Д.Заяабат
Монголын үндэсний өдөр тутмын анхны чөлөөт хэвлэл “Өнөөдөр” сонин 1996 оны есдүгээр сарын 20-нд ууган дугаараа өлгийдөж авснаас хойш даруй 30 он улирч, өдгөө 8000 гаруй “дүүтэй” болжээ. “Хэн сэтгэж байна, түүнд зориулав” уриатай “Өнөөдөр” сониныг үүсгэн байгуулагч, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Ц.Балдорж агсан “Сэтгүүлчийн ажил арилжаа наймаанаас илүү үнэтэй, улс төрөөс илүү хүчтэй, бусдыг уриалан дуудах агуу урлаг билээ” хэмээсэн нь манай редакцын бодлого, үйл ажиллагаа, мэргэжлийн зарчим, алсын харааг өнөө хэр тодорхойлсоор буй.
Анхны 32, 36, 40, 44, 48, 64 нүүрээр хэвлэгдсэн сонин, анхны өнгөт, нарийн форматтай, секцийн зохион байгуулалттай, фото студитэй, цахим хувилбартай гэхчлэн Монголын орчин цагийн сэтгүүл зүйд олон анхдагчийн шанг татсан “Өнөөдөр”ийн түүхийг бүтээлцсэн эрхмүүд 30 жилийн ойгоороо төрөлх сониндоо бичиж байна.
Олон сая хүнийг хилсээр цаазалж, шорон гянданд хорьж, хэлмэгдүүлсэн Зөвлөлтийн дарангуйлагч И.В.Сталин “Цэргийн олзлогдогч гэж байх ёсгүй, миний тушаалгүйгээр нэг ч алхам ухарч болохгүй, хэрэв бууж өгч, ухарваас тэд бол эх орноосоо урвагч” хэмээн тушааж байжээ. Дайсныхаа давуу хүчинд бүслэгдэж, хоол хүнс, сум, галт хэрэгсэлгүй болсноос арга буюу цагаан туг өргөсөн олон зуун мянган бие бүрэлдэхүүн нь генералисмусийнхаа энэ тушаалаас үүдэн цэргийн гэмт хэрэгтэн болж, хамгийн чанга шийтгүүлснийг бид дайны түүхээс мэдэх билээ.
Дайсанд олзлогдсон хүү Яков Жугашвили (1941 онд германчууд олзолсон, их бууны офицер, ахлах дэслэгч)-дээ хүртэл их удирдагч эцэг нь өршөөлгүй хандаж, оросуудын баривчилсан фельдмаршал Ф.Паулюс (Сталинградын тулалдааны үеэр оросууд баривчилсан)-ээр солилцох германчуудын саналаас татгалзсан байдаг. Нэгэнт өөрсдөд нь хэрэггүй болсон Яковыг оргохыг завдсан гээд 1943 оны дөрөвдүгээр сарын 14-нд хорих газарт буудан хороосон юм.
Дэлхийн II дайны үед Волховын фронт командлагчийн орлогч, дэслэгч генерал А.А. Власов германчуудад гараа өргөснөөр бууж өгөгсөд, урвагчдыг власовчууд гэх болжээ. Дайны дараа байгаль, цаг уурын хамгийн хүнд нөхцөл дэх бүтээн байгуулалт, төмөр зам, уурхайнуудад власовчууд гэгдэх цэргийн олзлогдогсод, ГУЛАГ-ийн улс төрийн хоригдлуудыг ажиллуулж, тэдэнтэй хүний ёсноос гадуур харилцаж байсан гэдэг. Гэхдээ дайсандаа бууж өгсөн болгоныг аргагүй байдалд орсон, Ерөнхий командлагчийнхаа тушаалын золиос, хэлмэгдсэн гэж үзэх нь өрөөсгөл билээ. Эх орон, ард түмнийхээ эсрэг тулалдсан урвагч хэдэн арван мянга байсан юм.
