Монголын парламентын “хар толбо” болсон гишүүний ээлжит жүжиг энэ өдрүүдэд өрнөж байна. Түүний зуслангийн байранд хулгай орж, баахан архи, мөнгөн аяга зэрэг эд зүйл нь алга болжээ. Цагдаагийн байгууллага хэргийг шалгаж эхэлсэн, буруутныг ч тогтоох биз. Гэвч тэрбээр лайв хийн хашхирч “Энэ бол ахуйн хулгай шиг харагдуулахаар зохион байгуулсан хэрэг. МСS, Ц.Элбэгдорж нарын явуулга” гэлээ. Өөрийгөө хэтэрхий өндрөөр үнэлжээ.
Тэр бол УИХ дахь жижиг намын жагсаалтаар сонгогдсон, хар хэл амнаас өөр юу ч үгүй, мэдлэггүй нэгэн гишүүн. Ядаж санаачилсан тоймтой хуулийн төсөл ч үгүй. Товчхондоо бол тэр улс төрийн зохион байгуулалттай явуулгын “бай” болоход хэтэрхий жижигдэнэ. Харин түүний “мятаршгүй” заргач, хэрүүлч авир, хэмжээлшгүй бүдүүлэг үг, үйлдэл, эрүүл биш байж мэдэх увайгүй байдлыг нь “зэвсэг” болгон ашиглах бүлэглэл олджээ.
М.Нарантуяа-Нара ээлжит тэрбум төгрөгөө “захиалагч”-аасаа авч, нөгөөдүүл нь ямар нэг хэргээ анхаарлаас холдуулах зорилгоо биелүүлэх байх. Гэвч ийм ёс зүйгүй үйлдэл нь улс оронд алсуураа асар их хор учруулж буйг тэд ухамсарлахгүй. Түүний удаа дараагийн үйлдлээс үүдэн жагсаалт, эмэгтэйчүүдийн квотыг эргэж харъя, татгалзъя хэмээн зарим нь ухуулах болов. Монголын эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийг “гудамжны” авир, сэтгэхүйтэй хэдэн эмэгтэйн үйлдлээс болж хасах ёсгүй юм. Тэд тийм хэмжээний үнэ цэнтэй биш.
ҮНЭ ЦЭНГҮЙ Ч ХОР ИХТЭЙ ГИШҮҮН
Анхны 126 гишүүнтэй парламентад сэтгэл зүйн хувьд эрүүл бус байж мэдэх, ёс зүй, төлөвшлийн үнэр ч үгүй бүлэг хүн орж ирснийг бид өнгөрсөн хоёр жилд хангалттай харж байна. М.Нарантуяа-Нара бол тэдний нэг. Түүнийг шүүмжилж, жирийн иргэн биш, хууль тогтоогч, төрийн өндөр албан тушаалтан болсныг нь сануулж, үг, үйлдлээ цэгнэхийг анхааруулсан хүмүүст “Би ямар Хөгжлийн банкийг тонож, нүүрсний хулгай хийсэн биш. Тэр хүмүүсээ хэл” хэмээн оодордог. Гэтэл тогоотой сүүнд дусал нимбэгний шүүс хийхэд л гашилдгийг мартаж болохгүй. Монголын нийгмийг Нара яг л ингэж хордуулж байна. Түүний үйлдлийн сөрөг нөлөө эх орны баялгаас хэдэн их наядаар нь хулгайлж “идсэн” хүмүүсийн гэм буруутай дүйнэ. МАН доторх Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын талынхан төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого хийж, Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах үед Нара ирцээ тэрбум төгрөгөөр зарсан гэдэг. Дөнгөж амаржсан атлаа идэвхийлэн ирж, бүртгүүлчихээд явсан. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хууль баталж, асуудал шийдэх биш, хувийн амьдралаа өөд татахад ашигладаг, тэр тусмаа ийм увайгүй аргаар “арилжиж” буйгаараа түүний гэм дээрх луйварчидтай хангалттай тэнцэнэ.
