Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн арванхоёрдугаар сарын 3-ны А/184 дүгээр тогтоолын дагуу уул уурхайн төсөл хэрэгжүүлэгчдэд хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалт хийснээ мэдээллээ. Уг ажлыг салбарын яам, Хүрээлэн буй орчны бодлого, үнэлгээний газар болон Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтайн Байгаль орчны газруудтай хамтран зохион байгуулж, эдгээр аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд, холбогдох төрийн байгууллагынхныг шалгалтад хамруулжээ.
Хяналт шалгалтад нийт 236 объектыг хамруулснаас 33 хувь нь байгаль орчны нарийвчилсан үнэлгээгүй үйл ажиллагаа явуулсан, 22 хувь нь уг үнэлгээгээр тавьсан шаардлагыг биелүүлээгүй, 44 хувь нь тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хуульд заасан хугацаанд батлуулаагүй, 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байв. Түүнчлэн ус ашиглах гэрээ, дүгнэлтгүйгээр үйл ажиллагаа явуулсан, ус ашиглагчийн үүргээ биелүүлээгүй, химийн бодисыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигласан, уг бодисын орлого, зарцуулалтын тайлан ирүүлээгүй, засвар, үйлчилгээний явцад гарсан тос, масло зэргийг лицензтэй байгууллагад нийлүүлээгүй, аюултай хог хаягдлыг зохих журмын дагуу цуглуулах, тээвэрлэх, хадгалах, устгах арга хэмжээг хангалтгүй хэрэгжүүлсэн гэнэ.
Төсөл хэрэгжүүлэгчид нийтээрээ дотоод хяналтын тогтолцоогүй байгаа нь дээрх зөрчил гарах үндсэн шалтгаан болсныг албаныхан хэлэв. Иймд уул уурхайн компаниудад байгаль орчны нөлөөллийн үнэлгээ боловсруулах, менежментийн төлөвлөгөө батлуулах, тайлагнах үүрэг өгч, аюултай хог хаягдалтай холбоотой тулгарч буй асуудлын талаар төрөөс баримталж буй бодлого, хууль, эрх зүйн талаарх мэдээлэл түгээж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, шаардлага хүргүүлсэн аж. Мөн химийн хорт болон аюултай бодисын хэрэглээ, хөрсний бохирдол, нөхөн сэргээлт, ус ашиглалттай холбоотой тулгамдаж буй асуудлуудаар төсөл хэрэгжүүлэгчидтэй өнгөрсөн баасан гарагт цахим хэлэлцүүлэг зохион байгуулжээ.
О.Ундрах