Х.Чойбалсаны хүсэлтээр 1947 онд ажлыг нь эхлүүлсэн Наушки-Улаанбаатарын төмөр замын бүтээн байгуулалтад ГУЛАГ-ийн 75 мянга шахам хоригдлыг Монгол руу илгээснээс 3000 гаруй нь цэргийн гэмт хэрэгтэн байсан гэдэг. Тэдний дунд ЗХУ-ын баатар хэд хэд байжээ. Энэ ажлыг “Байгууламж 505” гэж нэрлэх болсон байна. Үүнээс үүдэн манайхан 505 дугаар армийнхан гэж нэрлэдэг байсан бололтой. Монголд ирүүлсэн хоригдлуудыг төмөр замаас гадна уурхайд ч ажиллуулжээ. 1949 онд дээрх чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулсныхаа дараа хоригдлуудыг буцааж, 45 мянга шахмыг нь сулалсан гэдэг мэдээ бий. Харин Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум дахь Баян модотын гянтболдын уурхайд 1956 он хүртэл Зөвлөлтийн цэргийн болон улс төрийн хоригдлууд ажиллаж байж.
5”-ынхны талаар манай Үндэсний болон ТЕГ, БХЯ-ны архивт ямар нэг баримт, зураг сэлт бараг байдаггүй гэх. Оросууд ч баримт гэхээр юм үлдээгээгүй бололтой. Өөрийн олж мэдсэн болон хоригдол оросуудтай уурхайд ажиллаж, одоо сэрүүн тунгалаг байгаа цорын ганц гэж болох хөгшний ярилцлагыг манай дараагийн дугаараас уншаарай. Монголд ял эдэлж асан хоригдол, цэргийн олзлогдогчдодоо оросууд ихэд харгис ханддаг байжээ. Оргож боссон (ЗХУ-ын баатар, ахлах дэслэгч, халимаг үндэстэн Сусаев. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум дахь Баян модотын гянтболдын уурхайд ажиллаж байхдаа зургаан хоригдлын хамт оргож, хөвчид гарчээ. Түүнийг дөрвөн жилийн дараа илрүүлж, баривчлах үеэр алагдсан гэдэг) цөөнгүй тохиолдлын талаар мэдэх хүмүүс ярьсан байдаг.
МОНГОЛ ААВ, ЭЭЖИЙН ОРОС ХҮҮ
Бид хоёр Улаанбаатар-Сайншандын чиглэлийн суудлын галт тэрэгний группийн буюу цагдаагийн купенд элдвийг ярилцсан шигээ явав. Төмөр замынхан түүнийг Орос Жагаа гэдгээр нь тэр үед мэддэг байсан юм даг. Хаанаас нь ч харсан орос хүн л дээ. УБТЗ-ын Орон сууцын ангид шиг санаж байна, инженер ч бил үү, техникч ч бил үү, ямар ч гэсэн сантехниктэй холбоотой ажил хийдэг гэсэн. Түүнтэй галт тэргэнд хэд хэдэн удаа таарч байсан тул зүс мэдэх, мэндлэх төдий танил. Төмөр замын өртөө, зөрлөгийн аль нэгийг хэлээд тийшээгээ “Ажлаар явж байна аа л” гэдэг сэн. Харин энэ удаа тэрбээр “Сайншандад ажилтай, купендээ хийх юм олддоггүй, зам хорж өгдөггүй ээ. Танай цагдаагийн купенд жаахан суувал болох уу” гэсээр орж ирэв. Тэр үед галт тэргэнд цагдаа явдаг (одоо ч хэвээрээ) байв даа. Тэр өдөр галт тэргээр зорчигч цөөн, элдэв асуудал бага байсан тул бид хоёрт “буу халах” боломж олдов.
Миний өссөн нутаг Дархан хотод местный гэх орос олон байлаа. Би Жагааг тэдний нэг гэж бодоод “Та местный орос уу” гээд асуучихлаа. Танилцсан хүн болгон ингэж асуудаг юм аа гэсэн шиг мушийснаа “Үгүй ээ, би монгол аав, ээжийн орос хүү” гэж хэлээд чимээгүй болов. Сониуч зан хөдөлж “Тийм үү, тэгвэл нөгөө цагаантнуудын үр удам уу” гэсэнд бас л “үгүй ээ” гэж хэлэхдээ эгдүүцсэн нь илт мэдэгдэв. Ямар учиртайг нь асуусанд “Урт түүх дээ” гээд дуугаа хураан цонхоор харж сууснаа “Чи нээрээ сонирхоод байгаа юм уу” гэв. “Сонсъё л доо, хоёулаа хийх юмгүй яваа юм чинь” гэсэнд доорх зүрх зүсэм түүхийг ярьсан билээ.
