Монголын үндэсний өдөр тутмын анхны чөлөөт хэвлэл “Өнөөдөр” сонин 1996 оны есдүгээр сарын 20-нд ууган дугаараа өлгийдөж авснаас хойш даруй 30 он улирч, өдгөө 8000 гаруй “дүүтэй” болжээ. “Хэн сэтгэж байна, түүнд зориулав” уриатай “Өнөөдөр” сониныг үүсгэн байгуулагч, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Ц.Балдорж агсан “Сэтгүүлчийн ажил арилжаа наймаанаас илүү үнэтэй, улс төрөөс илүү хүчтэй, бусдыг уриалан дуудах агуу урлаг билээ” хэмээсэн нь манай редакцын бодлого, үйл ажиллагаа, мэргэжлийн зарчим, алсын харааг өнөө хэр тодорхойлсоор буй.
Анхны 32, 36, 40, 44, 48, 64 нүүрээр хэвлэгдсэн сонин, анхны өнгөт, нарийн форматтай, секцийн зохион байгуулалттай, фото студитэй, цахим хувилбартай гэхчлэн Монголын орчин цагийн сэтгүүл зүйд олон анхдагчийн шанг татсан “Өнөөдөр”ийн түүхийг бүтээлцсэн эрхмүүд 30 жилийн ойгоороо төрөлх сониндоо бичиж байна.
Үргэлжлэл. Түрүүч нь №032 (8336) дугаарт
Ц.НАЦАГСҮРЭН: ХОРИГДОЛ ЭМЭГТЭЙГЭЭС ХҮҮХДИЙГ НЬ БУЛААЖ, ТЭР ЖААХАН АМЬТНЫ НҮДЭН ДЭЭР ЭХИЙГ НЬ БУУДЧИХАЖ БИЛЭЭ, БАЗАРВААНЬ

Ц.Нацагсүрэн
Цогтын Нацагсүрэн гуай Баян-Өлгий аймгийн Сагсай сумын уугуул. Өдгөө Дархан-Уул аймагт энх тунх амьдарч байна. Эмээ 96 нас зооглож байгаа ч эрүүл саруул, ухаан цэлмэг, хөнгөн шингэн яваагаа олон жил ажил хөдөлмөр эрхэлж, хөдөлгөөнтэй явж ирснийх гэж ярив. “Арван хэдхэн настайдаа ажил хийж, газар үзэхээр нутгаасаа гарснаас хойш Монголоороо төдийгүй дэлхийгээр ч явлаа” гэж ярьж суугаа эмээ Австрид нутгийн фермерүүдээс сүү худалдан авч, өрөм загсааж, тогоо тавьж, шимийн архиар шар толгойтнуудыг дайлж байснаа хуучилсан. Хоёр жил гаруйн өмнө түүнтэй анх уулзахад 505 дугаар армийнхан буюу хоригдол оросуудтай хамт уурхайд ажиллаж байснаа бидэнд ярьсан юм. Тэр тухай нь дахин яриулахаар өнгөрсөн сарын дундуур Дархан-Уул аймгийг зорив. Ц.Нацагсүрэн гуай хөнгөн шингэн хэвээрээ энх тунх сууна.
-Та нутгаасаа хэдэн онд гарсан гэдэг билээ?
-1952 онд, би 19 настай байсан юм даг. Миний үеийнхэн хот хүрээ рүү ажил, сургуульд яваад байдаг. Надад тийм боломж гардаггүй, дотроо бол мал маллахаас өөр ажил хийж, хот хүрээ үзмээр санагдаад. Би аав, ээжтэйгээ амьдардаг, айлын ганц охин. Манай сумд “Эв лэлийн илгээлтээр ажилчин элсүүлж байна” гэсэн зар тараад хэд хонолоо. Ажилд бүртгүүлээд явчих санаа байдаг, яахаа мэддэггүй. Гэ тэл хот руу ажилд явах хүмүүсийг элсүүлж байгаа хүнтэй таарлаа. Нөгөө хүн “Бид элсүүлсэн хүмүүсээ аваад маргааш аймгийн төв явна” гэв. “Би явъя” гэхэд “Хэрэв явахаар бол мар гааш юм хумаа аваад зам дээр хүлээж бай” гэсэн. Хэлсэн ёсоор нь жаахан хүнс, солих хувцас хунраа аав, ээжээсээ нууж бэлдээд зам дээр хүлээлээ. Тэгсэн гэр бараа ачсан машинтай нөгөө хүн хүрээд ирэв. Тэрлэгээ сольж өмсөөд, ээжийнхээ гутлыг жийж, машин дээр гараад суучихлаа. Сүүлд сонсох нь ээ, ээж минь миний тэрлэг, малгайг барьчихсан “Охин минь яаж шүү явдаг юм бол доо, амьд мэнд байгаа болов уу” гээд уйлж суусан гэдэг юм. Аав ерөнхийд нь гадарлаж байсан байх. Ингэж гэрээсээ оргож гарсан хүн дээ, би. За тэгээд аймгийн төв хүрлээ, ажилд элсүүлэхдээ эцэг, эхийн зөв шөөрөлгүй бол бүртгэхгүй байгаа дуулдлаа. Аз болж манай авга Таваа гэр бүлээрээ явах гэж байхтай таарч, тэдний ам бүлд бүртгүүлчихлээ. Манай аймгаас зургаан айлынхан гэр бүлээрээ ажилд бүртгүүлж, хот руу явсан. Нэг машинд хоёр айлын гэр барааг хүмүүстэй нь ачсан, орос жолоочтой. Ингээд бараг долоо хоног явж хотод ирлээ.
