Дэлхийн газрын зураг дээрх хамгийн эртний бөгөөд нэр хүндтэй наадам болох 61 дэх удаагийн Венецийн дүрслэх урлагийн биенналь ирэх тавдугаар сарын 9-нд хөшгөө нээнэ. Спортоор зүйрлэвэл олимпын наадамтай дүйцэхүйц энэхүү арга хэмжээ нь зөвхөн уран бүтээлчдийн цугларалт бус, улс орнуудын соёлын бодлого, оюун санааны дархлаа, дэлхий нийтэд тулгамдаж буй асуудалд анхаарал хандуулах бодит хандлагыг тодорхойлдог томоохон талбар юм.
Монгол Улс энэхүү тавцанд дуу хоолойгоо хэрхэн хүргэж ирсэн, цаашид бидэнд ямар боломж нээгдэж байгааг эргэцүүлэх нь соёлын салбарын хөгжилд нэн чухал ач холбогдолтой. Тиймээс оролцох баг, уран бүтээлчдийг сонгон шалгаруулахдаа ил тод, мэргэжлийн зарчмыг чанд баримтлах учиртай. Түүнчлэн урлаг судлаач, кураторуудын оролцоог нэмэгдүүлж, бүтээлийн үзэл санаа, агуулгад голчлон анхаарах хэрэгтэйг салбарын мэргэжилтнүүд онцолж байна. 61 дэх удаагийн Венецийн дүрслэх урлагийн биеннальд Монгол Улсыг төлөөлөн оролцох уран бүтээлчдийн бүрэлдэхүүнийг хэдийн тодруулжээ. Уг наадамд “Монголын Биенналийн сан”-гаас нэр дэвшүүлсэн зураач Г.Гэрэлхүү, Б.Номин, Д.Дорждэрэм, Ё.Төгөлдөр нар эх орноо төлөөлөн оролцох бол Монгол Улсын павильоны куратораар Индиана их сургуулийн багш, урлаг судлаач, доктор Ц.Уранчимэг ажиллахаар болсон юм. Тэд бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, өөрийн гэсэн өвөрмөц илэрхийлэмж бүхий орчин үеийн урлагийн мастерууд билээ. Ингээд 61 дэх удаагийн Венецийн биеннальд эх орноо төлөөлөн оролцох уран бүтээлчдийг танилцуулъя.
Контемпорари болон куратор хэмээх ойлголтыг онолын түвшинд тодорхойлсон эрхэм
Энэхүү багийг зангидаж буй куратор, доктор Ц.Уранчимэг нь Монголын дүрслэх урлагийн салбарт контемпорари болон куратор хэмээх ойлголтыг онолын түвшинд тодорхойлж,
мэргэжлийн шинэ чиг хандлагыг нутагшуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судлаач юм. Тэрбээр Монголын дүрслэх урлагийн түүх, онолыг дэлхийн тавцанд сурталчлан таниулахад голлох үүрэг гүйцэтгэж буй эрдэмтэн бөгөөд түүнийг Ардын зураач, Төрийн шагналт, нэрт урлаг судлаач Н.Цүлтэмийн охин гэдгээр нь монголчууд андахгүй.
Нийгмийн тулгамдсан асуудлуудыг монгол зургийн аргаар хөнддөг
Уран бүтээлч Б.Номин нь монгол зургийн уламжлалт арга барилыг орчин цагийн нийгэм, улс төрийн эгзэгтэй сэдвүүдтэй чадварлаг хоршуулан харуулдгаараа онцлогтой. Мөн тэрбээр уламжлалт зургийн техникээр дамжуулан дэлхий дахины нөхцөл байдал дахь Монголын нийгэм, улс төрийн томоохон өөрчлөлтийн явцыг хөнгөн егөө, хоржоонтой байдлаар дүрслэх нь элбэг. Түүний бүтээлүүдэд залуу үеийн танин мэдэхүйн дотоод зөрчил, уламжлалт болон орчин үеийн хэв маяг хоорондын мөргөлдөөн гол сэдэв болдгоороо онцлогтой юм.
Б.Номин нь Дүрслэх урлагийн дээд сургуулийн монгол зургийн ангийг 2005 онд төгссөн. Тэрбээр олон улсын түвшинд хэдийн танигдсан уран бүтээлч бөгөөд ХБНГУ-ын Кассель хотноо болсон “Documenta 14”, Тайландын “Bangkok art biennale”, Бразилын Куритиба хотын “Oscar niemeyer 14” зэрэг орчин үеийн урлагийн наадамд бүтээлүүдээ амжилттай сойсон туршлагатай нэгэн.
