“Сүрээр дарагч” хэмээх гал морин жил гарав. Үүнтэй зэрэгцээд улс төр халах нь ч тодорхой боллоо. Учир нь энэ бол Ерөнхийлөг чийн сонгуулийн бэлтгэл жил. Цагаан сарын баярын босгон дээр Ерөнхийлөг чийн сонгуультай холбоотой байж болох хэд хэдэн ч үйл явдал өрнөв. Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл “Нээлттэй, цэгцтэй АН” аяныхаа хүрээнд нийслэл, орон нутагт ажиллаж, “Ардчиллын гэрэгэ” үнэмлэх гардуулж яваа юм. Улмаар тэрбээр МоАХны гишүүдэд гэрэгэ гардуулах ёслолд оролцож, УИХын гишүүн Х.Баттулгатай зэрэгцэн харагдсанаараа намынхаа гишүүд, дэмжигчдэд баахан шүүмжлүүлэв. Учир нь Ерөнхийлөгч асныг АНыг “хордуулагч” хэмээн үздэг хүн олон.
Мөн эрх баригчид буруу бүхнийхээ “эзэн”-ээр нэрлэдэг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж сүүлийн хоёр сар орчим өрнөсөн элдэв мэдээлэлд цахимаар тайлбар хийлээ. “Улс төрчид сэдвийн хомсдолд оржээ дээ” хэмээн “чимхэх”-ээ тэрбээр мартсангүй.
О.Цогтгэрэл: Намайг хэн нэгнээр овоглох хэрэггүй
АН-ыг үүсгэн байгуулсан гурван гол холбооны нэг нь МоАХ. Эдүгээ тус холбоог УИХ-ын гишүүн Х.Баттулга удирддаг. Холбоо нь нам дотроо тусдаа бүлэглэл болтол “газар авсан”. Тэгвэл МоАХ-ны гишүүдэд “Ардчиллын гэрэгэ” гардуулах ёслолд О.Цогтгэрэл АН-ын даргын хувиар оролцжээ. Тэгмэгц Х.Баттулгын хүн юм байна, түүний заавраар ажиллах нь, АН дампуурлаа гэх мэтээр хэсэг гишүүн, дэмжигч нь урам хугарав. Үүнд АН-ын дарга “МоАХ-ноос “Ардчиллын гэрэгэ” гардуулах ёслолд намайг урьсан, би намын даргын хувиар 30 байтугай гурван гишүүн цугласан арга хэмжээнд ч оролцох үүрэгтэй. Гэтэл Х.Баттулгын заавраар ажилладаг хүн, социалист, коммунист гэх мэтээр шүүмжиллээ. Нэг хүнтэй уулзлаа гээд түүний талынх болчихно гэж байхгүй. АН бол олон намын нэгдэл дээр байгуулагдсан хүчин. Тиймээс олон ургалч үзэлтэй гишүүдтэй, тэд нь ч бодлоо чөлөөтэй илэрхийлдэг. Тиймээс намын ямар ч бүлэг, клубээс зохион байгуулсан арга хэмжээнд цаг зав таарвал оролцсоор байх болно. Би УИХ-д хоёр дахиа сонгогдон ажиллаж байна. Анхнаасаа л бие даасан, баруун төвийн үзэл бодолтой байж, иргэн хүний эдийн засаг, улс төрийн эрх чөлөөг эрхэмлэдэг, нээлттэй, иргэний нийгмийг дэмжсэн байр сууриа илэрхийлсээр ирсэн. Энэ зүг чигээсээ хэзээ ч хазайж явсангүй. 10-аад жилийн өмнө Н.Алтанхуяг Ерөнхий сайдын үед намайг бас түүний хүн гэдэг л байсан. Саяхан АНУ-д болсон олон улсын арга хэмжээнд оролцохдоо Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой тааралдаад мэнд мэдсэн. Гэтэл Ц.Элбэгдоржийн хүн гээд л яриад эхэлсэн. Би өөрийн толгой, үзэл бодолтой хүн. Тиймээс хэн нэгнээр намайг овоглож, элдэв шошго наахгүй байхыг хүсье” гэсэн тайлбар хийжээ.