-Хотод хаана буув?
-Буулгаагүй, дайраад гарсан. Шууд зүүн тийшээ явсаар Хэнтий аймгийн Цэнхэрман дал сумын Баян модотын уурхай гэдэгт хүрлээ. Бид нарыг Эвлэлийн төв хорооны гэсэн байх аа, хэдэн хүн хүлээж зогссон. Ямар ажил хийхийг ярьж, таниулсныхаа дараа “Одоо байр луул” гэж байна. Тэгсэн дотор нь эсгий дэвссэн нүхэн гэр гэдэгт орууллаа.
-Хэдүүлээ оров?
-Хориндолуулаа байсан юм даг. Агаар салхи багатай тэр нүхэнд хоноод, өглөө бостол хүмүүс биеэ маажаад, зарим нь бүр уйлаад. Тэгсэн нохой бөөс, бясаа гэдэг юманд хазуулжээ. Бясаа гэж хүн хаздаг хорхой байдгийг тэгж анх мэдэв шүү. Хариуцаж байсан хүмүүстээ хэлж, тэд эмчид үзүүлэх юм боллоо. Орос эмч ирж үзээд биднийг усанд оруулж, нэг хачин үнэртэй юм бие рүү цацаж өгсөн. Нүхэн гэрийг цэвэрлүүлж, шинэ эсгий дэвсэж, гурав хувааж байрлууллаа. Нүхэн гэрт сар шахам амьдраад, бид нараас эрүүл хүн үлдээгүй. Тэр бясаа, нохой бөөсөнд нь бариулж, бие тэрчигтээ яр шарх болсон. Сүүлдээ ажилд гарахгүй, харина, буцах даа туллаа. Төв хорооны “ээрүү” Дамдинсүрэн гэдэг хүн ирж хурал хийхээр нь “болино, явна” гэдгээ хэлцгээсэн. Хэл ам хийсний дүнд тэр хүн гэр бүлээрээ ирсэн зургаан айлд гэр өглөө. Залуучуудыг тэр зургаан айлд хоёр гурваар нь суулгасан. Тэгж нэг юм монгол гэртээ орж, бясаа гэгчээс нь салсан даа.
-Ажилдаа хэзээ нь оров, юу хийж байв?
-Хоёр хоносны дараа, өглөө нь биднийг бү хээгтэй машинд хэд хэдээр нь хувааж суулгаад явсан. Надтай хамт таван казах эмэгтэй нэг машинд суулаа. Уурхайд орсны дараа нөгөө казах эмэгтэйчүүдийн малгайныхаа араас унжуулсан цагаан урт даавууг нь авхуулж, ураад толгойн алчуур болгон боож өгсөн. Юу гээд байгааг нь мэдэхгүй, нэг юм хэлээд уйлалдаад байж билээ. Бидэнд хийх ажлыг маань зааж өглөө, нэг хоо лойгоор урсаж ирсэн элсийг өөрөө хөдөлдөг шигшүүр дээр асгаж, дээр нь үлдсэн гялгар төмрийг хувинд хийнэ. Түүнийгээ авч гараад жинлүүлдэг. Хэдий хэмжээний төмөр жинлүүлнэ тэр хэмжээгээрээ хөлс авна. Сард 30-40 төгрөгийн цалин авч байсан. Ганц бие залууст цалин нь хү рэлцээтэй. Бид яах вэ дээ, орос дэлгүүрт зардаг чихэр, боовонд хамаг мөнгөө үрнэ. Хамгийн өн дөр цалинг чулуу буталдаг тээрэм ажиллуулдаг Галдан авдаг. Тэр сардаа ажлын хөлс гэж 100-120 төгрөг авлаа гэж бидэнд ярьж байсан.
