Монгол Улс дахь өвлийн аялал жуулчлал гайхамшигтай өсөлтийг үзүүлж, энэ оны нэгдүгээр сард л гэхэд 44.7 мянга гаруй гадаад жуулчин хүлээн авсан тухай “TravelandTourWorld” цахим хуудас мэдээлэв. Аялал жуулчлалын зах зээлд тэсрэлт болсон хэмээн онцолж буй энэхүү амжилтад гол нөлөө үзүүлсэн орны аялагчдыг хятадууд (14 220) тэргүүлж, орос (11 538), өмнөд солонгос (10 254), япон (6043), герман (4103), филиппин, беларусь жуулчид удаалжээ. Говь, хангай, тал хээр хосолсон манай орны өргөн уудам нутаг, нүүдлийн соёл, өв уламжлал, ахуй амьдрал, өвлийн тэсгим уур амьсгал, цэнгэг агаарыг аялал жуулчлалын брэнд болгон төрийн бодлого, аж ахуйн нэгжүүдийн маркетингийн шийдэл, олон талыг харуулсан өвөрмөц кампанит ажилтай хослуулбал цаашдаа ч гадаадын жуулчдын сонирхлыг татаж, тогтвортой өсөлтөө хадгална гэдгийг тэд онцолсон байна.
Аялал жуулчлалын шинжээчид “Ази, Европын болон бусад бүс нутгаас ч Монголын өвлийг сонирхож байгаа нь давуу тал. Гэхдээ жуулчдын хүсэл сонирхол, өсөлтийн урсгал нь байнгын, тогтмол зүйл биш. Монгол Улсыг өвлийн аялал жуулчлалын салбарт моодонд оруулах бүхий л өгөгдөл нь байхад энэ алтан үеийг ашиглаад дунд, урт хугацааны төлөвлөгөө, зорилго, зорилттойгоо уялдуулан хурдтай ажиллах хэрэгтэй. Өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, арга хэмжээнүүдээ төрөлжүүлэн, нутаг нутгийн соёлын онцлог, онгон байгалийн сонирхолтой маршруттай хослуулсан стратеги чухал” хэмээжээ. Манай хоёр хөршөөс гадна Өмнөд Солонгос, Герман, Японы жуулчид өвлийн аялал жуулчлал, адал явдал, амьд байгалийн сүр хүч, нүүдлийн соёлын өвөрмөц байдлыг бодитоор мэдрэхээр Монгол руу хошуурч буй гэнэ.
Г.Сансар