Уг нь УИХ-ын гишүүн бүр ёс зүйн дүрмээ дагах үүрэгтэй. Тус дүрмийн 2.1.5-д “Биеэ авч явах, шударга байдлаараа үлгэр дуурайл үзүүлэх”, 3.2-т “Бусдын нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн, хүндэтгэлтэй хандах, бусдыг гэмт хэрэгт холбогдуулан гүтгэх, доромжлохыг цээрлэнэ”, 3.8-д “Гишүүн үзэл бодол, байр сууриа илэрхийлэхдээ албан ёсны эх сурвалжийг баримтлах ба олон нийтийг төөрөгдүүлэх, үндэслэлгүй мэдээлэл хийхийг хориглоно”, 3.9-д “Гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хувийн ашиг сонирхлоор хэн нэг, хэсэг бүлэг хүн, байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжихийг хориглоно” гэжээ. Ерөөс л Нарагийн гаргадаг бүх үйлдлийг УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмээр хориглосон. Гэвч түүнд эдгээр заалтыг биелүүлэх сэтгэл зүй, ухамсрын чадамж алга. Тийм ч учраас “Ёс зүйгээ хошногондоо чих” гэж хээв нэг хэлээд сууж байна.
Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд Нараг энэ бүхнийх нь төлөө эгүүлэн татах үндэслэл байхгүй. Тэгэхээр тэр үлдсэн хоёр жил орчимд ч нийгэм, парламент дахь “хорт хавдар” болсоор дуусна. Гэхдээ бид түүнээс ёс зүйн зарчмаа, хууль дүрмээ мөрдөхийг шаардсаар байх учиртай. Бас галзуурлыг нь өдөөхгүй, үзэхгүй, түгээхгүй байх нь иргэн бүрийн үүрэг болоод байна. Харин УИХ-ын ёс зүйн дэд хороо түүний удаа дараагийн бүдүүлэг, эрүүл бус гэмээр авир, үйлдлийг шүүж, хариуцлага тооцох ёстой. Ёс зүйг өгзгөндөө биш, тархиндаа суулгах ёстойг нь ойлгуул. Үүнийг бид шаардах эрхтэй.
ТЭД БОЛ ДЭВШЛЭЭС УХРАХ ШАЛТГААН БИШ
Парламент дахь “галзуучууд”-ын нэг нь гишүүн Ц.Мөнхтуяа. Нийгмийн сүлжээгээр тэр ч мөн Нарагаас дутахааргүй хараал, бүдүүлэг үг цацаж суудаг. Өөрийг нь шүүмжилсэн, үнэнийг нь дэлгэсэн хүмүүсийг “Ална” хэмээн шуудхан сүрдүүлдэг юм билээ. Багш мэргэжилтэй тэрбээр боловсрол түгээгчдийг парламентад төлөөлнө гэж гарч ирсэн ч хаа нэг цалин нэмэх тухай ярьж, салбарын сайдыг нь шүүмжлэхээс хэтэрсэнгүй. Ийм авир, хандлагатай хүн бидний хүүхдэд багшилж байсан гэж бодохоор эмгэнэл. Бас л ирээдүй хойчийн оюун санааг хордуулж байсан “гэм”- тэй гэсэн үг. Тэрбээр АН-ын жагсаалтын 16-д бичигдэж, УИХ-ын гишүүн болсон юм.
Жагсаалт цааш МАН-ынхнаар үргэлжилнэ. УИХ-ын гишүүн болохдоо улс төрчид “УИХ-ын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлоос ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэхүү тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн төрийн сүлдэнд тангараг өргөдөг. Гэвч Үндсэн хуулиа сөрдөг бүлэг манай парламентад бий. Өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн өрнөсөн МАН-ынхны талцал тэднийг таниулсан билээ. Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахын тулд Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын бүлэглэлийн гишүүд Үндсэн хуулиа зөрчиж, төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого хийсэн. Аравдугаар сарын 16, 17-ны өдрийн чуулганыг удирдсан гишүүн Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөнийг Цэц тогтоож, УИХ-ын дэд даргаас нь огцруулсныг уншигчид мартаагүй. Одоо ч түүнийг хуулийн байгууллага шалгаж буй. Ирц бүрдээгүй чуулганыг цаг сунгасан, пүрэв гаргийн ирцийг шинэчлэлгүйгээр үргэлжлүүлсэн гээд тэд бүлэглэлийн эрх ашгийнхаа төлөө Үндсэн хууль, бусад хуулийг зөрчин зүтгэсэн байдаг. Тэдний олонх нь жагсаалтаар сонгогдсон, бас эмэгтэй гишүүн байсан нь нийгэмд мөн л сөрөг сурталчилгаа болов.