Хоригдол л юм гэнэ лээ, нэг орос авгайд намайг дагалдан ажиллуулсан. Ааш зангийн хувьд дажгүй, тэр авгай бид хоёр яаж ийгээд ойлгол цоод байдаг байлаа.
-Оросуудтай хамт хоолох уу?
-Тусдаа, бид өөрсдийнхөө мөнгөөр дэлгүүрээс хэрэгцээтэй хүнс, бараагаа авчихна. Тэнд хоёр орос дэлгүүр байсан. Баянхонгороос ирсэн Бор гэдэг бүсгүй бид хоёр хүнсээ нийлүүлнэ, хоол ундаа хамт хийнэ. Нутгийн буриадууд мах авчирч, дэлгүүрт зардаг байсан.
-Оросууд ямар байр саванд, ямархуу нөхцөлд ажиллаж байв, хэчнээн хоригдол байсан юм бол?
-Бид тоолж байсангүй, их л олон хоригдол байсан, харин 20 нохой байдгийг тоолсон юм даг. Нохойных нь байр гээд томоо хашаа байх. Орос хоригдлууд нүхэн гэрт амьдардаг. Ялгаа нь тэд торон хашаанд, буутай цэргээр мануулна. Бид хашааны гадна, чөлөөтэй орж, гарна. Хэдийд нь, яаж холбосон юм бүү мэд, бидний нүхэн гэрт нарийхан төмөр утас бэхэлсэн байж. Үе үе тэр утас шажигнаад, модон хайрцаг ороод ирнэ. Эхэндээ юу юм бол гэж их айж, гайхсан. Тэгсэн хоригдлууд явуулдаг болж таарсан. Өөрсдөө зорж хийсэн модон тоглоом, хээлсэн хайрцаг савыг тэр төмөр утсаараа дамжуулж бидэнд өгнө. Бид хариуд нь хэдэн ширхэг тамхи, шүдэнз, цай, ёотон хийгээд буцаана. Орос дэлгүүрт “Звёзда” гэдэг хайрцагтай тамхи зардаг. Бид тэр тамхинаас хэдэн хайрцгийг авч, ажилдаа гарахдаа ганц хоёроор нь халааслаад авч явна. Хоригдлуудтай таархаараа харгалзагч нарынх нь нүдийг хариулж байгаад өгнө. Хамт ажилладаг орос эмэгтэйчүүдэдээ жаахан мах, хоол, оймс, даавуу илүүчилнэ. Хөөрхийс баярлаад, уйлаад авдаг сан.
“Хамт ажилладаг оросуудадаа дүнсэн тамхи авч өгсөн чинь тэр дор нь хуваагаад, хайрцаг саванд ч хийгүй халаасалчих юм гэж” манай нэг хүн хэлж байсан. Тамхи тариагаар тэгж их дутагддаг байсан юм байлгүй.
-Харгалзагч нар нь их харгис хүмүүс байсан тухай Та ярьж байсан даа?
-Урьд нь оросуудтай ойр байсан биш, тэдний тухай мэдэхгүй шахам. Миний ажигласнаар дарга, харгалзагч нар нь хоригдлууддаа маш харгис хандана. “Оросууд гэдэг чинь ийм харгис, ширүүн хүмүүс байдаг юм байна” гэж бид хоорондоо ярилцдаг байлаа. Өглөөд хоригдлуудаа жагсаагаад, толгой дараалан тоолж, буутай, нохой хөтөлсөн цэргүүдээр туулгаад уурхай руу оруулна. Өвчин туссан байдаг юм уу, ядарсан байдаг юм уу, зарим үед туугдаж яваа хоригдлуудаас ганц нэг нь унаад өгнө. Тэгэхээр тэр дор нь буудчихаад, хоригдлуудаар замын хажууханд нүх ухуулаад булчихна. “Ямар хү ний үр сад, ямар хэрэг түвэг тарьсан болоод хүний нутагт ингэж ясаа тавьдаг байна аа” гэж бид ярилцдаг сан. Тэр байтугай аймшигтай юм үзэж явлаа. Ярих ч юм биш. Би амьдралдаа тийм аймшигтай юм харж байгаагүй.
-Та ярьж өгөөч.