Тэгмэгц гишүүд нь санаа амрав. АН-ын гишүүнчлэлийн тоог 500 мянгад хүргэх тухай яриандаа тэрбээр “2024 оны сонгуулиар АН 438 мянган иргэний санал авсан. Цөөнх болсон. Одоо бид олонх болж, дангаар засаглахын тулд багадаа 600 орчим мянган иргэний саналыг авах хэрэгтэй. Тэгж байж бодлогоо хэрэгжүүлнэ. Үүний тулд ардчилсан үзэл баримтлалыг дэмждэг хүний тоо багадаа 500 мянга байх хэрэгтэй гэж тооцсон учраас тэгж хэлсэн. Түүнээс социализмын үеийн намын хатуу гишүүнчлэлийг дэмжихгүй, бидний “Ардчиллын гэрэгэ” бол ардчилсан үзэл баримтлалыг дэмждэг иргэдийн тоог олон болгох агуулгатай” гэв.
Тус намынхан гишүүнчлэл, бүртгэлээ дуусгаад дотоод сонгуулиа зохион байгуулна. Намынхаа бүх шатны удирдлага, төлөөллийн төв байгууллага болох Үндэсний бодлогын хороонд нөлөөллөө нэмэхийг бүх л фракц, бүлэглэлийнхэн нь эрмэлзэж буй. Учир нь удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд хэн сайн дэмжлэгтэй нь л нэрээ дэвшүүлж чадах юм. Тиймээс энэ сунгаанд АН доторх бүлэглэлүүд ач холбогдол өгч, хэдийн “ажиллагаагаа” эхлүүлсэн гэж буй. Тэдний нэг нь МоАХ буюу Х.Баттулгын талынхан. Тиймээс л АН-ын гишүүд намын даргаа аль нэг тийш хэлбийж, “атганд” нь орчих вий хэмээн эмээж буй аж. Бас Х.Баттулгын бүлэглэл ялж, түүний хүн Төрийн тэргүүнд гарчих вий гэсэн айдас энэ намынханд байдаг билээ.
Эрх баригчдын мөнхийн сэдэв-Ц.Элбэгдорж
Улс төрийн хүрээнд Ц.Элбэгдорж бол мөнхийн сэдэв ажээ. Ардчилсан хувьсгал ялснаас хойш 36 жилийн 28-д нь эрх барьж буй МАН-ынхан хийж чадаагүй, бараагүй, хүсээгүй бүхнийхээ буруутнаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг нэрлэдэг. Ялангуяа өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “хийсвэр дайсан” нь тэр байв. Түүний өөрийн хийх ёстой ч чадаагүй ажлыг шүүмжлэхэд л “Ц.Элбэгдоржийг баривчил, тэр буруутай” гэсэн эсрэг жагсаал зохион байгуулж, нийгмийн сүлжээгээр энэ нэрийг сөхөж гаргадаг байлаа. Гэхдээ МАН-ын дарга, Засгийн газар солигдсон ч энэ хүн тэдний мөнхийн сэдэв хэвээр үлджээ.
Сүүлийн бараг хоёр сарын турш “Жефри Эпштэйний файлууд”-ын тухай яриа гарч буй. Америкийн санхүүч байсан энэ эр өөрийн харшид дэлхийн баячууд, улс төрчид, оддыг цуглуулан элдэв хууль бус, гаж үйлдэл хийдэг байжээ. Тэнд хүүхдийн мах иддэг тухай мэдээлэл ч гарсан юм. Мөн оролцогчдын үйлдлийг нууцаар баримтжуулж, дараа нь түүгээрээ барьцаалан эрхдээ байлгадаг ч гэдэг. Түүний харшид цуглаж, гаж үдэшлэг, арга хэмжээнд нь оролцсон хүмүүсийн дотор Монголын улс төрчид байгаа тухай шуугив. Тэдний нэг нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гэнэ. Үүнтэй зэрэгцээд түүнийг өргөж авсан 20 гаруй хүүхдээ яасан бэ, тэд сураггүй болчихлоо хэмээн эрэл сурал болов. “Ц.Элбэгдорж тэр хүүхдүүдээ шарж идсэн” гэсэн хүн итгэхийн аргагүй яриа ч гарч, шүүлтүүргүй хэсэг нь итгээд амжлаа. УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара ч энэ сэдэвт хошуу дүрж, хүүхдүүдийг хайхаа мэдэгдэв. Ирцийн бүртгэлээ тэрбум төгрөгөөр зардаг хүн оролцоод эхлэхээр л энэ бүхэн зорилготой гэдэг нь тодорхой болж байгаа юм. Хэн уг сэдвийг сэвж, ямар хүмүүс оролцож байна гэдгээс нийгмийн олонх нь дүгнэлт хийдэг болсон. Эрх баригчид ээлжит “сэвээ”-гээ хийж байгааг тэд гадарлана.
