Зам, тээврийн яам (ЗТЯ)-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтохыг эрх мэдлээ урвуулан ашигласан, хахууль авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй билээ. Түүнтэй хамт хадам дүү Ч.Амгалантөгс, мөн хадам дүүгийнх нь нөхөр Г.Баатар нарыг яллагдагчаар тооцон цагдан хорьсон юм. Тэдэнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах саналыг Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлжээ. Улмаар цагдан хорих арга хэмжээг сунгах саналыг шүүгч хүлээн авахаас татгалзсан байна. Үүнийг нь НПГ-ын хяналтын прокурор эсэргүүцэж, тус шүүхийн ерөнхий шүүгчид хандсан бөгөөд энэ сарын 17-нд гомдлыг хянан хэлэлцээд яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9-1.3 дахь хэсгийн “Хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх үндэслэл бүхий баримт байгаа” гэх үндэслэл арилаагүй гэж дүгнэн шүүгчийн захирамжийг өөрчилж, яллагдагч Б.Насантогтох, Г.Баатар, Ч.Амгалантөгс нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгажээ.
Б.Насантогтох нь Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байхдаа “М Си Эс интернэйшнл” ХХК-ийн цахилгаан хангамж, техникийн нөхцөлийг өдөрт нь баталж, эхнэрийнхээ нэр дээр байгуулсан аж ахуйн нэгжтэй 5.5 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулах нөхцөл бүрдүүлсэн хэрэгт холбогдсон билээ. Уг хэрэгт нь түүний эхнэр Ч.Ариунтунгалагийн төрсөн дүү Ч.Амгалантөгс болон төрсөн дүү бүсгүйнх нь нөхөр Г.Баатар нарыг мөнгө угаах, үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон хэмээн яллагдагчаар татсан юм.