байна. Манай нисгэгчдийн ярьж байгаагаар онгоцны түлш Монголд л хамгийн өндөр, тонн нь 2750 ам.доллар байдаг гэсэн. Ийм нөхцөлд ч МИАТ компани ашигтай ажиллаад ирснийг сайд та мэднэ. Манайхан Бээжин, Сөүл, Эрхүүгээс хямд түлш нөөцлөөд нисчихдэг.
Ашигтай ажиллах боломж, нөхцөл тэгэхээр МИАТ-д байна. Байдал ийм байхад тус компанийг хүчээр дампууруулж үнэгүйдүүлэх бодлого яваад байгаа юм биш биз дээ гэх хардлага байгааг дуулгах нь зөв болов уу. Өөрийн харьяаллын онгоцгүй атлаа, алдагдалтай нойтон түрээсээр гаднын онгоц авч ажил үйлчилгээгээ явуулбал МИАТ тун богино хугацаанд дампуурч, ганц улаан байшинтайгаа л үлдэнэ гэдгийг үгсэж, хүлээсэн хэсэг бүлэг тун нарийн тооцоолсон юм биш үү.
“МИАТ” компанийг хувьчлах сураг дагаад ийм бодлого явж байна гэх. Хамгийн гол нь Монгол Улс өөрийн онгоцгүй болсноор нэгэнт брэнд болсон чиглэлүүдээ алдах аюултай. Олон улсын агаарын тээврийн үйл чилгээний журамд хэрэв тухайн компани авсан чиглэлдээ нислэг үйлдэхгүй удвал автоматаар эрхийг нь хаагаад өөр авиа компанид өгчихдөг гэнэ. “МИАТ”-ийн одоо нислэг үйлдэж байгаа шугамыг жишээ нь “Аэрофлот”, “КAL”, “China airlines”-ийн нэг нь эзэмших болно гэсэн үг. Зорчигчийн урсгалаа гаднынханд алдана гэдэг ноцтой.
Бидэнд бэлэн онгоц нь байна. Нисгэгч, инженер техникийн ажилтнууд нь байна. Ашигтай ажиллаж ирсэн туршлага, цаашид ч илүү үр ашиг гарах тооцоо судалгаа нь байхад ийм хохиролтой эрсдэл хийх хэнд хэрэгтэй юм бол. МИАТ үнэгүйдсэнээр захын нэгэн тус компанийг хувьчлаад авахад хүрнэ.
Эс бөгөөс “А-310” үнэхээр сайд таны сэтгэлийг зовоосон, бусдад зарахаас аргагүйд хүрсэн муу онгоц юм бол тийм хөлгөөр нисэхийг хүсдэг манай нисгэгч нар тун ч тэнэг хүмүүс юм даа. Эцсийн эцэст “А-310”-ын гэмтсэн, засварласан гэх асуудал МИАТийг “залгих” гэсэн бодлогын дөрөө болж байгаа юм биш биз?
2011 он
Монголд дайн болж байна уу
ДЭМБ-ын удаа дараагийн судалгаагаар хорт хавдрын өвчлөл хамгийн ихтэй улсаар Монгол “тодроод” удлаа. Энэ мэдээ үндэстний гутамшиг. Малаа цас зуданд эс үхүүлэх тухай л ярихаас биш, хорт хавдар Монголд ямар хүчтэй ноёрхож байгааг, үүнтэй тэмцэх талаар ярьж хэлэх, арга хэмжээ авдаг төр, засаггүй бид туйлын азгүй ард түмэн. Хорт хавдар хэмээх муу ёрын өвчнөөр хүүхэд өвдлөө гэж урьд өмнө дуулддаггүй байсныг ахмадуудаас зөндөө сонссон. Тэгвэл энэ өвчин монгол хүнийг залуучлан сорчилдог болсныг, тэр ч бүү хэл эхээс төрсөн нялзрайд хүртэл үхлийн сүүдрээ тусгаж эхэлснийг тэд маань халаглан халаглан ярих боллоо. 10 мянган хүн тутмын 12 нь хорт хавдраар өвчилж байгаа гэсэн манайхны гаргасан статистик тоо байна. Гэхдээ үүнд итгэхэд хэцүү. Худлаа биз дээ, бараг.
Баянхонгорт 114, Говь-Алтайд 88 гээд хоёрхон аймагт өнгөрсөн онд 205 хүн зөвхөн элэгний хорт хавдар өвчнөөр мөнх бусыг үзүүлсэн байхад шүү дээ. Ийм юм бичихэд хэцүү ч хэдий болтол үнэнийг нуух билээ. 2009 онд 38.9 мянган хүн 32 төрлийн халдварт өвчнөөр өвдсөн бол 2010 онд 40 мянгад хүрчээ. Энэ бүхэн дуугүй байх ёстой, тэр тусмаа монголчуудад хамаагүй зүйл мөн байх уу. Бид залуусын орон гэдгээрээ хэчнээн жил бардамнаж явна даа. Тэгвэл одоо үнэхээр хүүхэд залуус олонх нь байж чадаж байна уу гэдэгт би лав хувьдаа эргэлздэг болсон. Энэ талаар хэн ямар судалгаа хийснийг олж сонссонгүй ээ. Хүн ам зүйн бодлого туйлын дампууралд орж, хүүхэд залуус, идэр насныхан хэдэн зуугаараа хорвоог орхих болсон энэ цаг үед Монголыг залуусын орон гэхэд үнэхээр үнэмшилгүй санагддаг. Жилд 20 мянга, заримдаа 30 мянган урагт аборт хийж устгадаг болсон үндэстэнд ирээдүй байгаа гэж үү.