Уламжлалт соёлын дархлааг хадгалагч
Зураач Г.Гэрэлхүүгийн хувьд томоохон хэмжээний зотон бүтээлүүдээрээ дамжуулан хүний сэтгэл зүйн төлөв байдал, археологийн олдвор болон орчин үеийн поп соёлын хэлхээ
холбоог тод өнгө, драматик дүрслэлээр илэрхийлдэг. Түүний бүтээлд технологийн нөлөөлөл, уламжлалт соёлын дархлаа алдагдах зэрэг нийгмийн хурц сэдвүүд мөнхийн эрэл хайгуул болон тусгагддаг байна. Тэрбээр голчлон акрилик болон бэхэн будгаар зотон дээр бүтээлээ туурвидаг ч даавуу, цаас, төмөр зэрэг төрөл бүрийн материалыг чөлөөтэй ашигладаг. Хутга, сэлэм, галт зэвсэг зэрэг дүрслэл түүний бүтээлд чухал байр суурь эзлэх бөгөөд агуулгаасаа хамаараад олон талт бэлгэдэл, утга санааг илэрхийлдгээрээ онцлогтой. Г.Гэрэлхүү өөрийн бүтээлүүдээ Австралийн QAGOMA, Японы “Fukuoka Asian аrt triennale” тэргүүтэй олон улсын томоохон үзэсгэлэнд дэлгэснээс гадна Герман, Бельги, Хятад, Хонконг, Япон, Солонгос, АНУ, Австрали, Болгар зэрэг оронд үзэсгэлэнгээ толилуулж байв.
СоЁлын Өвийг дижитал эрин Үед “амилуулагЧ”
Уран бүтээлч Ё.Төгөлдөр нь технологийн дэвшлийг мультимедиа урлагтай хослуулан, “Хан харангуй” туульс зэрэг соёлын биет бус өвийг дижитал хэлбэрт
шилжүүлэн туршдаг нь олон улсын кураторуудын анхаарлыг ихэд татсаар ирсэн. Тэрбээр СУИС-ийн монгол зургийн ангийг 1997 онд төгсөж, улмаар 1999-2004 онд ХБНГУ-ын Берлиний Урлагийн их сургууль, 2014 онд АНУ-ын Колумбын их сургуульд дүрслэх урлагийн чиглэлээр тус тус суралцаж төгсжээ.
2005 оноос хойш чөлөөт уран бүтээлчээр ажиллаж буй тэрбээр хар зураг, баримал, гэрэл зураг, дижитал хэвлэлт, видео болон медиа зэрэг олон төрлийн арга техник, хэлбэрээр бүтээлээ туурвидаг. Ё.Төгөлдөр нь Монголд төдийгүй олон улсын хэмжээнд 60 гаруй бие даасан болон хамтарсан үзэсгэлэнд оролцсон туршлагатай. Хамгийн сүүлд 2023 онд Монголын уран зургийн галерейд “Шаталсан малтлагын гаднах энээмэр” хэмээх бие даасан үзэсгэлэнгээ толилуулсан юм. Уг үзэсгэлэнд дэлгэсэн түүний “Минагийн дуу” хэмээх медиа бүтээл нь мина шувууны жиргээ мэт сонсогдох боловч угтаа Монголын туульсын сор болсон “Хан харангуй”-н газар зүйн мэдээллийг дижитал хэлбэрт хөрвүүлэн, хурдасгасан бичлэг байлаа.
Эсгий, баримлын хэлээр орон зайн “дҮрвэгсдийг” эрэлхийлэгч
Д.Дорждэрэм нь эсгий болон холимог техник, баримлын төрлөөр дамжуулан өрнө, дорныг холбосон өвөрмөц дүрслэлийг бүтээдэг нэгэн. Тэрбээр хүн, байгаль
болон орон зай хоорондын харилцан хамаарлыг өөрийн өнцгөөс гүнзгийрүүлэн илэрхийлдэг. Түүний бүтээлүүд хүмүүсийн мэдэрч буй дотоод сэтгэл хөдлөл, нийгмийн өөрчлөлтийг орчин үеийн сэтгэлгээгээр тусган харуулдгаараа онцлогтой. Нийгэм хүнийг оюун санааны хувьд тодорхой хэв шинжид барихыг эрмэлзэн, тулгаж буй энэ үед байгаль, орон зайд “дүрвэгсэд” хэрхэн орших боломжтойг тэрбээр уран бүтээлээрээ дамжуулан илэрхийлдэг байна.
Дэлхийн Чиг хандлага ба Монголын боломж
Сүүлийн жилүүдэд Венецийн биеннальд уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн тэгш бус байдал, цагаачлал, дижитал шилжилт болон хиймэл оюун зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй суурь асуудлуудыг хүчтэй хөндөх болов. Түүнчлэн өмнө нь олны анхаарлаас орхигдсон бүс нутгууд, эмэгтэй уран бүтээлчид болон уугуул соёлын төлөөлөл илүү өргөн хүрээнд оролцож эхэлсэн нь урлагийн ертөнц олон төвт үзэл рүү тэмүүлж буйг илтгэх шиг. Манай орны хувьд нүүдлийн соёл иргэншил, байгаль дэлхийтэй харилцах уламжлалт гүн ухаан, орчин цагийн нийгмийн хувьсал зэрэг нь олон улсын тавцанд сонирхол татах асар их нөөц юм. Гагцхүү эдгээр агуулгыг орчин үеийн урлагийн хэлээр хэрхэн хөрвүүлэн илэрхийлэх вэ гэдэг нь манай куратор, уран бүтээлчдийн ур чадвар, сэтгэлгээний цар хүрээнээс шууд хамаарна.
