Шинийн 1, 2-нд цаг агаар тогтуун сайхан байсан бол 3-ны оройноос эхлэн баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, зам, даваа хаагдав. Тодруулбал, хоёрдугаар сарын 20-нд Ховд, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Завхан аймагт цас орж, зарим газарт халтиргаа гулгаа үүсжээ. Хүчтэй цасан шуурганы улмаас Солонготын даваа хаагдсан бол Төв аймгийн 124-ийн даваанд халтиргаа гулгаа үүсэж, Жаргалантын тойрогт зам, тээврийн ноцтой осол гарсны улмаас Дархан, Зүүнхараа чиглэлээс ирэх хөдөлгөөнийг түр хязгаарласан байна.
Мөн бямба гаргийн өглөөнөөс төв, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч, ихэнх газраар хүйтний эрч эрс чангарч, үзэгдэх орчин хязгаарлагдав. Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Дорнод аймгийн зүүн хэсгээр цас орж, зарим газраар цасан болон шороон шуургатай байлаа. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баясгалантын даваа, Баян-Уулын авто замын эргэлтүүд цасанд дарагдаж, хаагджээ. Иймд Сүхбаатар аймгийн төвөөс болон Мөнххаан, Түмэнцогт сумын улсын чанартай замын гарах хөдөлгөөнийг түр хязгаарласан аж. Цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас Онгон, Наран, Дарьганга, Мөнххаан сумд цахилгаан тасар чээ. Түүнчлэн Говь-Алтай аймагт үзэгдэх орчин хязгаарлагдсан тул гарах хөдөлгөөнийг түр хязгаарласан гэнэ.
Харин өчигдрийн 12.00 цагийн байдлаар Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймаг болон Багахангай, Налайх дүүрэгт урьд шөнөдөө бага зэргийн цас орсон, Сүхбаатарын Мөнххаан сумд хүчтэй цасан шуургатай, Увс аймагт бага зэргийн цастай, Баянхонгор, Говь-Алтайд тэнгэр бүрхэг, бусад нутгаар цаг агаар тогтуун, хур тунадас ороогүй байна. Олон улс, улсын болон орон нутгийн чанартай авто замуудад хаагдсан зам, даваа байхгүй. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж буйг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв. Мөн энэ сарын 20-ны байдлаар зам, тээврийн ослын улмаас 19 хүн гэмтэж, гурван хүн нас баржээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад гэмтсэн хүний тоо ес, эндсэн хүн зургаагаар цөөн үзүүлэлт аж. 2025 онд согтуугаар жолоо барьсан 96 тохиолдол бүртгэгдсэн бол энэ онд 75 болж 21 хувиар буурчээ.
Ч.Туяа