-Нэг өдөр хоригдлуудаа жагсаадгаараа жагсаагаад туугаад явлаа. Бид ч ажилдаа гарахаар хүлээж зогссон. Гэтэл хүүхэд уйлж, эмэгтэй хүн хашхираад. Юу болсон юм бол гээд харж зогстол хоригдол эмэгтэйгээс хүүхдийг нь булааж аваад, хүнд тэврүүллээ. Тэгээд тэр жаахан амьтны нүдэн дээр эхийг нь буудчихаж билээ, базарваань. Бид уйлаад, зарим маань ажилдаа гарахгүйдээ тулж байсан.
Манайхан Тоншев гэж дуудаг, монгол хэл мэддэг орос хүн бидний дунд явж, шаардлагатай зарим зүйлийг орчуулж өгдөг. Надтай хамт ажилладаг орос эмэгтэй “Монголд ирээд бид цэвэр агаараар амьсгалж, газар гишгэж байна. Нутагтаа таг харанхуй өрөөнд хоригдож байсан” гэж ярьсныг нь орчуулж өгсөн. Тэр Тоншев ми ний амийг аварсан хүн байгаа юм.
-Тийм үү, юу болсон юм бэ?
-Бид нарт ажлын хувцас, бээлий энэ тэр өгдөггүй байсан. Өөрсдөө даавуу авч, бээлий оёж өмсдөг. Сүүлдээ хүн бүрд нэг нэг хөх даалимбан халаат өгсөн. Оросуудад тааруулж хийсэн юм байлгүй том гэж, их урт хормойтой. Миний халаатны хормой байнга эргэж байдаг араанд орооцолдож, би чирэгдээд бункер лүү орохын даваан дээр Тоншев татаж авсан. Тэгээгүй бол чулуутай хамт тээрэмдүүлчихгүй юү.
-Аймшигтай юм болох шахсан байна шүү дээ. Маш чанга харуул хамгаалттай хэр нь хоригдлуудаас нь оргож боссон гэдэг юм билээ. Таныг тэнд ажиллаж байхад тийм юм болж байв уу?
-Оргож босож байхыг нь харсан биш, мэдэхгүй ээ. Заримдаа шөнө орой юу болов гэмээр шуугилдаад, гадаа жагсаагаад байгаа харагддаг.
-Та Цэнхэрмандалын уурхайд хэдэн жил ажиллав?
-1952-1954 он хүртэл орос хоригдлуудтай хамт ажилласан. 1956 онд оросуудаас уурхайг нь монголчууд хүлээн авч, тэднийг буцаасан дуулдаж байсан. Оросуудтай хамт ажиллаж байсан биднийг тав, зургаагаар нь Бэрх, Ямаа тын, Чоно голын уурхай руу шилжүүллээ. Би Бэрхийн жоншны уурхайд ажиллахаар хуваари лагдсан.
-Та аав, ээжтэйгээ хэзээ уулзав. Та нарт амралт өгдөг байсан уу?
-Одоогийнх шиг ээлжийн амралт энэ тэр гэж байсныг мэдэхгүй ээ. 1957 онд намайг Бэрхийн уурхайд ажиллаж байхад аав минь эргэж ирлээ. Надтай хамт сар гаруй байж байгаад буц сан. Муу аавыгаа амьсгал хураахад нь хажууд нь байж чадаагүй дээ одоо ч харамсдаг юм. Аав минь жин тээдэг хүн байлаа. Их хол явна аа, хаа байсан Оросын Бийск хүрсэн гэдэг юм. Ирэхдээ ганц охиндоо чихэр, жимснээс эхлээд их ховор сайхан эд авчирч өгдөг сөн. Жин тээж явах замд нь оросууд мах, борц гуйгаад, оронд нь мөнгөн зоос өгдөг байж. “Тэр оросууд чинь яасан ч ядуу, зүдүү хүмүүс байдаг юм. Өвс ногоогоор л голоо зогоодог бололтой. Өрөвдөөд замын хүнснээсээ өгсөөр байтал сүүлдээ өөрсдөө идэх хоолгүй болохдоо тулж байж нутгийн зах хүрлээ” гэж ярьж байхыг нь сонссон. Авчирсан мөнгөн зоосоо хайлуулаад надад иж бүрэн эмээл, хазаар, бүс хийлгүүлж өгсөн. Эвэршиж хагарсан гартаа хонины сүүлний тос түрхээд галд ээгээд суудагсан. Муу аавдаа ганц дориухан бээлий ч болтугай оёод өгдөггүй л байж.