-Миний аав Улаан армийн офицер, ээж минь цэргийн эмнэлгийн сувилагч байсан гэдэг юм. Эх орны дайны үеэр фронтод танилцаж гэр бүл болсон бололтой. Хаана байлдаж явсныг нь би мэдэхгүй шүү дээ. Ямар ч гэсэн дайсанд олзлогдож, бууж өгсөн хэргээр Зөвлөлтөд ял эдэлж байгаад нөгөөх 505, Власовын армийнхан гэсэн нэр хоч зүүж, Монголд цөлөгдөн, төмөр зам тавих ажилд дайчилагдаж байжээ. Би хаана төрснөө мэдэхгүй. “Төмөр зам тавьж байсан хоригдлуудын дунд нялх хүүхэдтэй нэг орос эмэгтэй байсан” гэж намайг өсгөсөн монгол ээж минь ярьж өгсөн. Орос хоригдлуудын шоронд ээж гаднах байрны жижүүр хийдэг байж. Тэгээд нялх хүүхэдтэй тэр орос эмэгтэйд сүү, мах, даавуу энэ тэрхэн хааяа өгдөг байсан юм гэнэ лээ. Орос ээж минь түүнд их баярладаг байж. “Хэл нэвтрэлцэхгүй ч бид хоёр дохио зангаагаар бие биеэ ойлгодог байсан” гэж ээж хожим надад ярьсан юм. Хэдий хугацаа өнгөрсөн ч юм мэдэхгүй, нэг их хүйтэн, цасан шуургатай шөнө орос хоригдлуудыг байрнаас нь гаргаж жагсаагаад, баахан юм болж байгаад хаашаа ч юм туугаад явжээ. Яг тэр шөнө миний монгол ээж ээлжтэй байж таарч. Жижүүрийн байр нь өндөр шаттай, гадна талбай гэрэлтүүлэгтэй тул юу болж байгааг дээрээс нь харах боломжтой байсан юм байлгүй. Нөгөө орос эмэгтэй хүүхдээ тэврээд жагсаж байхдаа жижүүрийн байрны цонхоор юу болоод байгааг ажиглаж зогссон ээж рүү байн байн хараад байж. “Одоо яадаг юм бол, нялх амьтан нь даарч хөрөх вий дээ” гэж ээж санаа зовон бодож зогссон гэсэн. Буутай, нохойтой цэргүүдээр туугдаж гарахдаа нөгөө орос эмэгтэй жагсаалаас хоцорсоор байгаад хамгийн сүүлд явж, хөвөнтэй хүрэмд өлгийдсөн хүүхдээ үнсээд зам дээр орхин, ээж рүү далласаар явсан гэдэг юм. Ээж байрнаасаа гүйхээрээ гарч, тэр хүүхдийг авсан нь би юм шүү дээ.
Ингэж л монгол аав, ээжийн орос хүү болсон. Тэд минь намайг юугаар ч дутаагаагүй өсгөсөн. Дүү ч дагуулсан. Сайн явж, хүний зэрэгтэй амьдарч байна гэсэн билээ.
Орос аав, ээжээ сураглаж байв уу гэхэд “Би Орост сурч, мэргэжил эзэмшсэн. Хойно сурч байхдаа олон хүнтэй уулзаж, битүүхэндээ асуудаг байлаа. Орос аав, ээжийн зураг хөрөг гэх юм үлдээгүй. Орос чинь Монгол биш шүү дээ, тэр олон зуун сая хүн дотроос нэр ус, зүс царайг нь ч мэдэхгүй хүнийг олно гэдэг бухал өвсөн дотроос зүү эрэхтэй адил. Ямар нэг сураг гаргаж чадаагүй ээ.