Тэгвэл энэ бүхэнд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Цагаан сарын өмнө цахимаар хариулт өгсөн байна. Тэрбээр клабхаусын “Эрх чөлөөний өрөө”-ний урилгыг хүлээн авч, асуултад хариулжээ. Х дээр ч бичгээр тайлбар хийсэн байна лээ. “НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр янз бүрийн хүрээнд олон арга хэмжээ, зоог, хүлээн авалт болдог. Тэр үеэр л Жефри Эпштэйнтэй тааралдаж, албаны хэдэн үг сольсноос өөрөөр нүүр тулаагүй. Эпштейн нарын монгол агент намайг “тэрслэгч” гэж бичсэнийг харсан. Түүний муу үйлдэлд миний байр суурь маш тодорхой. Шүгэл үлээгч, хохирогчдын эрх ашгийг хамгаалах, тэр муухай сүлжээний бүх баримтыг ил болгох, хууль зөрчсөн хэнтэй ч бай хариуцлага тооцож, дахин үл давтах хэрэгтэй гэж үзэж байна” хэмээжээ. Мөн “Хүүхдүүд бүгд сайн байгаа. Тэд энэ асуудалд ямар ч хамаагүй. Бүгд тусдаа ажил, амьдралтай. Хэний ч үрс адилхан, хэл амнаас хол байсан нь дээр. Арай дэндүү гүтгэх юм. Надаас зарим нь юунд ингэтлээ айдаг байна аа. Сэдвийн хомсдолд ороод сандрав уу” гэв. Тэрбээр эхнэрийн хамт 26 хүүхдийг асрах газраас ангиар нь өргөн авч, 10-аад жил хамт амьдарч, өсгөжээ. Тэр зууртаа ар гэрийнхнийг нь хайж, заримынх нь өвөө, эмээ, аав, ээж, холын хамаатныг олсон гэнэ. Өөрөөр хэлбэл, өсгөөд, ар гэрт нь хүлээлгэж өгсөн гэсэн тайлбарыг клабхаусын өрөөнд ярилцахдаа хэлсэн байна лээ.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Үндсэн хуулийн дагуу нэг удаа Төрийн тэргүүнээр ажилласан хүн дахин сонгуульд нэр дэвших эрхгүй. Тиймээс энэ сунгаа түүнээс холуур өнгөрнө. Гэхдээ л төрийн эрхийг тасралтгүй барьж буй МАН-ынхан түүнээс айсаар байдаг нь сонин. Ямар нэг асуудал гарвал түүний нэрийг сөхөж, үндсэн сэдвээ мартуулах тактик хэрэглэсээр уджээ. Харин өнөөх нь Стэнфордын их сургуульд урилгаар лекц уншиж, олон улсын арга хэмжээнд оролцсоор яваа аж. Одоо олон улсын авлигын эсрэг шүүх байгуулах ажилд идэвхтэй оролцож байгаа гэсэн. Мөн олон улсын цөөнгүй байгууллагын зохион байгуулдаг арга хэмжээнд урилгаар оролцдог, заримынх нь Удирдах зөвлөлд багтдаг аж. Тэрбээр “Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байсан ямар ч хүн над шиг ийм ажил хийгээд явж болно шүү дээ. Намайг тэгж их санагалзаад байгаа бол Х дээр дагачих, инстаграмаар ойрхон байя, фэйсбүүкээр ч уулзъя” гэжээ. Зугтсан, нуугдсан юмгүй гэсэн санаагаа ингэж илэрхийлсэн байна. Ардын баатар Э.Бат-Үүл бол Ц.Элбэгдоржтой холбоотой дээрх үйл явдлыг В.Путины явуулга хэмээн бичжээ. Ямартай ч түүнийг улс төрд дахин гаргахыг хүсэхгүй хүн олон байгаа бололтой.
Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл жил иймэрхүү шуугиантай, “дажин”-тай эхэллээ. УИХ-ын гишүүн, АН-ын дарга асан Л.Гантөмөр уг сонгуульд нэрээ дэвшүүлэхээ мэдэгдсэн. Тус намын угшилтай хүмүүс дотроо ийнхүү бужигнаж, нөгөө талаас нь тэднийг хагаралдуулах, нийгмийн тархи угаах “чулуу” ч шидсээр байна. Улс төр улам хална. Бүгдээрээ харин мэдээлэлд илүү шүүлтүүртэй, учир начиртай хандахдаа анхааръя.