Ингэж яриад С.Нацагсүрэн эмээ уртаар санаа алдаж, чимээгүй суув. Би ч түүнээс дахин элдэв зүйл асууж түвдсэнгүй, хэсэг бодолд автсан эмээ “Одоо болов уу” гэсэн шиг толгойгоо өндийлгөж, “Хүү минь Дарханаар дахиж ирвэл манайхаар орж байгаагаарай. Манайх хэзээнээсээ л орсон, гарсныг хооллож ундалдаг, олонтой айл” хэмээв.
Улаанбаатарт ирснийхээ дараа Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын санхүү, татварын хэлтэст насаараа ажиллаад өдгөө гавьяаныхаа амралтад суугаа С.Энхмэндтэй холбоо барьж, Баян модотын уурхайд ажиллаж байсан орос хоригдлуудын талаар мэддэг хүн нутагт нь байгаа, эсэхийг асууснаар зааж өгсөн хоёр өндөр настантай ярив.

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын төв. Баян модотын гянтболдын уурхайн орос офицер, дарга нарын байшин. Финландын чанасан дүнзээр барьсан гэх эдгээр байшин бараг 80 жил болж байна. 2026.02.05

Баян модотын гянтболдын уурхай.

Орос хоригдлуудыг хорьж байсан шорон. Цэнхэрмандал сумын төв
Фотог Ц.Батбаатар
Ц.БАДАМСҮРЭН (Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын иргэн, өндөр настан):
-Миний багад манай суманд “хоригдлууд юм гэнэ лээ” гэсэн орос хүмүүс уурхайд ажилладаг байсныг санаж байна. Тэр үед манай сумынхан охид, эмэгтэйчүүдийг малд ганцааранг нь явуулдаггүй, оросууд их аймаар хүмүүс шүү, тэднээс хол яваарай гэж ярьдаг сан. Модотод хэдэн байшин байсныг, уурхайн орос дарга нарынх гэдэг байсан санагдана. Нэг зун аав, ээжтэйгээ байж байтал манайд эсгий ачсан машинтай орос хүн ирж, хурга руу заагаад юм хэлээд байх юм. Аав дохио зангаагаар ярилцаж байснаа, “Ачиж яваа эсгийгээ хургаар сольё гээд байх шиг байна” гэж ижийд хэллээ. Ижий “Боль боль, эдэнтэй наймаа битгий хий. Ямар айлын гэр нүцэглэсэн ч юм билээ, хулгайн л юм байгаа биз” гээд хориглож байна. Тэгсэн аав “Өлсөж ядарсан амьтас л биз, хөөрхий. Эсгийгээ сураад хүн ирвэл өгчихье” гээд гурав, дөрвөн төлөг барьж өгөөд нөгөө эсгийнүүдийг нь буулгуулан авч байсан юм. Миний санаанд энэ явдал л тод үлдэж дээ.
Н.БОЛД (Цэнхэрмандал сумын иргэн, өндөр настан):
-Би бага байж, манай суманд ажиллаж байсан хоригдол оросуудын талаар хөгшчүүлийн ярихыг л сонссон төдий. Дайны дараа, 1949 онд орж ирсэн гэдэг юм. Манай суманд 2000 гаруй хүнтэй орос тосгон байсан юм биш үү. Чулуу буталж, тээрэмддэг зургаан фабрик, дарга, энгийн ажилчдынх нь орон сууц, дэлгүүр хоршоо гээд 200 шахам байшин, барилга байсан гэж хөгшүүл ярьдаг. Уурхайгаас чулуу зөөдөг маш олон сомсмоол (өөрөө буулгагч) өдөр шөнөгүй хөлхдөг байсан гэсэн. Ямар сайндаа л зүүн тийш нүүж яваа малчид зам хөндлөн гарах гэж өдрийн хагас хүлээх нь энүүхэнд байж. Цай, хоолных нь цагаар хөдөлгөөн арай багасах үед явдаг гэхээр машин тэрэг завсаргүй хөлхдөг байсан болж таарах нь. Оросуудын барьсан дүнзэн байшингийн зарим нь одоо хүртэл сумын төвд байгаа. Миний мэдэхийн орос дарга нарын конторлодог хоёр давхар байшинд манай сумын сургууль, эмнэлэг, цагдаагийн хэсэг нэг үе байрлаж байсан. Финландын чанасан дүнзээр барьсан байшингууд юм гэсэн. Одоо хүртэл байхыг бодоход их бөх дүнз байж. Оросуудыг явсны дараа тэр байшингуудыг буулгаж, Чойр, Бэрх, Замын-Үүд рүү зөөж барьсан гэж дуулсан.
Д.Заяабат