Тослог ихтэй сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь тэнэгрэх өвчин, тэр дундаа альцгеймерийн эмгэг тусах эрсдэлийг бууруулдаг болохыг Шведийн эрдэмтэд 25 жилийн турш 28 мянган хүнийг хамруулсан судалгаагаараа тогтоожээ. Тэд насанд хүрсэн 27 670 оролцогчийг дунд наснаас нь өтлөх хүртэл ажиглахад энэ хугацаанд оюуны чадамж доройтох 3208 тохиолдол бүртгэгдсэн байна. Өндөр илчлэг бүхий бяслаг, цөцгий тогтмол хэрэглэдэг хүмүүсийн дунд дээрх эмгэг ховор тохиолдсон ч үр дүн нь хүн бүрд ижил байсангүй.
Тухайлбал, альцгеймерийн эрсдэлийг нэмэгдүүлдэг гений өөрчлөлтгүй бүлгийнхэн өдөрт 50 граммаас дээш тослогтой бяслаг хэрэглэхэд үүгээр өвчлөх магадлал нь огт хэрэглэдэггүй хүмүүсийнхээс 13-17 хувиар бага байжээ. Харин уг эрсдэлийг өдөөдөг “APOE e4” гений хувилбартай хүмүүст бяслагийн хэрэглээ онцгой нөлөө үзүүлээгүй аж. Мөн өдөрт 20 граммаас дээш хэмжээтэй цөцгий идэх нь тэнэгрэх магадлалыг 16-24 хувиар бууруулдаг болох нь ажиглагджээ. Сонирхолтой нь, тослог багатай сүү, тараг болон бусад исгэсэн бүтээгдэхүүний хэрэглээ болон оюун ухааны хомсдолын хооронд тодорхой уялдаа холбоо илрээгүй аж. Гэсэн ч мэргэжилтнүүд бяслаг, цөцгий нь тархийг шууд хамгаалдаг гэж дүгнэхэд эрт байгааг сануулав. Учир нь судалгаанд хамрагдсан тослог ихтэй сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчид ихэвч лэн өндөр боловсролтой, илүүдэл жингүй, зүрх судасны өвчингүй, чихрийн шижингийн хувь багатай байсан нь тархины эрүүл мэндэд эергээр нөлөөлсөн байх магадлалтай гэнэ. Тиймээс тодорхой нэг төрлийн хүнснээс илүү тэйгээр амьдралын эрүүл, зөв хэв маягийг мөрдөж, тэнцвэртэй хооллох нь оюуны чадамжийг хадгалахад хамгийн чухал аж.
Э.Сүйлэн