Ардчилсан хувьсгал ялснаас хойш эмэгтэйчүүдийн оролцоог шийдвэр гаргах түвшинд нэмэхийн төлөөх тэмцэл өрнөсөн юм. Нийгмийн эсэргүүцэл, доромжлол, сэтгэхүйн ялгаварлал, санхүүгийн бэрхшээл, гэр бүлийнхны дарамт шахалт гээд олон саад бэрхшээлийг даван байж ёс зүйтэй эмэгтэй улс төрчид шан татсан. Иргэний нийгмийн байгууллагууд хамтран зүтгэсэн. Эцэст нь 33 жилийн дараа буюу 2023 онд УИХ-ын сонгуулийн тухай хуульд арай гэж нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэгтэй байх, намын жагсаалтад хүйсээр сөөлжүүлэх заалтыг оруулж чадсан билээ. Энэ бол том дэвшил. Хуулийн ийм дэмжлэгийн ачаар өнөөдөр парламентын бүрэлдэхүүний 25 хувийг эмэгтэйчүүд эзэлж, Монгол Улс Азийн дундаж үзүүлэлтээс даваад байна. Намын жагсаалтад хүйсээр сөөлжүүлдэг болсны ачаар М.Нарантуяа-Нара, Ц.Мөнхтуяа, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, М.Мандхай, О.Саранчулуун нар иргэдийн шууд бус саналаар парламентын босгыг давсан. Эл заалт байгаагүй бол Нараг ИЗННынхан жагсаалтынхаа хоёрдугаарт бичих байсан уу. Ийм олон эмэгтэй гишүүн парламентад сонгогдох уу гэдгийг ч бодох ёстой юм. Харин жагсаалтаар голдуу сонгогдсон эдгээр эмэгтэй хайр даасангүй. Тэглээ гээд тэднийг дэвшлээс ухрах шалтгаан болгох ёсгүй.
НАМЫН ДАРГАД Л АСУУДАЛ БИЙ
Гэхдээ энэ бол хууль, тогтолцооны буруу биш. Намын жагсаалтыг иргэд биш, дарга нь эрэмбэлдэг. МАН-ын дарга байхдаа Л.ОюунЭрдэнэ жагсаалтад улс төрөөс ангид залуусыг оруулна гэсэн. Үндсэн хуулиа зөрчихөд гар бие оролцсон 1980-аад оны бүлэглэл ийм замаар бий болсон юм. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ бодлогоор ёс зүйгүй, Үндсэн хуулийг ч үл тоох тэнэг зоригтой, увайгүй хүмүүсийг голдуу сонгож, жагсаалтдаа эрэмбэлжээ. Өөрийнхөө эрх ашгийг хамгаалуулах тохиролцоотойгоор сонгосон эдгээр “бууны нохой” нь ч ажлаа сайн хийж. Гэвч тэд хуулийн ямар ч хариуцлага хүлээсэнгүй.