Бид эл наадамд 2015 онд анх удаа албан ёсоор хөл тавьсан түүхтэй. Үүнээс хойш тасралтгүй оролцож, үндэснийхээ павильоныг дэлхийн үзэгчдэд толилуулсаар иржээ. Өөрөөр хэлбэл, энэ нь зөвхөн тухайн зураачийн бүтээлийг дэлгэх бус, Монголын нүүдлийн соёлын өвөрмөц байдлыг дэлхийн тавцанд тунхаглаж буй хэрэг. Биеннальд тогтмол оролцсоноор Монголын дүрслэх урлагийн салбар дэлхийн нөлөө бүхий урлаг судлаач, куратор болон олон улсын томоохон хэвлэл мэдээллийн анхаарлын төвд орох боломж бүрддэг. Ингэснээр салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлээд зогсохгүй, монгол уран бүтээлчдийн бүтээлийн үнэ цэнийг олон улсын зах зээлд өсгөхөд чухал байр суурь эзэлдэг гэнэ. Мөн оролцох эрх болон зардлыг ихэвчлэн хувийн хэвшил, олон улсын байгууллага, хандивын эх үүсвэрээс бүрдүүлдгээрээ онцлогтой. Гэвч цаашид тогтвортой оролцоог хангахын тулд төрийн зүгээс бодлогоор дэмжих, санхүүжилтийн оновчтой механизмыг бүрдүүлэх шаардлагатай байгааг мэргэжилтнүүд онцлох аж.
Түүнчлэн уг биеннальд дэлгэсэн бүтээлүүдийг албан ёсоор худалдан авахыг хориглодог бөгөөд энэхүү дүрмийг 1986 онд оюутнуудын эсэргүүцлийн улмаас хэрэгжүүлж эхэлжээ. Энэ нь урлагийг арилжааны хэрэгсэл болохоос сэргийлж, үзэл санааны өрсөлдөөн хэвээр үлдээх зорилготой юм. Ингэснээр уран бүтээлчид зах зээлийн эрэлтэд бус, хүний оршихуй, байгаль орчин, нийгмийн шударга ёсны төлөөх чин эрмэлзэлдээ хөтлөгдөн бүтээлээ туурвих боломж бүрддэг байна.
Венецийн биенналийн ердийн үзэсгэлэнгүүдээс ялгарах гол онцлог нь бие даасан, чөлөөт элементүүдээс бүрдсэн нүсэр бүтэц юм. Эл наадам үндсэн гурван хэсгээс бүрдэх бөгөөд тус бүр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Нэгдүгээрт, төв павильон буюу үндсэн үзэсгэлэн. Энд тухайн жилийн ерөнхий куратор дэлхийн өнцөг булан бүрээс очсон шилдэг уран бүтээлчдийг урьж, өөрийн консепцын дагуу үзэсгэлэнгээ дэлгэдэг. Өөрөөр хэлбэл, энэ хэсэг тухайн жил дэлхийн урлагийн өнгө төрхийг тодорхойлох гол хэмжүүр болдог гэсэн үг. Хоёрдугаарт, улс орон бүр өөрийн павильон түрээсэлж, үндэснийхээ уран бүтээлчдийг дэлхий нийтэд танилцуулдгаараа онцлогтой. Хамгийн анх 1907 онд Бельги улс павильоноо нээснээс хойш өдгөө 90 орчим орон тэнд өөрийн гэсэн соёлын талбартай болоод байна. Гуравдугаарт, “Collat-eral еvents” буюу дагалдах арга хэмжээнүүд. Эдгээрийг бие даасан байгууллага, сангуудын санаачилгаар зохион байгуулдаг бөгөөд залуу уран бүтээлчид болон шинэлэг туршилтуудад асар том орон зай олгодог билээ.
Биенналийн хамгийн дээд шагнал болох “Алтан арслан”-г гардах нь уран бүтээлчийн хувьд дэлхийн хэмжээний од болон гялалзах үүд хаалгыг нээдэг. Энэхүү хүндтэй шагналын эзэд олон улсын томоохон музей, галерейгаас урилга авч, тэдний бүтээлүүд хүн төрөлхтний урлагийн түүхийн салшгүй өв болон үлддэг билээ. Густав Климт, Салвадор Дали, Пабло Пикассо, Йоко Оно зэрэг алдартан энэхүү тавцанд өөрийн мөрөө үлдээсэн түүхтэй бөгөөд монгол уран бүтээлчдэд ч мөн энэ жимээр алхаж, дэлхийн урлагийн шастирт нэрээ мөнхлөх боломж бүрдээд буй билээ.
Э.Сүйлэн