Бидний дунд ийм нэг яриа болоод олон жил өнгөрчээ. 1996 онд, “Ардын эрх” сонины сурвалжлагч болоод хоёр жил болж байсан юм даг. Орос Жагаагийн ярьсан дээрх түүх санаанд орж, түүнтэй уулзахаар Төмөр замынхнаас сургийг нь гаргаж, гэр орныг нь заалгаж, утасных нь дугаарыг хүртэл олж авлаа. Холбоо барьж, нэр усаа хэлбэл таньж байна аа. “Ардын эрх” сонинд надтай ойролцоо үед сурвалжлагчаар ажилд орсон, их эмч мэргэжилтэй Г.Мөнхнасанг дагуулаад оройхон Жагаагийнд очлоо. Гэр нь Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн баруун урд талын Г хэлбэрийн дөрвөн давхар шар орон сууцын булангийн орцонд байв. Бид дөрвөн жилийн дараа дахин уулзаж байгаа нь энэ. Сайншанд хүрэх галт тэргэнд ярьсан түүхийг чинь дахин сонсохоор ирлээ. Одоо бол сонсоод өнгөрөх биш, сониндоо бичмээр байна гэхэд “Уг нь болохгүй юм алга. Ганц л юм байна. Хоёр хөгшний бие их чилээрхүү болсон. Ийм үед тэр түүхийг сонинд гаргах хэрэг байна уу даа. “Аав, ээжийн бие муу байхад ах гэнэт яагаад ийм юм ярив гээд дүү нар гайхах байлгүй. Дараа болъё” гэв. Төрүүлсэн хүүхэд шигээ өсгөсөн аав, ээж нь насан өндөр болж, бие нь чилээрхээд байгаа үед шахаад яах вэ гээд бид тэднийхээс явсан билээ.
Энэ явдлаас хойш олон жил өнгөрч. Орос Жагаатай уулзаж, өрөвдөлтэй, басхүү сонирхолтой түүхийг нь яриулахаа сонины цаг наргүй ажлаасаа болоод мартжээ. Жил гаруйн өмнө Власовын армийн тухай уншиж байхдаа түү нийг саналаа. Утасных нь дугаарыг тэмдэглэсэн дэвтрээ хайгаад олсонгүй. Гэр нь байсан Төмөр замын дөрвөн давхар шар орон сууц ор мөргүй болж, суурин дээр нь өндөр байшин сүндэрлэжээ. УБТЗ-ын Ахмадын хороонд ажиллаж байсан нэгэнтэй холбоо барьж, орос Жагааг сураглавал “Аан тийм, санаж байна. Яг нэг дор ажиллаж байгаагүй болохоор сайн мэдэхгүй. Түүнийг нас барсан гэж сонссон. Сураглаж байгаа хүнийг тань таньж магадгүй нэг хүн бий” гээд холбоо барих утасны дугаар өглөө. Тэр дугаараар нь залгавал өндөр настай болов уу гэмээр эмэгтэй утас авав. “Жагаа нас бараад нэлээд хэдэн жил болж байна. Хүүхдүүд нь хаана, юу хийдгийг мэдэхгүй, одоо таних ч үгүй болсон биз. Харин эхнэртэй нь тээр жил нэг таарсан. Нэг хүүхэд нь гадаадад амьдардаг гэнэ лээ. Өвөлдөө хүүхдийндээ байж байгаад зундаа цөөн хоногоор Улаанбаатарт ирдгээ ярьж байсан. Энэ жил ирсэн, эсэхийг мэдэхгүй” гээд утсаа салгасан.
Хэд хоногийн өмнө УБТЗ-ын Ахмадын хорооныхонтой холбоо барьж, орос Жаагаагийн тухай баримт байгаа, эсэхийг, ар гэрийнхнийх нь утасны дугаар энэ тэр байх болов уу гэвэл, “Тэр үеийн хүмүүсийг таньж мэдэх хүн одоо бараг байхгүй дээ” гэдэг хариу сонсов. Ингээд миний эрэл мухардаж, тухайн үед яриаг нь тэмдэглэж аваагүйдээ өөрийгөө зэмлэж сууна.
Үргэлжлэл нь дараагийн дугаарт