“Шилэн” хэмээх хочтой, дэд сайд асан Б.Цогтгэрэл намд нь “олигтой” эмэгтэй улс төрч байхгүй, тиймээс жагсаалтад хүйсээр сөөлжих, нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэгтэй байх заалтыг эргэж харъя гэжээ. Хуульч О.Батхүү ч ингэж уриалах болсон байна. 100 гаруй жилийн түүхтэй МАН-д А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, М.Мандхай, О.Саранчулуун тэргүүтнээс илүү ёс зүйтэй, боловсорсон, бэлтгэгдсэн, бүлэглэлийн эрх ашгаас улсынхыг илүүд үзэх чадамжтай эмэгтэйчүүд байгаа. Ичих булчирхайтай, ёс зүйтэй, бас мөнгөгүй учраас магад тэд намын жагсаалтад багтаж чаддаггүй байх. МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо саяхан Их хурлаа хийж, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяаг ерөнхийлөгчөөрөө сонгосон. Энэ том намаар овоглосон эмэгтэйчүүдийг дээрх хэдхэн ёс зүйгүй хүнээр төлөөлүүлчихээд дуугүй суух гэж үү. Тэгэхээр шинэ ерөнхийлөгч нь эмэгтэйчүүдийнхээ нэр төрийг сэргээхийн төлөө ажиллах хэрэгтэй байна. Бас МАН-ын дарга солигдсон учраас болж өнгөрсөн үйл явцаас сургамж авч, жагсаалтад эрэмбэлэхдээ сэтгэл зүйн эрүүл мэнд болон ёс зүйн өндөр шалгуур тавих ёстой. Нийгэм үүнийг шаардаж байна. Төрийн эрхийг хууль бусаар авахад оролцсон дээрх эмэгтэй гишүүд болон манлайлах үүрэг гүйцэтгэсэн П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир тэргүүтнийг ч дахин нэр дэвшүүлэхгүй байхыг бид шаардах эрхтэй юм. Төр бол тоглоом биш.
АН, ИЗНН-ынхан ч өнөөдөр тохиолдож буй “гамшиг”-аас сургамж авах ёстой. Ц.Мөнхтуяа шиг бүдүүлэг, ёс зүйгүй гишүүн АН-ын түүхэнд байсангүй. Хаа очиж тус намд харьцангуй ёс зүйтэй, хэзээ, хаана, юу ярихаа мэддэг, ичих булчирхайтай эмэгтэйчүүд түлхүү байдаг. Энэ жишгийг багш гишүүн л эвдчихээд одоо намынхан нь хүртэл эгүүлэн татахыг шаардаж буй аж. АН-ын дарга О.Цогтгэрэл Цагаан сарын өмнө эл гишүүнийг дуудаж уулзан сануулга өгсөн байна лээ. Гэхдээ өнөөх нь “засаршгүй” л дээ. Тэгэхээр дараагийн сонгуулиар ийм дийлдэшгүй бүдүүлэг хүмүүсийг жагсаалтдаа дахин бүү оруул.
ИЗЗН-ын дарга Б.Батбаатар бол одоо хийсэн сонголтдоо харамсдаг гэдэгт итгэлтэй байна. Мартагдаж явсан намынхаа нэрийг Нарагийн шударга, тэмцэгч, ганц бие ээжийн дүрийг ашиглаад өөд татахыг тэр хүссэн. Санаснаа ч авч, нам нь парламентад дөрвөн төлөөлөлтэй болсон. Гэвч УИХ-ын босгоор давмагц л өнөөх “галзуу” нь даргаа шүүмжилж, нам руугаа үсчээд унасан юм даг. Тэгмэгц дэд даргын албан тушаалаас нь буулгасан. Үүнээс хэтэрч чадсангүй, үнэндээ үг хэлэхээс ч айдаг биз. Угийн даруу төлөв Б.Батбаатар гишүүн одоо хаширсан, дараагийн сонгуулиар жагсаалтад Нараг лав оруулахгүй байх. Гэвч ИЗНН-ын нэр хүндийг Нара гайгүй сайн унагасан тул дараагийн сонгуулиар энэ нам парламентад төлөөлөлтэй болж чадах болов уу даа.
Хүн амын 52 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг улсад шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоо зайлшгүй. Хэдийгээр сонгогдсон хүмүүс дотор нь энэ мэт увайгүй, ёс зүйгүйчүүд багтаж, сөрөг ойлголт түгээж буй ч тэд Монгол Улсын хүн амын талаас илүү хувийг төлөөлөхгүй. Тэднээр шалтаглан хуульд оруулсан дэвшилт заалтаасаа ухрах эрх бусдад нь ч үгүй. Харин намын дарга нар шалгуураа дээшлүүл, эмэгтэйчүүдээ бэлтгэ. Учир нь холимог тогтолцоо нийгмийн төлөөллийг хангах, олон намын тогтолцоог бүрдүүлэхэд хамгийн өгөөжтэй хувилбар билээ.