Хуулиар ийм олон хүнийг “цаазлан” устгадаг, цаана үлдсэн хэд нь өвчин зовлон, гэмт хэрэг, авто замын ослоор гудамжны нохойноос долоон дор хувь заяагаар гулдайчхаж байхад Монголд залуус байтугай хүн үлдэх магадлал алга болж байна. Хүн ам нь багтаж шингэхээ байж, бие биедээ ад үзэгдэх болсон Хятад, Энэтхэг биш шүү дээ. Өөрсдийгөө бид ямар арчаагүй үндэстэн болсноо саяхан болж өнгөрсөн хүн амын тооллогын дүнгээс ойлгох ёстой.
Малаа тэдэн сая толгой гээд яс тоолчихдог атлаа, хүнээ тоолж бас чадсангүй ээ. Бид одоо тэгээд хэдүүлээ юмбэ?Саяхны тооллогоор зүгээр л нэг тоймтооны (хоёр сая 700мянга гаруй гэх) сураг хэлээд өнгөрлөө. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүн амын тоо нэмэгджээ гэж тэдний хэлсэн харин үнэн байх. Учир нь бүртгэлтэй, бүртгэлгүй харийн иргэд ямар олон болсон билээ.
Монголчуудын ам бүл олон болсон уу, цөөн болсон уу гэдэгт бид туйлын нухацтай хандаж, үнэн бодит тоог гаргах шаардлагатай. Нийт хүн амын тал нь Улаанбаатарт шавснаар олуулаа болсон мэт сэтгэгдэл заримд маань төрдөг байх. Хүн амын ийм механик өсөлтөөр тоймлон тэр хавьцаа байх шиг гэсэн тоо гаргаад сууна гэдэг дэндүү хайхрамжгүй, хариуцлагагүйн илэрхийлэл юм даа. Хүн амын үржилд орох насны залуучуудын дийлэнх нь гадаадад гарчихсан.
Тэдний түрүүч хэдийн харь улсын данстай, үр хүүхэд нь чмонгол хэл,монгол үндэстнээмэдэхгүй өсөж нас биед хүрч байна. Охид бүсгүйчүүдийн хэчнээн нь харь эрийн гарын шүүс болж, биеэ үнэлэн буруу замаар будаа тээж явааг бүү мэд. Зүүн өмнөд Азийн бүх улс оронд ядарсан монгол охид бүсгүйчүүд тархсан байдгийг бид өөрсдөө байтугай дэлхий ертөнц мэддэг болсон. Гадаадад 300 мянган монгол гарсан гэдэг.
Тэд бүгд залуучууд, харийнханд хөгшин хүн огтхон ч хэрэггүй. Гартаа бүлтэй, бие эрүүл, толгой нь сэтгэдэг, сэргэлэн, оюуны чадамж сайн болгоныг тэд шилж авдаг юм. Монгол хүний хамгийн шилмэл хэсэг болох 300 мянган залуус тэгэхээр харьд байна гэсэн үг. Хоёр сая гаруйхан бидний хувьд 300 мянга гэдэг маш том тоо. Энэ залуусыг эх оронд нь барих бодлого бидэнд байсан бол удмын сан маань ямар их хүчээр сэлбэгдэх байсан бол.
Яг үнэндээ залуусын маань амьдралдаа ар чаагүй, дорой, биеийн эрүүл мэндээр тааруу, хүсэл тэмүүлэл ядруу хэсэг нь Монголдоо үлдсэн гэдэг үнэний хувьтай. Ингэж бичсэний төлөө дургүйцэх хүн захаас аван гарах байх л даа. Гээд энэ тухай дийлэнх маань ярьцгаадаг. Төр засгийн дорой бодлогын балаг энэ бөлгөө.
Хөгжсөн Монгол эх орон, хүчирхэг монгол хүний тухай бид ярьж эхэлсэн юм бол хүн ам зүйн бодлогоо шинэчлэх цаг болжээ. Өнөөдөр ядаж л аборт хийж хүн устгадаг хуулиасаа бид татгалзах хэрэгтэй байна. Ерөнхийлөгч маань хүртэл цаазлах хуулийн заалтаас татгалзах бодлого санаачилснаараа гадна дотнын дэмжлэг ямар ихээр хүлээв дээ.
Гэмт хэрэгтэнг цаазалж устгадаггүй Монгол Улс гэм зэмгүй нялх үрсдээ тэгвэл амьдрах эрхийг нь хуульчлан олгохоос юунд цааргалах билээ. “Өнөөдөр” сонин энэ бүхний төлөө нийтийг хамарсан хэлэлцүүлэг өрнүүлэх болсны нэгэн учир энэ бөлгөө.
Эцэст нь өгүүлэхэд, төр, засаг нь хүнээ хайрладаггүй болчихоор иргэнийх нь үнэ цэн төлөгнөөс долоон дор болдог аж. Өдөр болгон монгол хүн гэнэтийн ослоор, өвчнөөр үхэж үрэгдэж, алуулж байгаа тухай мэдээ огтхон ч тасардаггүйг би сайн мэднэ. Сэтгүүлчид бид ийм мэдээнээс үнэнхүү халширдаг, эмээдэг болсон. Монголд яг дайн болж байгаа юм шиг монгол хүн үрэгдэхийг сонсох маш хэцүү байдгийг төр засгийн бодлого барьж суудаг монгол хүнд дуулгамаар байна. Монголчууд 500 биш 50, 60 жилийн дараа мөхөх аюулд орох вий дээ.